Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын дарга Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Энэ онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Иргэдийн төрийн эрх барих үйл явцад оролцоог хангах шаардлагатай учраас сонгуулийн жил хэн бүхний анхаарлын төвд байдаг. Үүнд УБЕГ-ын үүрэг оролцоо өндөр. Монгол Улс сонгуулийн насны иргэдээ бүрэн дүүрэн бүртгэж чадаж байгаа эсэх дээр олон эргэлзээтэй асуудал байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбоотойгоор Улсын бүртгэлийн байгууллага хуулийн дагуу нэлээд олон үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, хүргүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргүүд бий. Сонгогчийн нэрийн жагсаалт гэдэг бол үндсэндээ иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дээр үндэслэж гардаг. Тэгэхээр сонгогч гэдэг бол нэг ойлголт. Сонгуулийн насны иргэд гэхээр бас нэг өөр ойлголт байна.
Монгол Улсын иргэн төрмөгц регистрийн дугаарыг эмнэлэг дээр нь олгодог. Ингэснээрээ Монгол Улсынхаа иргэний бүртгэлд бүртгэлтэй иргэн болдог юм. Тэгэхээр бид Монгол Улсад бүртгэлтэй байгаа нийт иргэдийн мэдээллийн сангаасаа сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлддэг учраас энд ямар нэгэн байдлаар сонгогчдын нэрсийг бүрэн бүтэн гаргаж чадах, чадахгүй тухай асуудал яригдах, сонгогчийн нэрс орхигдох ийм асуудал бол гарахгүй гэсэн үг.
Иргэд, олон нийт, улсын бүртгэлийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-той холбогдож ажиллаж байгаа олон байгууллагуудын хувьд бас хүлээсэн үүрэг бий. Иргэд олон нийтэд мэдээллийг сайтар түгээж ойлгуулах, бусад байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлууд ч бий. Одоогоор өнгөрөгч оны буюу 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар СЕХ-нд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өгсөн байгаа. Сонгуулийн санал хураалтад оролцож, санал өгөх үйл явц бол төрийн эрх барих дээд байгууллагад иргэд өөрсдийн төлөөллийг сонгох нэлээд томоохон үйл ажиллагаа. Энэ үйл явцад ганцхан улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй маш олон төрлийн байгууллагууд оролцдог. Цаг хугацааны тодорхой хуанли график нь нарийн гарч, яг түүнийхээ дагуу ажлууд нь хийгдээд явагддаг ийм нарийн төлөвлөгөөтэй ажил.
-Нэгэнт сонгуулийн тов болоод тойрог тодорхой болчихсон учраас одоо зохион байгуулалтын ажлууд иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажлуудыг төлөвлөх нь нэн тэргүүний ажил байх л даа. Нэрсийн жагсаалтыг аль нэг нам эвсэл, эрх баригчдын нөлөөллөөс ангид гаргаж чадаж байна уу?
-УИХ-аас томсгосон тойргуудын хуваарилалтыг гаргачихлаа. Одоо хамгийн чухал зүйл юу вэ гэхээрээ тухайн орон нутгийн, ялангуяа сум, дүүргийн ИТХ-аар сонгуулийн хэсгийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналыг авахын тулд сонгуулийн хэсгүүд байгуулдаг. Тэгэхээр тухайн хэсэгт ямар, ямар байр, ямар объект нь, ямар байнгын хаягууд нь хамаарах юм бэ гэдэг ИТХ-ын энэ тогтоол гарсны үндсэн дээр сонгуулийн нэрийн жагсаалтын эхний хувилбар гардаг юм. Өөрөөр хэлбэл, би юу гэж тайлбарлах гээд байна вэ гэхээр энэ улсын бүртгэлийн байгууллага нэрийн жагсаалт гэдэг юмыг хэн нэгнээс хамаарахгүйгээр өөрсдөө тусдаа, тэндээ хийгээд суугаад байдаг зүйл биш. Өөрөөр хэлбэл, тэр хэсэг дээр ямар хороод ямар объект байр хамаарч байгаа гэдгээс хамаарч сонгогч иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж байршуулаад ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэхэр цахим орчинд мэдээллийг нь ил тод тавьдаг.
Үүний дараа Улсын дээд шүүх, Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагуудаас мэдээллийг авч сонгуулийн нэрийн жагсаалтыг үйлддэг. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ хийж, хамтарч ажиллаж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажилтнууд 2000 мянга гаруй хүн байдаг. Эдгээр хүмүүс улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлж ажиллана.
СЕХ-ноос гаргасан тухайн хэсгийн хороон дээр ажиллаж байгаа хүмүүсийг нийт хүнийг оролцуулан тооцвол сонгуулийн үйл явцыг нээлттэй, шударга, ил тод зохион байгуулах ажил олон хүний хөдөлмөр, хөлс орсон ийм ажил юм байдаг.
–Сонгогчийн нэрсийн жагсаалтыг сөрөг хүчин болоод жижиг намын төлөөллүүдэд нээлттэй ил тод танилцуулдаггүй нь зарим талаараа олон хардлага дагуулах шалтгаан болдог. Нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа бүх талуудад ил тод, танилцуулах талаар ямар санаачилгатай байна?
