2024 онд болох спортын онцлох 24 наадам

Парисын олимп-2024

2024 онд болох спортын онцлох 24 наадам

2024 онд болох  спортын онцлох 24 наадам

Энэ жил спорт сонирхогчдын олон гайхалтай спортын тэмцээн уралдаан хүлээж байна.


1.АФРИКИЙН ҮНДЭСНИЙ ЦОМ – НЭГДҮГЭЭР САРЫН 13-НААС ХОЁРДУГААР САРЫН 11

34 дэх удаагийн Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн зун Кот-д’Ивуард болох байсан ч зуны цагт тус улсад бороо их ордог учир хугацааг нь наашлуулжээ. Өнгөрсөн 2022 онд Сенегалд торгуулийн цохилтоор хожигдсон Салах тэргүүтэй Египетийн шигшээ ирэх тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байна. Мөн Андре Онанагийн Камерун, Ашраф Хакимигийн Марокко, Виктор Осимьены Нигерь тэргүүтэй улсууд тэмцээнийг чимнэ.

2. АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН – НЭГДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС НЭГДҮГЭЭР 28

Новак Жокович 25 дахь Их дуулгын цомоо хүртэж, түүх бичихээр Мельбурнд ирнэ. Түүнтэй өрсөлдөх хэд хэдэн тамирчин байгаагийн дотор 12 сарын турш ташааны бэртэлтэй байсан алдарт Рафаэль Надал багтана. Эмэгтэйчүүдийн төрөлд Арина Сабаленка цомоо хамгаалахаар эргэн ирнэ.

3. ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМП – НЭГДҮГЭЭР САРЫН 19-НӨӨС ХОЁРДУГААР САРЫН 1

Өмнөд Солонгосын Ганвон хотноо 2024 оны залуучуудын өвлийн олимп нээлтээ хийнэ. Монгол Улсаа төлөөлөн нийт 12 тамирчин тус олимпод өрсөлдөнө.

4. АЗИЙН АВАРГА – ХОЁРДУГААР САРЫН 12-НООС ХОЁРДУГААР САРЫН 10

Ази тивийн хөлбөмбөгийн аварга мөн энэ жил тохиож байна. Тус тэмцээн Катарт болно.

5. NBA-ИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ – ХОЁРДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР

NBA-ийн бүх оддын тоглолт Индиана хотод болно. Бүх оддын санал асуулга хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ жилээс эргэн өрнөд болон дорнод бүсийн баг гэсэн форматаар өрсөлдөнө.

6. 2025 ОНЫ АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ – ХОЁРДУГААР САРЫН 22-НООС АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24

2025 оны Азийн сагсан бөмбөгийн аваргад оролцох эрхийн төлөөх ээлжит тоглолтууд энэ жил болно. Монгол Улс хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадтай, хоёрдугаар сарын 25-ны өдөр Гуамтай, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Японтой тус тус тоглоно. Мөн 2025 онд үлдсэн тоглолтууд хийнэ.

7. СУПЕР БОУЛ – ХОЁРДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР

Америк хөлбөмбөгийн аварга багийг тодруулах 58 дахь удаагийн Супер боул ирэх сард Лас Вегаст болно. Монголчуудын хувьд тоглолт нь гэхээсээ илүүтэйгээр тоглолтын дундуурх тоглолтод их ач холбогдол өгдөг билээ. Энэ жил алдарт дуучин "Usher" тоглолтоо хийх гэнэ.

8. АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ НААДАМ – ХОЁРДУГААР САРЫН 24-НӨӨС ГУРАВДУГААР САРЫН 6

2021 онд болох байсан энэхүү наадам эцэст нь гурван жилийн дараа болох гэж байна. Дроны уралдаан, текбол, цахим спорт зэрэг тун шинэлэг хөтөлбөртэй тус наадамд Монголын баг тамирчид өрсөлдөнө.

9. ФОРМУЛА – 1 – ГУРАВДУГААР САРЫН 8-НААС АРВАНХОЁРДУГААР САРЫН 8

Авто спортын хурд, хүчний гайхамшгийг илтгэдэг “Формула-1” уралдааны шинэ улирал Бахрейн болон Саудын Арабаас эхлэнэ. Энэ улирал нийт 24 уралдаан болох бөгөөд Хятад, Майами, Австри, Остин, Бразил, Катарт спринт уралдаантай аж.

10. УРАН ГУЛГАЛТЫН ДАШТ – ГУРАВДУГААР САРЫН 18-НААС 24

Оросуудгүй уран гулгалтын ДАШТ давсгүй хоол мэт. Тэдний эзгүйд япончууд ноёрхлоо тогтоосон. Канадад эхлэх дэлхийн аваргад Японы Шома Үно болон Каори Сакамото нар аваргаа хамгаалахаар эрэн ирнэ.

11. ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АВАРГА – ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 16

Киргизстаны нийслэл Бишкек хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга болно. Монголчууд Астанад болсон өнгөрсөн жилийн Азийн аваргаас нэг алт, гурван мөнгө, таван хүрэл гээд нийт есөн медаль хүртэж, багаараа наймдугаар байрт орсон билээ.

12. БОКСЫН АЗИЙН АВАРГА – ДӨРӨВДҮГЭЭР САРД

Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний тов, зохион байгуулах улс одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч 2024 оны дөрөвдүгээр сард гэж хуваарь гаргажээ.

13. 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭН – ДӨРӨВ БОЛОН ТАВДУГААР САР

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпийн эрх олгох гурван тэмцээн хүлээж байна. Эхний тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Хонг Конгт болно. Хэрэв эндээс эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 3-наас 5-ны өдөр Японд нэг тэмцээн бий. Мөн аз дутвал тавдугаар сарын 16-наас 19-ний өдөр Унгарт сүүлийн боломжийнхоо төлөө өрсөлдөнө.

14. ЖҮДО БӨХИЙН ДАШТ – ТАВДУГААР САРЫН 19-НӨӨС 24

Жүдо бөхийн дэлхийн аварга олимпийн өмнөхөн Абу Дабид болно. Олимпийн өмнө гэдэг утгаараа шигшээ багууд шилдгүүдээ илгээх эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс шинэ аваргууд төрж болох юм.

15. УЕФА АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ – ЗУРГАДУГААР САРЫН 1

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финал Англи улсад алдарт Уэмбли цэнгэлдэхэд болно. Манчестер Сити, Арсенал зэрэг нутгийн баг нь финал хүртэл явж чадах болов уу?

16. КОПА АМЕРИКА – ЗУРГАДУГААР САРЫН 20-НООС ДОЛДУГААР САРЫН 14

АНУ-ын 14 хотын 14 цэнгэлдэхэд Америк тивийн хөлбөмбөгийн аваргын тоглолтууд болно. Мессигийн Аргентин аваргаа хамгаалахаар очно.

17. УЛААНБААТАРЫН ИХ ДУУЛГА – ЗУРГАДУГААР САРЫН 28-НААС 30

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн өмнөх сүүлийн албан ёсны тэмцээн нь Улаанбаатарын Их дуулга.

18. ЕВРОПЫН АВАРГА – ЗУРГАДУГААР САРЫН 14-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 14

Герман улс 2006 оны дэлхийн аваргаас хойш анх удаагаа ийм томоохон хэмжээний хөлбөмбөгийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Эзэн орон гэдэг утгаараа тэднээс их зүйл хүлээж байгаа. Финалын тоглолт долдугаар сарын 14-ний өдөр Берлиний олимпийн цэнгэлдэхэд болно.

19. ТУР ДЕ ФРАНС – ЗУРГАДУГААР САРЫН 29-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 21

Мэргэжлийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Гранд Тур зэрэглэлийн олон өдрийн Тур де Франс уралдаан олимпийн өмнө Франц улсын чанар, чансааг шалгана.

20. ПАРИСЫН ОЛИМП – ДОЛДУГААР САРЫН 26-НААС НАЙМДУГААР САРЫН 11

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам энэ жил болно. Ингэхдээ олимпийн наадмын эртний түүхтэй Парис хотноо дэлхий нийтийг нэгтгэнэ. Парис хот өмнө нь 1900 болон 1924 онуудад олимпийг зохион байгуулж байв. Нийт 8.3 тэрбум еврогийн өртөгтэй болох тус наадамд арван мянга гаруй тамирчид өрсөлдөнө.

21. ПАРИСЫН ПАРАЛИМП – НАЙМДУГААР САРЫН 28-НААС ЕСДҮГЭЭР САРЫН 8

Мөн паралимп удахгүй эхэлнэ. Одоогоор Монголын нэг тамирчин эрхээ аваад байна.

22. THE INTERNATIONAL – ЕСДҮГЭЭР САРААС АРАВДУГААР САР

Цахим спортын хамгийн алдартай төрлүүдийн нэг болох "Dota2"-ийн дэлхийн аварга ирэх есдүгээр сард эхэлнэ. АНУ-ын Сиэтл хотноо болох товтой байна.

23. PERFECT WORLD SHANGHAI MAJOR 2024 – АРВАНХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС 15

Монголчуудын амжилт үзүүлдэг "CS2"-ийн Копенгагены Мэйжор гуравдугаар сарын 17-нд эхлэх бол оны сүүлийн Шанхайн Мэйжор арванхоёрдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Мөн "IEM"-ийн таван тэмцээн биднийг хүлээж байна.

24. PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP – АРВАННЭГДҮГЭЭР САРААС АРВАНХОЁРДУГААР САР

Англи улсад PUBG Mobile-ийн дэлхийн аварга болно. Нийт гурван сая ам.долларын шагналын сантай тэмцээний тов эцэслэн гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж