МАН-ын гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяртаа гомдоод сүйд. Учир юу вэ гэвэл, УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр сонсголыг даргалсан Б.Энхбаяр гишүүн нэр алдрыг нь хулгайд хамаатуулан сэрдэж зарласанд МАН-ын гишүүд гомдолтой байгаагаа мэдэгдэж, зарим нь Үндсэн хуулийн цэцэд хандсан бол зарим нь цагдаа, Авлигатай тэмцэх газарт хүртэл хандаад амжжээ.
Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Б.Энхбаяр сайдыг УИХ-ын гишүүнийх нь хувиар Үндсэн хуулийн Цэцэд өгснөө өнөөдөр /2023.01.03/зарласан бол Б.Баттөмөр гишүүн хүүг нь нүүрсний асуудалд хутгасан асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсанаа мэдэгдээд байгаа юм.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний тээвэрт холбогдож, гүтгэсэнд харамч буйгаа шинэ он гарахын өмнө мэдэгдсэн.
Энэ янзаар бол УИХ-ын 2024 оны сонгууль болтол МАН дотор нүүрсний хулгай тойрсон гомдол тасрахгүй үргэлжилж, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь шинжээч нарынхаа хамтаар цагдаад “байцаагдаж” ч мэдэх нь ээ.
Уг нь энэ сонсголоор дамжуулж МАН-ынхан Ардчилсан намынхныг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө "агнаж" нэлээн очкав авна гэж тооцсон ч талаар болсон гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан оффтейк гэрээнүүд ихэвчлэн МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд батлагдаж, хийгдсэн. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэрээр "Тавантолгой түлш" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 78 саяас 125 сая төгрөгийн урамшуулал авсан зэрэг ноцтой асуудлууд яригдаж, ард түмний хилэнг хөдөлгөсөн. Тэр бүү хэл хил гаалиар 5,2 сая тонн буюу 17.5 их наяд төгрөгийн өртөгтэй нүүрсийг бүртгэлгүй гаргасан гэдэг асуудлыг сонсгол даргалсан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