Цусаар бичигдсэн аюулгүй байдлын дүрэм

Цусаар бичигдсэн аюулгүй байдлын дүрэм

Цусаар бичигдсэн аюулгүй байдлын дүрэм

Япончуудын хувьд 2024 он хатуухан эхэллээ. Шинэ оны эхний өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр дахь өдөр нь таван хүний аминд хүрсэн онгоцны осол болов.

Тодруулбал, Токиогийн Ханэда нисэх онгоцны буудалд Японы агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн “Airbus A350” онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн. Ослын улмаас эргийн хамгаалалтын онгоцонд явсан зургаан хүний тав нь нас барсан харамсалтай үйл явдал боллоо. Гэхдээ “Airbus A350”-ын 379 зорчигч бүгд эсэн мэнд үлдсэн нь гайхамшиг юм.

Онгоцны осолтой холбоотой мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч хөлгийн багийнхан зорчигчдоо аюулгүй нүүлгэн шилжүүлж чадсан нь дэлхийг шуугиулахын зэрэгцээ Японы аюулгүй байдлын стандарт, япон соёлыг тодотгож байна. “Japan Airlines” компани аюулгүй байдлын стандартыг япон соёлтой хослуулж чадсан учир олон зорчигчийн амийг аварч чадсан гэж шинжээчид дүгнэв.

Чухамдаа 40 орчим жилийн өмнө болсон аймшигт осол “Japan Airlines”-ийг өдий хэмжээний аюулгүйн стандарттай компани болгожээ.

Аймшигт ослыг эргэн санавал, 1985 оны наймдугаар сарын 18-нд Токиогоос Осака чиглэлд нисэх байсан 123 дугаар нислэгийн техникийн ажилтнууд алдаа гаргаж, 524 зорчигчоос 520 нь амь үрэгдэж байв. Энэ нь өнөөдрийг хүртэл агаарын тээврийн түүхэнд хамгийн олон хүн нас барсан ослуудын нэгд тооцогдож байна.

Угтаа бол энэ осол “Japan Airlines”-аас бус Боингийн техникийн ажилтнуудаас болсон гэдэг.

Гэвч япон соёлоор тэд хариуцлагаа үүрч, дахин ийм зүйл тохиолдохгүй байхыг хүссэн. Тэд аливаа зүйл буруугаар аргэвэл эндээс юуг сурч болох вэ гэдгийг нь хардаг. Бүх зүйлийг сайжрах боломж гэж хардаг.

2005 оноос тус компани ажилтнууддаа ослын талаар эргэн сануулж байх зорилгоор компанийн төв байранд сүйрсэн онгоцны хэсгүүд болон түүхийг харуулсан булантай болжээ. “Алдаа гаргах гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс ажилд ордог. Аюулгүй байдлын төлөө ямар их хүчин чармайлт гаргадаг гэдгийг хүн бүр ойлгох ёстой” гэж компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Өдгөө 40-өөд жил өнгөрсөн ч тэр нэгэн сүйрэл компанийн соёл, сэтгэхүйд хүчтэй нөлөөлсөөр байна.

Мягмар гарагийн осолд хэн буруутай нь тодорхойгүй байгаа ч нүүлгэн шилжүүлэлт амжилттай болсон нь компанийн хувьд үнэхээр эерэг зүйл юм. Хүмүүс “Japan Airlines”-ыг сонгодог шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэж үзэв.

“Japan Airlines” нь “Airlineratings.com” цахим хуудаснаас жил бүр гаргадаг дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудын жагсаалтад тогтмол ордог. “Тус компани нь долоон одтой агаарын тээврийн компани гэдгээрээ өндөр үнэлгээ авсан. Аюулгүй байдлын томоохон шалгалтыг бүгдийг нь давсан компани. Түүнчлэн Японы агаарын тээврийн аюулгүй байдлын зохицуулагч хяналтын найман шалгуурын дагуу дэлхийн дунджаас илүү сайн ажилладаг” гэж “Airlineratings.com”-ын ерөнхий редактор Жеффри Томас хэлжээ.

Хөөрөх зурваст нэвтрэх нь нисэх онгоцны хувьд “ховор боловч сүйрлийн аюултай” үйлдэл. Хөөрөх зурваст янз бүрийн агаарын тээврийн компанийн онгоцууд, газрын операторууд холхилдож байдаг тул аюулгүй байдлыг хангах нь нэн чухал ажил болдог.

Онгоцны хэмжээ томрох тусам аюулгүй байдлын журам улам боловсронгуй болжээ. Үүнийг дагаад бүх зорчигчийг 90 секундын дотор нүүлгэн шилжүүлэх боломжтой болсон байна. Гамшиг ослын үед агаарын хөлгийн үйлчлэгчид ахмадын заавар тушаалыг хүлээлгүйгээр нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлэх боломжтой болсон. Ингэснээр ганц гэлтгүй секундыг хэмнэх юм.

Өөр улсад болсон харамсалтай ослуудаас дурдвал, 2019 онд “Аэрофлот”-ын онгоц Москвад газардах үеэр онгоц шатаж, 73 хүнээс 41 нь амиа алдсан. Мөн 1980 онд Саудын Арабын 163 дугаар нислэг Эр-Риядад ослын буулт хийсэн боловч нисгэгчид нүүлгэн шилжүүлэх тушаал өгөөгүйн улмаас 301 зорчигч бүгд утаанд хордож нас баржээ. Их Британийн “Airtours” онгоц 1985 онд хөөрөх зурвасаас амжилтгүй хөөрсөн. Онгоц хөөрөх зурваст зогссоор гал сөнөөгчид ирэх хооронд 55 зорчигч утаанаас болж нас баржээ.

Энэ мэтчилэн нисэх онгоцны осол болгон энэ салбарт ажилладаг хүмүүсийн хувьд сургамж болдог.

Нисэх онгоцны аюулгүй байдлын зөвлөмжүүд орчин үеийн онгоцны загвар, онцлог шинж чанарыг дагаад өөрчлөгдөх болсон. Гарцуудын эргэн тойронд хангалттай зай талбайтай болсон. Шалны дагуу гэрэл асна. Гарцан дээр хүн сууж байгаа эсэхийг бүхээгийн багийнхан тогтмол шалгаж байна. Гарцны тэмдэг тэмдэглэгээ ойлгомжтой, тодорхой болсон. Бүхээгийн материалууд ч өөрчлөгдсөн. Эдгээр бүх хүчин зүйл нь амжилттай нүүлгэн шилжүүлэлтэд нөлөөлнө.

Дээр дурдсан Их Британийн онгоцны хувьд бүхээгийн хийцэд орсон материал нь хурдан утаа гаргадаг байжээ.

Ослын үед зорчигчид агаарын хөлгийн үйлчлэгчдийг хүнсний үйлчилгээний ажилтан бус аюулгүй байдлын сайтар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд гэдгийг санах хэрэгтэй аж.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан стандартын дагуу агаарын тээврийн бүхээгийн багийнхан жил бүр яаралтай нүүлгэн шилжүүлэх дадлага хийдэг. Өмнөх үеийн сургалтуудаас ялгаатай нь синтетик утаагаар дүүргэсэн орчин зэрэг өөр өөр бодит орчинд дадлагаа хийдэг болжээ. Ингэснээр ослын үед зөн совингоо дагах бус оновчтой үйлдэл хийдэг аж.

Онгоц үйлдвэрлэгчид ч шинэ онгоц үйлдвэрлэхдээ онгоцыг 90 секундын дотор бүрэн нүүлгэн шилжүүлэх боломжтой гэдгийг батлах ёстой.

Ханэдад болсон ослын тухайд аюулгүй байдлын чанга стандартаас гадна япон соёлын нөлөөгөөр зорчигчид амьд үлдэж чадсан. Зорчигчид ихэнхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлаас илүү гар тээш, эд зүйлээ нэн тэргүүнд тавьдаг. Энэ нь агаарын тээврийн компаниудын хувьд сорилт, хүндрэл болдог аж.

Өнөөдөр 400 орчим япон хүн тийм аминч, бүдүүлэг зангүй гэдгээ нотлон харууллаа. Гар утас, зөөврийн компьютер зэргийн төлөө хэдэн 100 хүний аминд хүрэх сүйрлийг хэн ч хүсэхгүй биз ээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-04 103.212.116.216

Yos zui, uureg uhamsarlah baidlyn bodit shijee ene shuu. Yamar baharhamaar yum bee

Avatar

Бодит түүх 2024-01-04 59.153.85.132

Амьдралыг үзэж туулсан, зөв хүмүүжсэний үр дүн ийм сайхан, Мэдээлэл нээлттэй ийм сайхан нийгэмд бид ч суралцах ёстой

Avatar

н 2024-01-04 202.179.26.150

Тэвчээргүй монголчууд бол үүд рүү хашгиралдаж чихэлдээд, гар ачаагаа авч дайраад алаан болж, хүн гарч чадахгүй бүгд дуусна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж