Улаанбаатар хотод шинэ оны өмнөхөн шатахуун түгээх станцууд бензин, түлш хязгаарлалттай олгож, жолооч нар урт дараалалд дугаарлаж байв. Шинэ онтой зэрэгцэн нийслэлд шатахуун хэвийн олгож, урт дараалал ч алга болсон. Гэвч орон нутагт шатахуун олдохгүй, АИ-92 бензин 3000 төгрөг давсан гэдгийг иргэд хэлж байна. Бүр тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд АИ-92 бензин 3500 төгрөг хүрч, ганц нэгхэн шатахуун түгээх станц шатахуун олгож байгаа гэнэ. Харин дизель түлш хэвийн олгож байгаа бөгөөд үнэ нь 4420 төгрөгийн үнэтэй байна.
Уул Уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өмнө нь мэдээлэл хийхдээ шатахууны импорт хэвийн байгаа. Бензин, түлшний үнэ нэмэхгүй гэж мэдэгдсэн.
Шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нефть импортлогч "Петровис", "Шунхлай", "Тэс", "Сод Монгол", "Монсуль", "Газ-Ойл" нефть зэрэг комцанийн удирдлагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд ОХУ-д ажиллаад ирсэн. ОХУ-ын талаас Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга ОХУ-ын Байгалийн баялаг экологийн сайд, эрчим хүчний дэд сайд, Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга, мөн Монголд нефть нийлүүлэгч гол аж ахуйн нэгжүүд болох "Роснефть", "Газфром" зэрэг байгууллагууд оролцжээ.
Энэ уулзалтаар, 2024 эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ-92 авто бензинийг худалдаж авах захиалга өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Холбогдох албаныхны зүгээс "Импортоор шатахуун орж ирдэгээрээ орж ирж байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна" гэдэг тайлбарыг өгч байсан юм.
ОХУ-ын төмөр замын зүгээс нийлүүлэгч захиалагч талууд гэрээгээ хийж, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикаа гаргаад тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдэхээ мэдэгдсэн. Тиймээс шинэ оны өмнөхөн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрсөн хэдий ч хомсдол нүүрлэсэн хэвээрээ байна. Хөдөө орон нутгийнхны хувьд өвөлжилтийг давахын тулд өвс тэжээлээ татахад хүртэл хүндрэлтэй байгааг хэлж сууна.
Өнөөдрийн хомсдол бол нэг өглөө гараад ирчихсэн асуудал биш. Олон жилийн ужиг тогтолцооноос болоод шатахууны хомсдол үүссэн нь ойлгомжтой. Гэтэл салбарын сайд нь наанаа үнэ өсөхгүй, хомсдол нүүрлэхгүй гэж иргэдээ хуурсаар өнөөдрийг хүрлээ. Хомсдол, үнийн өсөлт үүсэх бүрт хойд хөрш рүү чихэж, хэдэн импортлогчдоо буруутгаж суухаасаа илүү өөр арга, гарц хайх ёстой юм биш үү.
Холбоотой мэдээ