ОХУ-ын ерөнхийлөгч Путин он солигдох мөчид ээлжит мэндчилгээгээ хүргэхдээ хэлэх үгээ мэдэгдэхүйц богиносгож, товч тодорхой болгожээ. Мөн цэргийн дүрэмт хувцастай хүмүүсээр хүрээлүүлж, сүржин маягаар зогссонгүй. Тэрбээр Кремлийн гадаа ард түмэндээ хандан үг хэлэхдээ ганцаараа зогсжээ.
Мэндчилгээ гурван минут 35 секунд үргэлжилжээ. Гэтэл өнгөрсөн жилийн мэндчилгээ есөн минут орчим үргэлжилсэн бөгөөд цэргийн дүрэмт хувцастай хүмүүс түүнийг хүрээлэн зогссон байсан. Тэр хүмүүс нь жинхэнэ цэргийн алба хаагчид бус жүжигчид, төлөөлөгчид байжээ.
Мөн телевизээр Путины мэндчилгээг дамжуулах үеэр Украины нутаг дэвсгэрт ОХУ ид пуужингаар халдаж байв.
Путин үг хэлэхдээ Оросын нэгдмэл нийгмийг магтан дуулжээ. Мөн 2023 оныг Оросын нийгэм өндөр түвшинд эвсэн нэгдсэн жил гэж тодорхойлсон байна. Түүний хэлсэн үгний гол утга агуулга мэдээж Украины дайнд чиглэсэн. Тодруулбал, Путин Украинд тулалдаж буй цэргүүддээ хандан "Бид та нараар бахархаж байна. Та нар бол баатрууд. Бүх ард түмний дэмжлэгийг та бүхэн мэдэрч байгаа байх" гэж хэллээ.
Түүнчлэн "Орос хэзээ ч ухрахгүй. Оросуудыг хагалан бутаргаж, улс орны хөгжлийг зогсоох хүчин байхгүй" гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ч бас Путинтэй ижил төстэй үгээр оросуудад шинэ оны мэнд хүргэлээ. Тэрбээр "Бодол санаа, зүрх сэтгэл фронт дахь хүмүүстэй хамт байна. Өнгөрч буй он биднээс онцгой тогтвортой байдал, эв нэгдэл, жинхэнэ эх оронч үзлийг шаардсан. Ирэх оныг неофашизмыг ялах сүүлийн жил болгоё" гэжээ.
Дашрамд дурдахад, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын хилийн Белгород хот агаарын цохилтод өртөж, 24 хүн нас барсан. Мөн 108 хүн шархаджээ. Энэ нь дайн эхэлснээс хойш Оросын газар нутагт болсон хамгийн томоохон халдлагуудын нэг болсон. Энэхүү халдлагын дараа шинэ жилийн баяраар ёслолын буудлага буудуулахыг хориглосон байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, POLITICO
Холбоотой мэдээ