Он солигдох торгон агшинд цэнхэр дэлгэцээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэлэх үеэр хэдэн жаал “Нүүрсний хулгайч” гэж хашгиран, долоовор хуруу гаргасан үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж эхэлснээ Цагдаагийн ерөнхий газраас сүр дуулиантай мэдэгдэв.
Рецидивүүддээ хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаггүй цагдаагийнхан хуруу чинээ хүүхдүүдийн долоовор хуруунд хариуцлага тооцох нь ээ. Яасан ч завтай юм.
Уг нь эл асуудлыг цагдаагийн байгууллага шалгах болсон талаар амралтын өдөр шуугихад нь Ерөнхийлөгчийн дэргэдэх туслах, зөвлөхүүдээс нэг нь гомдол гаргаж, эр бярыг үзүүлэхээр шийдэждээ гэтэл үгүй аж. Цагдаагийн байгууллага шүүрэн авч, шалгаж эхэлсэн юм байна.
Гэхдээ Цагдаагийн мөрдөгч нарт орон байрны хулгайгаас эхлээд хүний наймааны худалдаа, хүчирхийлэл, мөрийтэй тоглоомчид, нүүрсний хулгайч нарыг шалгах зэрэг шил дараалсан олон хэргүүд бий. Эдгээр хэргүүдийг шалгахад цагдаагийн байгууллагад хүн, хүч нь хүрэлцдэггүй тухай ч ярьж ирсэн. Хэдийгээр хүүхдүүдийн гаргасан үйлдлийг зөвтгөх аргагүй ч цагдаагийн байгууллага шүүрч аваад шалгах асуудал мөн үү гэдгийг бас бодолцмоор. Тэртэй тэргүй, сошиалд тавигдсан бичлэгээр нь дамжуулан, эцэг, эхийг нь олон нийт шүүчихсэн. Одоо тэрхүү үйлдлийг араас нь хөөж, сүр дуулиан болгон, төрийн тэргүүнээ ч муухай харагдуулах шаардлагагүй шүү дээ.
Нөгөө талаас хүүхдүүдийн үйлдэл бол томчуудын тусгал л байдаг. Эцэг, эх юу зааж сургана түүнийгээ л илэрхийлдэг. Багаас нь буруу зүйл зааж сурган, турхирсаар байвал насанд хүрсэн хойноо тийм л хүн болно. Тийм ч учраас хүүхдээ багаас нь зөвөөр үлгэрлэж, зөв хүн болгоход эцэг, эхийн оролцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэгч гэдгийг санаж явах учиртай.
Он солигдох торгон мөчид Монгол Улсын төрийн тэргүүн үг хэлдэг нь уламжлалт ёс. Монгол хүн бүр л хэлэх үг бүрт нь ач холбогдол өгч, сонссоор ирсэн. Муу ч, сайн ч бүх ард түмний сонголтоор сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч. Хоёр сая гаруй иргэн саналаа өгч, сонгогдсон төрийн түшээ. Таалагддаг ч бай, таалагддаггүй ч бай дургүй гэдгээ үр хүүхдүүдээ турхирч, ашиглаж болохгүй. Хэрэв ийм ёс зүйгүй үйлдлийг томчууд хүүхэддээ зааж өгч, дэвэргэсээр байвал нийгэм улам л бохирдоно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