Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрээс өнөөдөр /2024.01.03/ мэдээлэл хийлээ.
Н.Өнөрцэцэгийн аав С.Наран "Миний охиныг хорихгүйгээр гадуур шалгаж өгөхийг хүсч байна" гэсэн юм. Түүний төрсөн дүү ярихдаа "Миний эгч Н.Өнөрцэцэгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Өнөөдөр суллах сүүлчийн өдөр нь. Нийт 10 гаруй удаагийн шүүх хурал болж, шүүхээс татгалзсан хариу өгсөн. Бид их эргэлзэж байна. Гадуур хэргийг шалгаж, хилийн хориг тавих боломжтой юм билээ. Энэ хугацаанд бид аргаа бараад мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж гуйж байна. Миний эгч ЖДҮ, Хөгжлийн банк, Ногоон автобус, төрийн сангийн мөнгийг эргэн төлүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн. Миний эгч, Монголын нэг иргэнд заналхийлж, хохироогоогүй. Монгол Улсынхаа баялгийг зарж, идээгүй хүн. Ингэснийхээ төлөө хорих ангид хоригдож байгаад гомдолтой байна.
Монголын ард түмэн маань туслахыг хүсч байна. Энэ хэргээс мултрахыг хүссэнгүй. Найман ишигний хэрэг дээр хууль шүүхийнхэнд буруу өгөхгүй. Манай гэр бүлээс хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний эгчээс болж хохирсон хүн байвал ар гэрийнхэн нь өвдөг сөгдөн гуйя" гэсэн юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж "Миний охин нэг их буруу юм хийгээгүй байх. Бидний хувьд хар бараан өдрүүд болж байна. Охины минь хоёр хүүхэд хүнд байдалтай байна. Бага хүү нь хоол унд ч идэж уухгүй, сэтгэл зүйн хүнд байдалд байна. Хүүхдийн эрх гэж Монгол Улсад байхгүй болсон байна. Ээж нь байхгүй, аав нь гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад өгсөн. Настай аав, ээжийнх нь даралт ихсээд, сэтгэл санааны хүнд байдалд байгаа" гэдгийг хэлэв. Төрсөн эгч нь "Сэтгүүлч дүү минь хувийн амьдралаа хойш нь тавьж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ирсэн. Дүүг маань цаашдаа хориод байвал яахаа мэдэхгүй байна. Бүр цаашилбал, бид Сүхбаатарын талбайд гарна. Миний дүү хорих ангид хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй" гэсэн юм.
Холбоотой мэдээ