Эрчим хүчний яамнаас өдөр бүр иргэд рүү анхааруулга, зөвлөмж мессежийг хүргүүлж буй. Тодруулбал, цахилгааны хязгаарлалт хийх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн учир аль болох хэрэглэгчдийг эрчим хүчээ гамтай хэрэглэхийг анхааруулж байгаа юм. Эрчим хүчний яамны ажлын хэсэг Орос улсад ажиллаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэн сайд хойд хөршийн Эрчим хүчний сайд Николай Шульгиновд албан бичиг бичиж, Гадаад харилцааны яамнаас нот бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. Цахилгаан эрчим хүчний зайлшгүй тохиолдолд хийх хязгаарлалттай холбоотойгоор хугацаа эцэслэсэн шийдвэр одоогоор гараагүй ч эхний ээлжид төвийн эрчим хүчний системээс цахилгаан авдаг зургаан аймаг, 150 сумын тогийг цагийн зохицуулалттай хязгаарлана гэсэн юм.
Хуулиар үүрэг хүлээсэн нийт 124 аж ахуй нэгж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр эрчим хүчний хэмнэлт хийнэ гэсэн юм.
Төвийн бүсийн зургаан аймагт Төв, Дархан, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймаг багтаж байгаа бөгөөд тогны хязгаарлалтыг зайлшгүй тохиолдолд эдгээр аймгийн нийт 150 суманд өдөрт 2-3 цагаар зааглана. Дархан-Уул аймаг нийт 11,3 мянган айл өрх, 1500 гаруй аж ахуй нэгжийг хангадаг.
Харин Төв аймгийн тухайд нийт 12 мянган хэрэглэгчид үйлчилдэг бөгөөд 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг байна.
Төвийн бусад аймгууд ч 10-аас дээш мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг байна. Тиймээс төвийн аймгуудад өдөр 2-3 цагийн хязгаарлалт хийх нь бодит хэмнэлт болох боломжтой гэж урьдчилсан байдлаар Эрчим Хүчний яамнаас тооцоолжээ. Тиймээс баярын орой ч цахилгаан хязгаарлаж болзошгүй байгааг анхааруулж байна.
Холбоотой мэдээ