Египетийн пирамид нь 4700 жилийн настай бөгөөд дэлхийн хамгийн эртний пирамид гэдгээрээ алдартай. Тэгвэл эрдэмтэд 27 мянган жилийн настай балар эртний пирамидыг Индонезиэс олжээ.
Индонезийн Баруун Жава дахь Гунунг Паданг нь өндөрлөгт орших газар нутаг юм. Уг өндөрлөгийн хөрсний доор хүний гараар барьсан агуй, өрөөнүүд байгаа бол энэ нь хамгийн эртний пирамид болно гэсэн үг. Цаашилбал, энэ нь палеолитын эрин үеийн соёл иргэншлийг тойрсон итгэл үнэмшил, ойлголтуудыг бүрэн үгүйсгэх болно.
Эрдэмтэд дүгнэлтээ гаргахын тулд газрын гүнд нэвтрэх технологийг ашиглажээ. Үүний үр дүнд хөрсөн доорх эхний давхарга нь 27-16 мянган жилийн өмнөх үетэй холбоотой болохыг олж илрүүлсэн байна. Энэ давхаргын хад чулууг нарийн төлөвлөж, нямбайлан сийлсэн байжээ.
Гэхдээ үүнийг хүний гараар хийсэн гэж нотлох баримт хангалттай бус юм. Байгалийн хөдөлгөөн, өгөршлийн улмаас чулуу сийлэгдэж, өнхөрч, төлөвлөгдсөн мэт харагдуулдаг гэдгийг "Nature" сэтгүүлд бичжээ.
Түүнчлэн хөрсний дээж 27 мянган жилийн өмнөх үеийнх байж болох ч хүний үйл ажиллагааны шинж тэмдэг байхгүй байгааг Өмнөд Коннектикут мужийн их сургуулийн археологич Билл Фарли хэлэв. Ялангуяа тухайн цаг хугацаанд Индонезид ямар нэгэн томоохон суурин байсан гэж үзэх үндэслэл байхгүй аж.
Эх сурвалж: PREVENTION