Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.29/ боллоо. Наадмаас хойш сүүлийн саруудад тохиогоогүй үзэх юм ихтэй, ярих зүйлс олонтой өрсөлдөөнтэй, сайхан барилдаан болж өнгөрлөө. Тасалбар нь зарагдаж эхэлснээсээ хойш төд удалгүй дуусч, өчигдөр бөхийн өргөөнд суух сандал бүү хэл, бөгс тавьчих сул шат ч олдсонгүй.

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумъяабат, аймгйин арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй өнөө цагийн олон дэмжигчтэй бөхчүүд зодоглоогүй ч улсын заан Н.Жаргалбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Т.Баасанхүү тэргүүтэй ойрд заал танхимын барилдаанд харагдаагүй бөхчүүд эргэн ирсэн юм.

Нэгийн даваанаас л сонирхолтой барилдаанууд болсон. Р.Пүрэвдагва арсланг сумын заан А.Амархүү удаан, хүч шавхсан барилдааны эцэст буулган авч, цомын барилдааныг шуугиантай эхлүүлэв. Мөн улсын цолонд ойрхон гэгдэж буй цэргийн заан Ө.Батсуурь өнөө цагийн хүчит начин Д.Хүдэрбулгыг давж, өргөөнд чуулсан олныг шуугиулсан. Д.Хүдэрбулга начин ч олны хайрыг татаж, барилдааны үед саад учирсан ч асуудалгүй тахимаа өгсөн.

Гурвын даваанд Б.Бат-Өлзий заан Ж.Ням-Эрдэнэ начныг амласан нь анхаарал татсан. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон барилдаанд Б.Бат-Өлзий заан начныг амлан авсан ч өвдөг шороодсон юм. Харин энэ удаад даагаа нэхэн даваагаа авчээ. Харин улсын харцага Б.Цэдэнсодном чанга ам авч, улсын начин Д.Амарсайханд тахим буулгав.

Энэ өдөр Б.Серик заан олны анхаарлыг татсан. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасныхаа төлөө нэг жилийн хугацаатай барилдах эрхээ хасуулсан тэрбээр хөлийн цэцэд туслах ажил хийж байгаа бөгөөд нийт зургаан барилдаанд туслахаар ажиллаж, эрх нь сэргэнэ гэх мэдээлэл байна.

Дөрвийн давааны оноолт том цолтнуудад харшилсан. П.Бүрэнтөгс аварга улсын начин Б.Түмэндэмбэрэлд, О.Хангай аварга Д.Амарсайхан начинд, Ц.Бямба-Отгон гарьд Г.Ганхуяг харцагад тус тус унасан юм. Ийнхүү түрүү бөхийн тоонд явсан дээгүүр цолтнууд унаж, хурдан шаламгай барилдаантай бөхчүүд таавар эвдэв.

Ер нь үндэсний бөхийн холбоо барилдааны дүрмэндээ өөрчлөлт хийснээс хойш барьц сонгож, шуудагнаас барилддаг жин ихтэй бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр жин багатай, хурдан шаламгай барилдаантай бөхчүүд амжилт гаргах нь олширч, үзэгчид ч уран тансаг мэхний гүйцэтгэлтэй барилдаан их үзэх болсон билээ.

Тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан эхэлж ам авахдаа Н.Жаргалбаяр зааныг сонгосон нь сонирхолтой байлаа. Учир нь Н.Жаргалбаяр заан өмнөх даваандаа өнгөрсөн жилийн цомын үзүүр бөх Г.Бадрах харцагыг даваад байсан юм. Сэлэнгийн манлай зааныг ч бөхийн өргөөндөө эргэн ирж, барилдаанд идэвхтэй оролцож байгаад фэнүүд нь тунчиг ам сайтай байв. Хүч тэнцүүхэн хоёр манлай зааны барилдааны эцэст Б.Пүрэвсайхан давсан.

Нөгөө талд Б.Бат-Өлзий заан Б.Түмэндэмбэрэл начныг, Д.Амарсайхан начин М.Лхагвагэрэл зааныг, Г.Ганхуяг харцага У.Золбоо харцагыг тус тус давж, зургаагийн даваанд босох дөрвөн бөх тодров. Ингэхдээ бүр Ховдоос гурван бөх үлдсэнд "Цомын барилдаан Ховдын наадам боллоо" гэх яриа хүртэл яриа гарчээ.

Б.Пүрэвсайхан заан Д.Амарсайхан начныг амлаж, өргөө шуугив. Угтаа Б.Пүрэвсайхан заан нэгэн цагт үеийн найз Д.Амарсайхан начинд хандан "Би дахиж чамайг амлахгүй" гэсэн гэдэг. Гэтэл цомын барилдаан дээр Булганы ганц начинг амлаж, нутгийн хоёр дүүгээ үлдээв. Д.Амарсайхан начин ч "Гүндүүгүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заан, Б.Бат-Өлзий заан гэсэн гурван бөхийг яаж ч барилдаад дийлдэггүй" гэж ярьсан түүхтэй. Харин энэ өдөр "Амаргүй" начин давдаггүй гэсэн даваагаа давав.  Хажууханд нь Г.Ганхуяг харцага үнэхээр дийлсэнгүй. Б.Бат-Өлзий заан ч хэзээний барилдаж сурсан барилдаандаа дахин үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа.

