Хойд Солонгосын 2024 оны стратеги

Хойд Солонгосын 2024 оны стратеги

Хойд Солонгосын 2024 оны стратеги

Ханойн 2019 оны дээд хэмжээний уулзалтаас хойш Хойд Солонгос улс пуужингийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болсон. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгост консерватив ерөнхийлөгч Юн Сук Ёл сонгогдсоноор Солонгосын хойгийн хурцадмал байдал улам даамжирсан билээ. Тэгвэл Хойд Солонгос улс энэ онд АНУ, Өмнөд Солонгос, ОХУ гээд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй хэрхэн харилцаагаа хадгалах талаар энэхүү нийтлэлд онцолж байна.

ХОЙД СОЛОНГОС БА ОРОСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Өмнөд Солонгос, АНУ-ын харилцаа хүчирхэгжихтэй зэрэгцээд Хойд Солонгос ч бас Оростой харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ч үүнийгээ тодорхой илэрхийлсэн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Ким Жон Уны дипломат ажиллагаа Оростой харилцаагаа бэхжүүлэхэд үндсэндээ чиглэв. Тухайлбал, энэ хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу гэсэн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Ким Жон Ун 2024 онд ч энэ харилцаагаа хадгална гэж таамаглаж байна.

Украин дахь цэргийн тусгай ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Путинд өөртэй нь ижил төстэй удирдагчийн дэмжлэг хэрэгтэй. Ким Жон Ун яах аргагүй тэдний нэг юм. Хойд Солонгосоос ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг талууд няцаасаар байгаа ч Цагаан ордон өөрөөр баталж байна.

Хойд Солонгос улс есдүгээр сард ОХУ-д 1000 чингэлэг техник, сум нийлүүлсэн гэж Цагаан ордон мэдээлсэн. Түүнчлэн Өмнөдийн тагнуулын агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос наймдугаар сараас хойш Орос руу нэг сая гаруй их бууны сум илгээжээ. Үүнээс гадна ойрын тусгалтай баллистик пуужин, танк эсэргүүцэх пуужин, агаараас хамгаалах зөөврийн пуужин зэрэг хэд хэдэн төрлийн пуужинг Орост илгээсэн гэж таамаглаж байна. 

Энэ бүх дэмжлэгийн хариуд Путин Хойд Солонгост анхны цэргийн хиймэл дагуулаа амжилттай хөөргөхөд нь тусалсан байж болзошгүй. 

ЭНЭ ЖИЛ ДАХИН ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХГҮЙ

Хойд Солонгос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд тагнуулын хиймэл дагуулаа сансрын тойрог замд амжилттай байршуулжээ. Өмнөх хоёр удаагийн оролдлого нь техникийн асуудлаас болж бүтэлгүйтсэний дараа амжилтад хүрсэн нь энэ юм. Гурав дахь хөөргөлтийг аравдугаар сард хийнэ гэж анх мэдэгдэж байсан ч хугацааг хойшлуулсан нь Оросын хамтын ажиллагаатай холбоотой гэж таамаглав. 

Амжилттай хөөргөлтийн дараа Ким Жон Ун дахин тагнуулын хиймэл дагуулууд хөөргөнө гэж амласан. Гэхдээ тус улс энэ жил дахин хиймэл дагуул хөөргөх магадлал багатай гэж Өмнөдийн тагнуулын агентлаг таамаглажээ. 

Тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд АНУ-ын Сангийн яам арваннэгдүгээр сарын 30-нд Хойд Солонгосын найман агентад хориг арга хэмжээ авсан. Өмнөд Солонгос мөн Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан билээ. Хэрвээ Пёньян тагнуулын хиймэл дагуул хөөргөж, баллистик пуужин туршсаар байвал гэрээний үлдсэн заалтуудыг түдгэлзүүлж, хилийн ойролцоох бүсэд агаарын ажиглалт, шууд галын сургуулилтыг сэргээнэ гэж мэдэгджээ. 

ТРАМПТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Оростой харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээж буй Ким Жон Унд АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх сонирхол алга бололтой. Жо Байдены засаг захиргааны Хойд Солонгост чиглэсэн бодлого нь Обамагийн үеийн стратегийн шинэчилсэн хувилбар мэт харагдаж байна. Иймд Хойд Солонгос нь АНУ-тай гацсан цөмийн хэлэлцээг сэргээх сонирхолгүй байна. Хойд Солонгостой хэзээ ч, хаана ч, ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Байден мэдэгдсэн ч Ким Жон Ун үүнд хариу өгөөгүй. 

Гэхдээ 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдвол нөхцөл байдал өөрөөр эргэх магадлалтай. Ким Жон Ун энэ сонгуулиар Трампийг дэмжсэнээр Хойд Солонгосын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулахыг хүсч байна.

АНУ-ын бусад улстөрч хоёр улсын харилцааг хэвийн болгохыг хүсэхээсээ илүү Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ татахыг шахна гэж Пёньян дүгнэсэн байх магадлалтай.

Хойд Солонгос пуужингийн туршилтдаа үндэслэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц болон шинэ хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин бүтээхэд анхаарснаар АНУ-ын эх газрыг онилох чадвараа ахиулж магадгүй. Тус улс АНУ-ын армийн эсрэг хэт авианы зэвсэг, олон цэнэгт хошуут пуужин бүтээх магадлалтай гэж дүгнэж байна. 

СОЛОНГОС ХООРОНДЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БАЙХГҮЙ

Юн Сук Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр Солонгосын харилцаа тодорхой болсон. Тэрбээр өмнөх удирдагчдын нэгэн адил Хойд Солонгосын талаар увайгүй үг хэлснээр хэлэлцээ хийх боломжийг үгүй хийжээ. 

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн арваннэгдүгээр сард Сөүлд айлчлах үеэрээ Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Шин Вон Сиктэй уулзаж, тусгайлан боловсруулсан урьдчилан сэргийлэх стратегийн гэрээний шинэ хувилбарт гарын үсэг зурсан. Энэ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт чиглэсэн дорвитой арга хэмжээ авахын тулд сүүлийн 10 жилд хийсэн анхны засвар байв. Гэрээний шинэчилсэн хувилбар нь АНУ-ыг Өмнөд Солонгосын аюулгүй байдалд хэрхэн тууштай хандаж байгааг харуулах аж. Тодруулбал, Хойд Солонгос цөмийн зэвсгийн халдлага үйлдсэн тохиолдолд АНУ цөмийн хөрөнгө зэрэг цэргийн хүчин чадлаа бүрэн ашиглах юм. 

Юн Сук Ёл Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийн эсрэг АНУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хичээж буй. Тэрбээр Пёньяны пуужингийн заналхийллийг АНУ-ын стратегийн хөрөнгөд түшиглэн шийдвэрлэхийг илүүд үзэж байна. Үндсэндээ Юн Сук Ёл Хойд Солонгосын удирдагчийг хэлэлцээрийн ширээний ард суулгах дипломат арга замыг идэвхийлэн хайхгүй гэж үзэв. 

Хойд Солонгосын талаарх байр сууриа Юн Сук Ёл өөрчлөөгүй цагт Пёньяны хатуу хандлага өөрчлөгдөхгүй.

Харин ч эсрэгээрээ Юн Сук Ёл АНУ-ын хориг арга хэмжээг улам ахуилахыг хичээнэ. Хориг арга хэмжээ бол Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй түрэмгийллийг даван туулах хамгийн хүчирхэг, үр дүнтэй бодлого гэж Өмнөд Солонгос үзэж байна. 

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж