Жимсний хальсаар тавилга үйлдвэрлэх болов

FASHION

Жимсний хальсаар тавилга үйлдвэрлэх болов

Жимсний хальсаар тавилга үйлдвэрлэх болов

Хогийн цэг дээр бүх зүйл дуусдаггүй тийм амьдралыг төсөөлж үзэж байсан уу? Бүх зүйлийг дахин ашиглах боломжтой, аливаа эд зүйл, материалд эцсийн цэг гэж байдаггүй бол ямар вэ?

“Circle economy” сангийн саяхны судалгаанд дурдсанаар дэлхий дээрх ашиглагдаж дууссан аливаа материалуудын 7.2 хувийг нь л дахин боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, янз бүрийн материалуудын өчүүхэн бага хувь нь л хог хаягдал бололгүйгээр эдийн засгийн эргэлтэд дахин орж байна гэсэн үг.

Миланд төвтэй “Krill Design” компани энэ чиг хандлагыг өөрчлөхөөр хичээж байна. Тус компани Рекрилл нэртэй биоматериал ашиглан тавилга хийж байна. Рекрилл нь хуванцартай төстэй патентчилагдсан биоматериал бөгөөд жинхэнэ органик, био задралд орох боломжтой, дахин дахин ашиглаж болдог гэдгээрээ онцлог.

“Krill Design” компанийг гурван архитектурч хамтран 2018 онд үүсгэн байгуулжээ. Тэдний хоёр нь гурван хэмжээст хэвлэлийн компани ажиллуулдаг.

Жимсний хальс, жүржийн үр, кофены шаар зэрэг хог хаягдлаас боссон бүтээгдэхүүнүүдийг оффисын орчинд хэрэглэхэд тохиромжтой. “Krill Design” эдгээр материалыг ашиглан номын тавиур, ширээ, цаг, аяга, гэрлийн бүрхүүл зэргийг үйлдвэрлэж байна. Эдгээр тавилга, эд зүйлсийг 3-4 жил ашиглаад солих шаардлагатай. Гэхдээ энэ үед нь “Krill Design”-ынхан өөрсдөө шинээр загварчлан, өөрчилж, бүтээж өгөх аж.

Ямар нэг байдлаар тус компанийн бүтээгдэхүүн далайн усанд урслаа гэхэд ширхэг ч микро хуванцар үүсгэлгүйгээр бүрэн задардаг.

Бүтээгдэхүүн бүрийг дөрвөн шатлалаар дамжуулан үйлдвэрлэдэг. Нэгдүгээрт, хүнсний хог хаягдлыг хатааж, маш жижиг нунтаг болгон задална. Хоёрдугаарт, уг нунтагаа полигидроксибутрят буюу био задралд орох боломжтой хуванцрын нэг төрөл болгон хувиргадаг. Дараа нь үүнийгээ нарийн мяндас болгон хувиргаад, дамар ашиглан гурван хэмжээст хэвлэх машинд хийдэг. Хэвлэх машин гурван цаг орчим зарцуулж бүтээгдэхүүнийг гаргаж ирнэ. Гэхдээ бүтээгдэхүүний төрлөөс хамаараад хэвлэх хугацаа янз бүр байж болно.

“Krill Design” компани олонд танигдсан томоохон компаниудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, ундаа үйлдвэрлэгч “Sanpellegrino”, “Four Seasons” зочид буудлын сүлжээ, “Co.ffee Era” төсөл гэх мэтийг энд дурдаж болно. Эндээс тухайлан дурдвал “Co.ffee Era” төсөл нь хотын гурван дүүрэг дэх кофены хог хаягдлыг бууруулах зорилготой.

Хамтын ажиллагааны үр дүнд “Krill Design” компани нь дарс хөргөөгч, хоолны тавиур гэх мэтийг үйлдвэрлэж байна.

Ашигласан материалаасаа хамаараад бүтээгдэхүүний өнгө үзэмж янз бүр болдог. Тухайлбал, жүржийн хальсаар хийсэн бүтээгдэхүүнүүд цайвар шаргал, кофены үрээр хийсэн бүтээгдэхүүнүүд гүн бор өнгөтэй болдог.

Рекрилл материал нь мод шиг бат бөх гэдгээрээ давуу талтай. Ус, бактер, хүчиллэг бодистой нийлэхээс нааш тийм амар муудахгүй. Мөн усанд задарлаа гэхэд загас идэхэд аюулгүй, гэрийн нөхцөлд бордоонд ч ашиглах боломжтой.

Байгальд ээлтэйнхээ хэрээр рекрилл материал нь үнэтэй. Тодруулбал, рекрилл нь ердийн хуванцараас зургаа дахин илүү үнэтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц нь өөрөө маш өндөр өртөгтэй учир олон компани үүнээс зайлсхийдэг аж. “Krill Design” компани эрсдлийг сөрөн зоригтой хөдөлж чадсанаараа амжилтад хүрчээ.

Бизнесүүд болон хэрэглэгчид эрт оройгүй хуванцарын хор хөнөөлтэй нүүр тулах учир рекрилл алсдаа улам л хэрэглээнд нэвтрэнэ гэж тэд найдаж байна.

Одоогоор биопластик нь дэлхий дээр бүтэн жилийн хугацаанд үйлдвэрлэж буй 390 сая тонн хуванцарын нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Гэсэн ч хүнсний сав баглаа боодол, нэхмэл эдлэл, электрон бараа зэрэг нь хурдацтай хөгжиж буй сегмент юм.

Өөр хэд хэдэн компани энэ чиглэлээр шинийг санаачилж байгаагийн дотор Их Британид төвтэй “Polymateria” компанийг онцлууштай. Тус компани дэлхийн хамгийн анхны өөрийгөө устгадаг хуванцарыг бүтээжээ. Энэ нь хөрсөнд бүрэн задрах чадвартай гэдгээрээ давуу талтай.

Хамгийн сонирхолтой нь өдийг хүртэл бордооны хуванцар гэж тэмдэглэгдсэн бүтээгдэхүүнүүдийн 60 хувь нь бүрэн задардаггүй болохыг 2022 оны судалгаагаар тогтоожээ.

“Krill Design” компани өдгөө өндөгний хальс, улаан лооль, усан үзмийн үлдэгдэл зэрэг хүнсний бусад хаягдлыг туршиж, үйлдвэрлэлийн процессоо илүү үр ашигтай, хямд, байгальд ээлтэй болгох арга замыг эрэлхийлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-03 66.181.185.253

Гадаадын хэрэгцээгүй, зардалтай урлагийг битгий дууриа! Гадаадынхан өөрсдийг нь албаар дууриалгах гэж үүнийг харуулж байгаа.

Avatar

Веганизм хөгжинө. 2024-01-03 202.9.40.74

Энэ л бидний аврал юм. Жимс, ногооны хаягдлаар хувцас, гутал, машины доторлогоо, тавилга, барилгын материал, цүнх гээд бүх зүйлийг хийдэг болсон. Амьтныг хөнөөгөөгүй, кармагүй, цоо шинэ, органик бүтээгдэхүүн. Манай бизнэсүүд ийм ирээдүйг харж шилжвэл жинхэнэ ёс зүйтэй, бүгдэд ашигтай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж