Хүйтний улиралд томуугийн тархалт ихэсдэг. Гэвч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад томуугийн тархалт их байгаа бөгөөд мөн богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган, томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар сүүлийн долоо хоногт томуугийн тархалт нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрсэн. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, нийт дуудлагын 50.1 хувь нь томуугийн дуудлага байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхэдтэйгээ очсоноор тархалтыг нэмэгдүүлж байна гэв. Нөгөө талд эмнэлгийнхэн өвдсөн хүүхдүүдийг бүр хүндрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх зөвлөгөөг өгч байгаа юм. Харин үүнд эцэг, эхчүүд төдийлөн ам сайтай биш байлаа.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны "Хасагт Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төв. Өглөөнөөс орой хүртэл уртасгасан цагийн хувиараар ажиллаж, амралтын өдрүүдэд ч цаг сунгаад буй. Өдөрт 90-120 хүнд тусламж үзүүлж байгаагаас ихэнх нь бага насныхан.
Өрхийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь ханиад томуу гэх шалтгаантай. Эмч нарын хэлж байгаагаар ханиадны шинж тэмдэггүй, ханиалгахгүй байсан мөртлөө 2-3 хоногт хатгаа болж хүндэрч ирсэн хүүхэд их байна гэлээ.
Холбоотой мэдээ