-Энэ жил нэг онцлог зүйл хуульчлагдаж батлагдсаныг онцгойлон хэлмээр байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр онцгойлсон нэг заалт орж ирсэн нь СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даагч болон ТББ сонгуулийн нэрийн жагсаалттай танилцаж болно гэдгийг хуульчилсан. Тиймээс нээлттэй ил тод байх үүднээс энэ заалтыг нэлээн сайн хэрэгжүүлье гэж бодож байна. Гэхдээ өмнө нь нээлттэй, ил тод байгаагүй гэсэн үг биш. Өмнө нь Тагнуулын ерөнхий газар, холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг гарч нэрийн жагсаалттай танилцдаг байсан. Монгол Улсын хэрэглэдэг сонгуулийн нэрийн жагсаалтын программ хангамжийг нарийн түвшинд шалгаж, сертификат олгодог байсан. Одоо хамгийн гол нь СЕХ -нд бүртгэлтэй ийм ийм төлөөлөл хуулийн дагуу нэрийн жагсаалттай танилцах заалтыг оруулснаараа бүртгэлийн газрын үйл ажиллагаа илүү ойлгомжтой, олон хардалтыг арилгасан, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бололцоог улам илүү нээж өгсөн.
Өөрөөр хэлбэл, нэг талд нь улсын бүртгэлийн байгууллага сонгуулийн нэрийн жагсаалттай холбоотой элдэв худал мэдээлэл, гүтгэлэгэд хий хоосон хардагдах биш тухайн нэрийн жагсаалтыг ямар дарааллаар, ямар бичиг баримт, ямар санг үндэслээд, хэрхэн яаж үйлдэж байна гэдгийг хуулийн дагуу холбогдох талууд танилцах энэ бололцоогоор хангагдсан.
Гэхдээ нөгөө талаас улсын бүртгэлийн байгууллага иргэдийнхээ мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй учраас нөгөө хувь хүний мэдээллийг хамгаалах тал дээрээ нөгөө байгууллагуудтайгаа мэдээж шаардлагаа тавиад ажиллах болно.
-Нэг хаяг дээр олон сонгогч бүртгэгддэг гэдэг асуудал тогтмол маргаан дагуулдаг. Тухайлбал, хөдөө орон нутгаас шилжиж ирээд өөрийн эзэмшлийн хашаа байшин, байр орон сууцтай болж амжаагүй иргэд, түрээсийн орон сууцанд амьдардаг иргэн хаана саналаа өгөх вэ. Түр оршин сууж байгаа хаягаараа саналаа өгөх юм уу эсвэл албан ёсоор хаана харъяалагдаж байна тэндээ саналаа өгөх үү?
-Таны асууж байгаа асуултыг иргэд, сонгогчид хамгийн түгээмэл асуудаг. Ийм л учраас иргэддээ мэдээ мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэж, сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэхэд анхаарч улсын бүртгэлийн байгууллагын иргэдтэй илүү ойлголцож ажиллахыг зорьж байна. Иргэд сонгуулийн үйл явцад оролцож, санал өгөхдөө байнгын оршин суугаа хаягаараа өгдөг.
Түрээсээлж амьдардаг юм уу, эсвэл орон нутгаас ирж түр оршин сууж байгаа хаягаараа сонгуульд оролцох хуулийн зүйл заалт, бололцоо байхгүй.
Нэг иргэн хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөтэй байж болно. Тэр бүхэн өөрсдийн гэсэн хаягтай. Гэхдээ яг аль хаяг дээрээ та байнга оршин суудаг буюу иргэдийн хэлж заншсанаар иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягын дагуу иргэд сонгуульд саналаа өгдөг. Тухайлбал, Хэнтий аймгийн аль нэг сумаас Улаанбаатар хотод ирж түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэний сонгогчийн нэрийн жагсаалт нь байнга оршин суух хаяг дээр нь буюу Хэнтий аймгийн тухайн сумынхаа хэсгийн хороон дээр бичигдсэн байх жишээтэй. Гэтэл зарим иргэд түр оршин сууж байгаа хаяг дээрээ санал өгнө гэсэн андуу зөрүү ойлголттой байдгаас үүдэн үл ойлголцох байдал гардаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбогдох байгууллагууд нь хамтарч ажиллаж мэдээ, мэдээллийг түгээхээс гадна төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нам, бие даагч, нэр. дэвшиж байгаа хүмүүс нэрийн жагсаалт гэдэг зүйлтэйгээ танилцаж, сонгуулийн ирц өндөр, сонгуулийг шударга байлгах үүднээс энэ хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэх нь зүйтэй.
– Зургадугаар сар бол ид бүтээн байгуулалтын сар байдаг учраас уул уурхай, зам тээвэр барилгын салбарт ажиллаж байгаа иргэдийн тоо харьцангуй өндөр байдаг. Ээлжийн ажилтай иргэдэд санал өгөх боломж бүрдэх үү?
