нийгмийг цочирдуулж, Ардчилсан хүчний лидерүүд “ах” намынхаа өгсөн
захиалгын дагуу өөр дотроосоо алуурчныг хайн бие биенийхээ “өмдийг
тайлж” байхад талийгаач С.Цогтсайхан “Монгол хүн улс төрийн захиалгат
аллага хийх цаг нь болоогүй ээ. Манайхан чинь автобусанд шахцалдаад хөл
дээрээ гишгэсний төлөө, эсвэл айлын авдар ухаж байгаад баригдангуутаа
бантаад хутга гаргадаг л улсууд байхгүй юу” гэж хэлж байсан. Үндсэндээ
энэ аллагад гаднынхны гар хөл оролцсон, харин манайхан тэдний хаясан
ясыг нь зуугаад бие биенээ хэмлэж байна гэдэг санааг л хэлсэн юм л даа.
Сүүлийн үед манай улс төд өрнөөд байгаа үйлдэл, үзэгдлүүдийг харахаар
С.Цогтсайхан агсны тэр үг санагдаад болдоггүй ээ. Ардчилсан нам, МАХН
хоёрын дотоодод болж байгаа үйл явцыг харьцуулаад харахаар…
Ардчилсан намын бүлэг фракциуд
намаа шинэчлэх, ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг эхлүүлэх
дажинд мордов. Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа хийж,
“Монголоо шинэчлэх” уриа дэвшүүлээд байгаа ч хоёрхон хоногийн дараа
багаа хуулснаас үзвэл тэд зүгээр л намын удирдлагыг гартаа авах,
хамтарсан Засгийн газрыг буулгахын төлөө нэгдэж байгаа бололтой. Үүнийг
зарим хэсэг нь Ардчилсан намын хоёрдугаар ээлж хоолондоо орж гэж байна
гэж нэрлээд байгаа. Гэхдээ тэдний нүдэнд хүмүүсийн хардаад байгаа шиг
Тавантолгой, Оюутолгойн орд харагдаад байгаа нь юу л бол. Цагаа тулбал
МАХН тэднийг царайчлахгүйгээр засгаа бүрдүүлчих юм чинь. Үндсэндээ ирэх
сонгуульд хэн нь хүчтэй байх вэ, хэн намын удирдлагад, ирэх 2012 оны
сонгуулиар такс хураах вэ гэдэг л бодол явж байгаа болов уу. Харин тэр
замд нь шинэчлэлийн ганц нэг санаанууд орж ирвэл их юм.
Ямар ч байсан сая орон нутгийн
намууд дээр явуулсан дотоод сонгуулиар Ардчилсан нам дунд шатандаа
болохоо больсныг харууллаа. Намын дотоод ардчиллыг бий болгох ёстой
ротацийн дүрэм нь эргээд энэ намыг хорлож, тойргийг мөнгөөр худалддаг
жинхэнэ феодалуудын наймаа болж хувирсан. Ер нь Ардчилсан нам засагт
орох болгондоо ингэж доод дунд шатаа зөнд нь хаядаг, тэд нь дотооддоо
тэмцэлдсээр намаа сульдаадаг байсан түүхтэй. Ийм нөхцөлд Ардчилсан
намынхны нэг их гайхуулаад байгаа намын дотоод ардчилал, хэвтээ
удирдлагын тогтолцоо үр дүнгээ өгч байсан удаагүй. Ардчилсан хүчний
холбооны энэ сүр дуулиантай эхлүүлсэн намын шинэчлэл ч гэсэн намын
дарга солигдож, нэг фракц нь нөгөөгөө түлхэж унагаснаар л өндөрлөх
болов уу.
