Сурвалжлага: Жолооч нар RFID наалгахаар 2-3 цаг дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Жолооч нар RFID наалгахаар 2-3 цаг дугаарлаж байна

Сурвалжлага: Жолооч нар RFID наалгахаар 2-3 цаг дугаарлаж байна
Нийслэлчүүд шинэ оны өмнө шатахууны эрэлд гарч, урт дараалал үүсгэсэн. Тэгвэл 2024 оны эхэнд жолооч нар тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ наалгахаар 2-3 цаг дугаарлаж байна. Учрыг нь жолооч нараас лавлахад 2024 оны нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлэх Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай холбоотой гэв. Тэдний хэлж байгаагаар тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгахгүй бол торгоно гэдэг мэдээллийг авсан.
Тийм учраас нэг өдрийн ажлаа алдан, олон цаг дугаарлаж байгаад бухимдаж байв.
Цахим гэрчилгээ наалгахаар дугаарлаж буй жолооч Ш.Баясгалан "Автомашины татвар, торгуулиа төлж, үзлэг оношилгоондоо хамрагдсан. Одоо цахим гэрчилгээ наалгах гээд хоёр цаг гаруй дугаарлаж байна. Ард түмнээ торгож, хааж, хязгаарласан бодлого шийдвэрийг гаргах юм. Өөр шийдэл байж болдоггүй юм уу.
Иргэдийн амьдралын чанар, цалин хөлс ямар бага байгаа билээ. Тэгсэн байж ард иргэдээ торгох бодлого хэрэгжүүлэх нь буруу" гэлээ.
Түүний хойно машинтайгаа дугаарлаж байгаа жолооч "Автомашины үзлэг оношилгооны төвүүд хаа сайгүй ачаалалтай, урт цуваа үүссэн байна. Цахим гэрчилгээ наалгах гээд дугаарлаж байна. Тасганы овоонд байрлах энэ төвийн гадна нэг цаг гаруй дугаарлаж байна" гэж бухимдангүй хэлэв.
"НЭГ МИНУТАД НААЛГАХ ГЭРЧИЛГЭЭГ 1-2 ЦАГ ХҮЛЭЭН, НААЛГАЖ БАЙНА"
Цахим гэрчилгээ наалгахаар дугаарлаж байгаа нэгэн эмэгтэй жолооч "Би уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард автомашинаа үзлэг оношилгоонд хамруулсан. Тухайн үед цахим гэрчилгээ наахгүй байсан. Гэтэл 2024 оны нэгдүгээр сараас заавал цахим гэрчилгээ наалгасан байх ёстой гэж байгаа нь жолооч нарт хүндрэлтэй байна.
Миний хувьд энэ цэг дээр хоёр цаг орчим дугаарлаж байна.
Энэ дунд машинаа үзлэг оношилгоонд оруулахаар дугаарлаж байгаа жолооч нар ч байна. Яагаад цахим гэрчилгээгээ тусад нь цэг гаргаад, зохион байгуулаад нааж болохгүй байгаа юм бэ. Нэг минутад наалгах гэрчилгээг 1-2 цаг хүлээж наалгаж байгаа нь хүндрэлтэй байна. Урт дараалалд зогсч байгаа жолооч нарын дийлэнх нь цахим гэрчилгээгээ наалгах гэж байхад зохицуулалт маш муу байна. Би шинэ оны өмнө 100 мянган төгрөгийн торгуулиа төлчихсөн. Одоо ганцхан цахим гэрчилгээгээ наалгаад л болох юм" гэлээ.
"Автомашины цахим гэрчилгээг наалгахгүй бол 2024 оны нэгдүгээр сарын 8-наас замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг мэдээлэл телевизээр сонссон. Цахим гэрчилгээ наалгах жолооч нарыг үзлэг оношилгоо хийлгэж байгаа жолооч нараас тусад нь олгох хэрэгтэй. Иргэдэд чирэгдэлгүй олгож, нааж болдоггүй юм уу" хэмээн жолооч Ц.Сандуй бухимдаж байгаагаа хэлж байв.

Цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр нийлүүлж байгаа талаар албаныхан өмнө нь мэдээлж байсан. Үүн дээр наах хөлс, бичиг хэргийн зардал нэмэгдсэн байна. Эхний ээлжид улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй 1.2 сая тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй наахаар болжээ. Харин санаатай болон санамсаргүй байдлаар эвдэх, алга болгох, техникийн гажуудал гарахад дахин авахдаа АТҮТ-өөс зөвлөмж гаргасны дагуу тодорхой үнээр худалдан авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

"ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ НААНА ГЭДЭГ ТААШАА МЭДЭЭЛЭЛ"
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал, дүүрэг харгалзахгүй үнэ төлбөргүй суурилуулж байна. Жолооч өөрт ойр үзлэг оношилгооны төв дээр очих боломжтой. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй автомашиныг худалдах, шилжүүлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд автомашины цахим гэрчилгээ олгох 20 цэг ажиллаж байгаа аж.
Авто тээврийн үндэсний төвөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс төлбөр хураамжтай наана гэсэн таашаа мэдээлэл тархсан байна. Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй байгаа тул та бүхэн үзлэгийн төвүүдэд дараалал үүсгэхгүй үйлчлүүлэхийг анхааруулсан. Иргэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгахдаа,
  • RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ.
  • RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.
  • Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ ирэн наалгаарай.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж