ОХУ-ын парламентын гишүүн, ерөнхийлөгч Владимир Путины холбоотон Лхагва гаригт гэрийнхээ гуравдугаар давхраас унаж нас барсан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Путины эрх баригч Нэгдсэн Орос намын гишүүн, 46 настай Владимир Егоров баруун Сибирийн Тюмень мужийн Тобольск хот дахь гэрийнхээ цонхоор унаж амиа алдсан байна.
"База" агентлагийн мэдээлснээр, Егоровын цогцсыг Лхагва гаригийн үдээс хойш нэгэн байшингийн гаднах хашаанаас олсон бөгөөд цагдаа нар түүний үхлийн шалтгааныг шалгаж байгаа талаар мэдээлжээ. Оросын ТАСС агентлаг мөн Егоров унаж нас барсан гэж Тюмень мужийн мөрдөн байцаах хэлтсээс иш татан мэдээлэв.
Егоров өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 онд авлигын хэрэгт холбогдсон ч ял аваагүй. Гэхдээ хотын захиргаан дахь албан тушаалаасаа огцорсон гэж "New York Post" сонинд бичжээ. Дараа нь тэр улс төрийн карьер хөөж эхэлсэн байна.
Украинтай дайн эхэлснээс хойш Оросын бусад олон алдартай хүмүүс учир битүүлгээр өндрөөс унаж нас барсан. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Оросын нэгэн банкны дэд ерөнхийлөгч 28 настай Кристина Байкова 11 давхрын байрнаасаа унаж амиа алдсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Оросын цэргийн ахлах офицер Марина Янкина Санкт-Петербургт 16 давхраас унаж амиа алдсан юм. 2022 оны есдүгээр сард Оросын нефтийн “Лукойл” компанийн ТУЗ-ийн дарга Равиль Маганов Москвад эмнэлгийн 6 давхрын цонхоор унаж нас баржээ.
Үүний зэрэгцээ, өнгөрсөн наймдугаар сард Вагнерын хөлсний цэргийн удирдагч Евгений Пригожин болон түүний хэд хэдэн ахлагчдын сууж явсан нисэх онгоц Санкт-Петербург руу нисч явахдаа осолдож нас барсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард Украины түрэмгийллийг шүүмжлэгч гэгдэж байсан ОХУ-ын Шинжлэх ухааны дэд сайд Петр Кучеренко Москва руу нисч явахдаа хүндээр өвчилж, гэнэт нас барсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эрчим хүчний тэргүүн Игорь Шкурко хахууль авсан хэргээр хоригдож байхдаа шоронгийнхоо өрөөнд нас барсан байдалтай олдсон юм.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