-Бид нар сонгууль болох өдрийн тухай буюу зургадугаар сарын 28-ны өдрийн талаар ярьж байна. Сонгуулийн санал хураах үйл явцын эхлэх дуусах хугацаа нь тов тодорхой байгаа. Тэнд ажиллах хүний нөөц, цаг хугацаа, зардал мөнгө бүх юм нь тодорхой болчихсон ийм асуудал. Тэгэхээр бэлтгэл ажил буюу иргэд өөрсдөө тухайн үед ямар хаяг дээр бүртгэлтэй байна гэдгээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд мэдэх бололцоотой байдаг. Тиймээс санал өгөх өдрөө хөдөө орон нутагт ээлжийн ажилтай байхаар бол тухайн хэсэгтээ шилжилт хөдөлгөөн хуулийн хугацаанд хийлгэж болно. Өмнөх сонгуулиудыг бодвол дэвшлүүд бас гарч байгаа гэдгийг энд хэлмээр байна.
-Шилжилт хөдөлгөөн хаагдах хугацааны хувьд хэзээ билээ?
-Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгэж болно. Тодорхой хэлбэл зургадугаар сарын 28-нд сонгууль болно. Энэ өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаана гэсэн үг. Тиймээс иргэд,сонгогчдын хувьд ажил, амьдралаа тооцоолж, зөв зохицуулах бололцоотой хугацаа гэж харж байна. Дөрөвдүгэээр сарын 1 гэхэд нэрийн жагсаалттай танилцах бололцоо үүсчихдэг учраас иргэд би хаана, ямар жагсаалт дээр, ямар хаяг дээр байгаа юм, ямар хэсэг дээр саналаа өгөх юм гэх бүх мэдээлэлтэйгээ танилцах бүрэн бололцоотой болчихно.
-Сонгуулийн жил бүр гардаг маргаантай асуудал бол “царцаа нүүдэл” байдаг. Санал авахаас 60 хононгийн өмнө шилжилт хөдөлгөөн зогсоно гэхээр царцаа нүүдэл нүүхгүй байх гэсэн баталгаа байх уу. Сонгуулийн үеэр ч юм уу сонгуулийн дараа аль аймаг, тойрог, бүс рүү хамгийн их сонгогч шилжиж нүүсэн гэдэг ийм судалгаа статистикийг гаргах боломжтой юу?
-Улсын бүртгэлийн байгууллага дээр царцаа нүүх гэдэг ийм нэр томьёо ер нь байхгүй л дээ. Би нэг зүйлийг бас хэлмээр байна. Иргэдийн хувьд нэг оршин суугаа газраас нөгөө оршин суугаа газар луу шилжих хөдөлгөөн зөвхөн сонгуулийн үед хийгддэг ажил биш. Өөрөөр хэлбэл, иргэний улсын бүртгэлийн нэг төрлийн үйлчилгээг иргэн хэзээ ч авах эрхтэй. Гэтэл аль нэг аймаг, сум руу иргэд шилжсэн хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага шууд сонгуультай холбож, таны хэлж байгаачлан “царцаа” байна гэж хэлж болохгүй л дээ.
Зарим тохиолдолд иргэн өөрөө хаана амьдрах, ямар оршин суугаа хаяг дээрээ бүртгүүлэх вэ гэдэг бол иргэдийн өөрийнх нь үндсэн эрх. Түүнийг нь улсын бүртгэлийн байгууллага шууд хаагаад байж болохгүй.
Өөрөөр хэлбэл, улс улсын бүртгэл дээр тавигддаг нэг зарчим юу юм бэ гэхээр заавал эх нотлох баримтыг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, иргэн өөрийн гарын үсэгтэй, хүсэлтээ өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад хандсан байх ёстой. Харин өөрөө мэдээгүй, өөрөө хүсээгүй, өөрөө ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд хандаагүй байхад шилжилт хөдөлгөөн хийсэн бол зөрчилтэй бүртгэл гэж үзээд бүртгэлийг бол хүчингүй болгох тохиолдол байдаг.
– Энэ жил гадаадад амьдарч байгаа иргэд санал өгөх ийм боломж нээгдэж байгаа.Тэгэхээр Монгол Улсын нийт хэчнээн мянган иргэн гадаадад амьдарч байна. Тэдний саналыг хэрхэн авах, бүртгэлжүүлэх тал дээр мэдээлэл өгөөч?
– Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд гадаадад амьдарч байгаа иргэд санал өгөх талаар хуулийн зүйл заалтууд бий. Гэхдээ одоо ямар улсад хэдэн иргэн яаж амьдарч байгаа гэдэг тал асуудал бол Гадаад харилцааны яамны үндсэн чиг үүрэг учраас Улсын бүртгэлийн байгууллага энэ дээр бол байр суурь илэрхийлэх боломжгүй.
Нэргүй 2024-01-03 103.212.118.131
Энэ харах царайны ухаантай хүн бишээ?!
Нэргүй 2024-01-03 112.72.9.154
oroh orongui bol hun bish yum uu?ene ulsad amidrah bolomj bn uu?
Нэргүй 2024-01-03 139.5.217.52
Луйвраа хийх гээд бид итгэхгүй
b 2024-01-03 202.9.41.25
Tsahim nertei unemleheeree haanaas ch sanal ugdug bolgooche