Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

Хуучирсан мэдээ: 2024.01.02-нд нийтлэгдсэн

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард иргэддээ хандаж үг хэлдэг. Тэгвэл 2023 оныг дүгнэж, 2024 оныг угтсан тэдний баярын "хундага"-ны үг юу байв. Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хувьд эдийн засгаа хорлон сүйтгэсэн элдвийн халамж, амлалт өгсөнгүй.  Ерөнхийлөгчийн зүгээс гадаад харилцааны дэвшил болон дэлхийд Монголыг таниулсан айлчлалуудаа хөндөж, гадаад талдаа болон дотроо эв эеийг сахихыг уриалсан бол Ерөнхий сайдын дүгээс авлигын эсрэг тэмцлийн хүрээнд гарсан эдийн засгийн өсөлтүүдээ дурдлаа. Харин УИХ-ын дарга хуулийн өөрчлөлтүүдээ голлож ярив. Хамгийн гол нь хэн хэн нь ёс зүй, хариуцлагын тухай хөндсөнгүй. МАН-ын засагласан өнгөрсөн найман жил Монгол Улс ардчилал болон авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индексээр хэдэн арван байраар ухарсан талаар нь хэн нь ч хөндсөнгүй.

У.ХҮРЭЛСҮХ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ӨРНӨЛ БАДРАЛЫН ТҮҮХЭН ОН ЖИЛ БАЙСАН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээний гол пойнт нь  "… Манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байсан гэв. Монгол Улс 2023 онд НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай болсон, мөн монгол иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, Монголыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдсэн нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын бодит үр дүн, ололт амжилттай холбоотой нь үнэн.

Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” гэснийг онцлон дурдав. Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл гэдгийг онцлоод "Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл" болохыг захилаа.

Гадаад харилцааны ололт, амжилтыг Ерөнхийлөгчийн бодлогоос ангид авч үзэхийн аргагүй. Нэгэн цагт Монгол Улс Ерөнхийлөгчийнхөө харизм, характераас болж, гадаадад суух Элчин сайдуудаа томилж чадахгүй нөхцөл байдалд орж байсан.  Тэгвэл сүүлийн хоёр жилд Монгол Улс ховор, холын зочид ихтэй байгааг Ерөнхийлөгчийн хүсэл чармайлттай холбох нь зүйн хэрэг.  Ерөнхийлөгч бол халамж, хайр амлах субъект биш.  Ямар ч байсан тэтгэврийн зээлийг тэглэнэ барина гэж сюрпириз барьсангүй. Тийм эрх мэдэл ч Ерөнхийлөгчид байхгүй билээ.

Г.ЗАНДАНШАТАР: “ЧИМЭЭТЭЙ” ХҮЧИРХЭГ ХӨРШҮҮДИЙН ДУНД “ЧИМЭЭГҮЙ”  АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛСЭЭР БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээнийхээ эхэнд Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн эрх, байгалийн баялаг, дайн, тахал гээд үйл явц өрнөл сургамжаар дүүрэн  он жил өнгөрч байгааг цохон тэмдэгллээ. Тэрбээр, алдаа  оноо, гажуудал сургамж хослосон цаг үеийн сорилтод хэрсүүжин чангарч зөв зүйтэй хөгжил, дэвшил, сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж байна.

Хэлбэрийн хувьд түүний мэндчилгээ өвөрмөц, содон сонирхолтой байсныг нуухгүй. Мэдээж, хуулийн олон шинэчлэлтийг энэ онд эхлүүлсэн. Гэхдээ энэхүү шинэчлэл ард иргэдийн амьдралд өгөөжөө өгөх эсэхийг өнөөдөр магтахад эртэднэ. "…Хуулийн эко систем бүрдэж, нийгмийн ужиг гажуудлууд нуран задарч, иргэдийн  шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний  хүчирхэгжин, эрүүлжих эерэг шинж мөн" гэж спикер тодотгоод  2024 онд тогтвортой сайн засаглалын төлөө, эрх мэдлийн төвлөрлийг задалж, парламентын гишүүдийн тоог нэмж, бүсчилсэн хөгжлийн төлөө сонгуулийн тойргоо томсгож чадсан гэв. Тогтвортой сайн засаглал нь сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх асуудал байв уу эсвэл эрх баригчид эргээд засгийн эрх мэдэлдээ үлдэхээ хэлэв үү гэдэг нь асуултын тэмдэг болон үлдлээ. Ямар ч байсан хэлсэн үгэндээ ардчиллыг бэхжүүлсээр байгаагаа дурдсан. Гэвч олон улсын индексээр ардчилал Монголоос улам бүр алсарч байгааг бодит тоонууд харуулсаар.

Ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж, төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж тэгш бус урвуу амааралтай байгааг  засах ёстой хэмээн тодотгоод үүний үр дүнд хэрэглэгч биш  бүтээгч үндэстэн, импортлогчоор экспортлогч үндэстэн, халамжаас хөдөлмөрт шилжих боломж бүрдэнэ гэв. Магадгүй татварын тогтолцоог шинэчилж, бүтээгч үндэстэн болох нэрээр эцсийн хэрэглэгчид дарамт учрахаас уг нь УИХ сэргийлэх ёстой. Улсын төсвөөр угжуулдаг үндэсний үйлдвэрүүдийг өөрчлөх цаг болсон. Алийн болгон нэг гараараа тэд халамж тосон авч, нөгөө амаараа хамгийн өндөр үнэ хэлээд зогсож байх билээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:ТҮНЭР ХАРАНХУЙГ ҮЛДЭН ХӨӨЖ МАНДАХ НАРНЫ ТУЯА ТУСАЖ ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ БАЙНА

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилгээ дэвшүүлэхдээ "…. Шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байгааг онцлов. 2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байсныг тэрбээр тодотгосон агаад "..Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хүсэв.

2023 оны эцсээр 6.8 хувиар өсч, ДНБ 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам долларт хүрсэн зэрэг хулгай, луйврыг илчилснээр эдийн засагт олон эерэг өөрчлөллт гарч, улсынхаа өрнөөс хагасалсан талаар мэндчилгээндээ онцоллоо.  Энэ нь авлигын эсрэг тэмцлийн үр дүн болох гэнэ. Улмаар “Шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулана. Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв. 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно гэв.

 Ерөнхий сайдын үгэнд ардчилал гэдэг үг хэдэнтэй давтагдсан. Ардчиллын хамгийн нэгдэх үзүүлэлт бол хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө. Үүнийг л бий болгохгүйгээр ардчиллыг хөгжүүлэх тухай ярих нь илүүц. Мэдээж, ардчиллын гол дайсан бол авлига мөн гэдэг Ерөнхий сайдын үгтэй олон нийт санал нэг байгаа. Ерөнхий сайдын нэрлэсэн тоо эерэг үзүүлэлт заажээ. Гэхдээ эдгээр гоё тоонууд айл өрх, аж ахуйн нэгжийн хаалгаар орж, хөрсөн дээр бодитоор бууж чадвал браво. Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн өсөлт энэ онд айл бүрийн үүдийг тогшоод очно гэсэ. Үүнийг харах, хүлээх л үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж