Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд "UG" аренад үргэлжилж байна. Улирлын эхний хагас өндөрлөж, багуудын чанар, чансаа, ерөнхий байдал харагдав. Өнгөрсөн жилийн сүүлийн тоглолт Эрдэнэтийн "Уурхайчид" болон "BCH Гарьд" багуудын хооронд өрнөсөн нь сонирхолтой байлаа. Пендарвис Уиллиамс, Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй гол тоглогчдоо бэртэлд алдсан аваргууд "Гарьд"-ын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд орж, төдийлөн өрсөлдөөн үзүүлж чадсангүй. Тэвдэж явахад дасгалжуулагч нь хүртэл талбайгаас хөөгдөж, Уурхайчид хуучин оноо хожигдлоор өндөрлүүлэв. Харин "Гарьд" чухал ялалтыг байгуулж, лигт одоогоор Уурхайчид, Гарьд, Apes гэсэн гурван баг 13-2 гэсэн амжилттай явна.
Тэгвэл өчигдөр/2024.1.1/ лигийн энэ оны эхний тоглолтууд боллоо. Эхний тоглолтод "Бишрэлт Металл"-ын залуус "Шаркс"-ыг хожиж, тэргүүлэгч гурван багийн араас нэхэж байна. Тус тоглолтод Б.Сүхбат 24 оноо авч, энэ улирлын "Тэргүүн тоглогч"-ийн шагналд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулав. Улирлыг даруухан эхлүүлсэн тэрбээр сүүлийн үед гайхалтай байгаа. Түүний алсын зайн шидэлтүүд, будагтай талбайн тоглолтууд онцгойрч, баг нь ч дараалсан ялалтуудыг авч байна. Энэ ч утгаараа 23 настай, 192 см өндөртэй түүний хувьд энэ улирлын "Тэргүүн тоглогч"-ийн чансааг тэргүүлж буй. Магадгүй Б.Сүхбат энэ формоо алдалгүй явбал "Тэргүүн тоглогч"-ийн шагнал хүртэх нь гарцаагүй.
Сонирхолтой нь, Б.Сүхбат шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдаагүй билээ.
Харин эмэгтэйчүүдийн "Тэргүүн тоглогч"-ийн чансааг Ө.Индра тэргүүлж байна. Тэрбээр сүүлд аваргууд болох Амазонсыг хожиход 28 оноо авч, багаа тэргүүлсэн. Монголын лигийн хувьд Азийн зарим лигийн адилаар гадаад тамирчид дундаа "MVP"-ийн шагнал өгдөг. Тэгвэл тус шагналын чансааг Пендарвис Уиллиамс манлайлжээ. Уурхайчидын хамгаалалт, довтолгооны гол хүн тэрбээр өнгөрсөн улирал тус шагналыг хүртсэн билээ.
Өчигдөр болсон Монголианс болон Налайх Бизоны тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Монголианс гурван үеийн турш илүү байсан ч шийдвэрлэх үед Бизон санаачлагыг гартаа авч ялалт байгуулав. Ялангуяа Т.Санчир Бизонд яах гэж ирсэн бэ гэдгээ харууллаа. Түүний хувьд 32 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Гэхдээ Бизон плей-оффд хол явъя гэвэл сайжруулах ёстой зүйлс олон байна. Холбон тоглогчоос эхлээд сэлгээний оноо авалт дээрээ анхаарах ёстой харагдав.
Энэ өдрийн сүүлийн тоглолт Дархан Юнайтед, Сэлэнгэ Бодонсын хооронд болж, Бодонс дөрвөн үе илүү явсаар ялалт байгууллаа. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ эн тэнцүүхэн байсан бөгөөд эгзэгтэй мөчид А.Базаргүр чухал оноонуудыг авч, багаа ялалтад хөтөллөө.
Холбоотой мэдээ