Харин МАХН дотор бол жинхэнэ том
бооцоотой тоглоом явж байна. Ардчилсан намын доторх дажин өөрөө
өөрийгөө хөнөөхөөс хэтрэхгүй бол МАХН-ын дотоод дахь тэмцэл улс орныг
сөхрүүлэх аюултай. Яагаад гэвэл энэ нам ардчилал тогтсон гэдэг сүүлийн
20 жилд ч гэсэн засгийн эрхээс нэг ч удаа бууж үзээгүй, улс төрийн бүх
эрх мэдэл энэ намд ээлжгүй хадгалагдсаар ирсэн. Энэ 20 жилд ганцхан
удаа Ардчилсан хүчин эрх барьсан 1996-2000 оны их парламентад ч гэсэн
МАХН-ын цөөнх Ардчилсан холбоо эвслийг дотроос нь хагалан, өөрсдийн
сонирхлыг гүйцэлдүүлсээр ирсэн. Үүний улмаас анх удаа засгийн эрхэнд
гарсан Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ хугацаанд МАХН-ын
оролцоотойгоор дөрвөн ч Засгийн газар сэлгэсэн байдаг. Харин 2008 оны
сонгуулийн дараа Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал болж, таван
хүний амь үрэгдсэн тэр эмгэнэлт явдлын хариуцлагаас мултрахын тулд
С.Баяр Ардчилсан намыг Засгийн газартаа урьж оруулсан. Тухайн үед ямар
ч боломжгүй мэт харагдаж байсан энэ шийдвэрийг МАХН-ын бага хурал 100
хувийн саналаар дэмжсэн нь тус нам ямархуу хүнд байдалд ороод байсны
нэг илрэл. Гэвч одоо цаг үе өөр болсон. Боломжгүй зүйлийг ч боломжтой
болгож чаддаг С.Баярын “стандарт бус” шийдвэрүүд эзэнтэйгээ хамт
хуучирч, дээр нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа шахагдсан
нэгэн эрхэм улс төрд эргэж ирэхийг санаархаж байна. Гэхдээ зүгээр нэг
жирийн гишүүний ёсоор бус, намын дарга, Ерөнхий сайдын дүрээр эргэж
ирэх, урьд өмнө өөрт нь байсан бүхнээ эргүүлж авах, намынхаа
даргатайгаа тооцоо бодохоор.
нь сайн ч муу ч намын дарга нь өвчтэй, эзгүй байх хооронд иймэрхүү зүйл
хийх нь ядахдаа эр хүний ёс жудгийн хувьд жаахан чамлалттай хэрэг ч
одоо бол түүнд энэ бүхэн хамаагүй л дээ. Тэр байтугай улс орны ирээдүй,
эрх ашиг хүртэл тэр нэг хувь хүний амбиц, сонирхлын дэргэд юу ч биш
гэдгийг тэр сүүлийн үед өгч байгаа ярилцлагуудаараа нотлоод өгсөн.
Түүнгүй өнгөрүүлсэн хоёр жилийн дотор Монгол Улсад хоёрхон том өөрчлөлт
гарсан юм. Нэг нь анх удаа монголчууд сонгуулийн үр дүнг сэтгэл
хангалуун, цээж тэнэгэр хүлээж авсан. Хоёр дахь нь сайн ч муу ч
хамтарсан Засгийн газар Оюутолгойн гэрээг үзэглэж, олон жил хүлээсэн
уул уурхайгаа эргэлтэд оруулсан явдал. Харин “number one” одоо
хүртэл аль алиныг нь үзэн ядсаар байна. Гэхдээ С.Баярын байр суурийг
эзлэхээр яарч байгаа хүн нь ганц Н.Энхбаяр биш. Нэг үе намын дарга,
Ерөнхий сайд байгаад бага хурлынхаа гишүүдийн шахалтаар С.Баярт зайгаа
тавьж өгсөн М.Энхболд Ерөнхий сайд С.Батболдоос илүү баг бүрдүүлээд,
намынхаа генсекийг үүндээ татаад оруулчихсан явж байгаа. Харин тэдний
хооронд Ардчилсан намын дүүрэг хороод дээр бие биенээ татаж унагадаг
тав, арван саяын наймаа биш, жинхэнэ тэрбумаар үнэлэгдэх том наймаа, Оюутолгой,
Тавантолгой урантайгаа, төмрийн ордтойгоо яваа. Эрх ашиг нэгдвэл хэн нь
ч хэнийгээ татаад гаргаж чадна. Гэхдээ энэ хоёрын хэн нь ч гарч ирлээ
гэсэн МАХН нийгэмд ямар нэг шинэчлэл авч ирэхгүй. Өөрсдөө хийж чадахгүй
учраас өөр бусдыгаа ч урагш нь алхуулахгүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө
талдаа татах, хэрэг нь дууссаны дараа шавар шавхайд хутгаад хаях улс
төрийн хамгийн хэрцгий тоглоом ч энэ л намаас гардаг. МАХН-ын сүүлийн
20 жилд хамгийн сайн хийж ирсэн ганц зүйл нь энэ. Яг одоо Ардчилсан
намын дотоодод бий болоод байгаа хагаралд ч гэсэн МАХН-ын гар хөл ямар
нэг хэмжээгээр дүрээтэй байгаа.
Б.СЭМҮҮН