Ийнхүү заан, начин хоёр баруун, зүүн талын засуулуудаа ханаруулан дэвэн дэвсээр гарч ирсэн. Барилдаан удаан ч үргэлжилсэнгүй. Сэнжиг, элэг бүс, шуудаг гээд хуруу орж байгаа барьц бүрээс л зайлж дунгуйлдаад эргүүлчих чадалтай Д.Амарсайхан начин зүүн талдаа нааж хавираад бөхийн өргөөний анхны түрүүгээ хүртжээ. Түрүүлэхдээ бүр өнөө цагийн Ховдын шилдэг гурван хүчтнийг дараалан хаяж, өнөөх давдаггүй гурван даваагаа нэгэн зэрэг гаталж, Ерөнхийлөгчийн цомын эзэн болов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-30 202.9.40.27

Амарсайхан начин үнэхээр үзүүштэй сайхан барилдааныг үзүүлсэн. Гахйалтай гэж хэлэхээс өөр үг алга. Олон ч хүн баярласан. Ховдын 2 зааныг давна гэж бодоогүй. гэвч тэр Ховдын 3 бөхийг дараалан ялсан. Улсын наадамд ингэж барилдсан бол дор хаяж заан болох байлаа. Начиндаа цаашдын барилдаанд нь амжилт хүсье.

Avatar

Эрдэнэ 2023-12-30 43.242.243.34

сайхан барилдаан үзүүлсээр түрүүллээ

Avatar

Зочин 2023-12-30 202.179.25.87

Уран мэхийг уралдуулан гайхалтай сайхан барилдсан Амарсайхан начинд баяр хүргэе. Үнэхээр цоглог, өөртөө итгэлтэй байлаа

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.177.46

Жаргалбаяр гээд найраачин бсдаа нэгийгээ дээр өргөж газар саваад л муу өөдөлдөггүй хог

Avatar

Зочин 2023-12-30 103.212.117.95

Ямар сайхан барилдаан боловоо. Уран мэхийг уралдуулан хийж аваргуудыг “ тэнгэр харуулдаг “ Амарсайхан начиндаа улам их амжилт хүсье. Биеэ л битгий тоогоорой. Ард түмнийхээ итгэлийг даагаарай.Аварга болноо миний дүү. Серик бас их таалагдлаа. Бондойгоод номхон суугаад. Үндэсний бөх маань хөгжих нь дээ

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.176.129

Амаргүй бөх Амарсайхан начиндаа баяр хүргэе. Уран мэхийн уралдуулан үргэлж сайхан үзүүштэй барилдаан үзүүлж байхыг хүсье

Avatar

Нэргүй 2023-12-30 202.9.40.67

БУРХАН ШАШИНТНЫ ТӨВӨӨС БУРХАН, СУДАР ГАРДУУЛЖ БАЙГАА НЬ САЙХАН БАЙЛАА

Avatar

Иргэн 2023-12-30 66.181.180.201

Үнэхээр сайхан барилдаан боллоо. Барьц сонгох жин ихтэй бөхчүүдийн үе өнгөрснийг харууллаа даа.

Avatar

Зочин 2023-12-30 202.126.92.98

Дэндүү гоё барилдаан болсон. Ойрд үзээгүй барилдаан байлаа. Амарсайхан начиндаа амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.160.5

Барилдаан гэж иймэрхүү \ Амарсайханы барилдааныг хэлэв \ л юмыг хэлдэг байсансан . Ашгүй сэргэж магадгүй нь … Бас азаар , дотоожид нь атгасан хоёр гараа шургуулж – боожгойг нь атгаж – шахаж түрж хөөдөг Ховд угшилтай " шахаанд шургуулах " мэх ашгүй Пүрэвсайхан , Батөлзий нараар шувтрах нь шиг байна …

Avatar

Нэргүй 2023-12-30 202.21.127.142

Зөв хэллээ. Шуудаг атгаж хүн махлаж давдаг мэхгүй бөхчүүд цөөрөх болтугай.

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.178.38

а.сүхбат тухайн цаг үедээ үзэгч олныг өөртөө татаж бсан шалтгаан нь уяаа барилдаантай батэрдэнэ аваргыг хаяж шуугиулдагт бсан үзэгчид уран хурц барилдаан л хүсэж бдаг

Avatar

Сонирхогч 2023-12-30 66.181.191.26

ёстой сайхан барилдаан болсон шүү, Серик заан маань аавдаа загнуулсан дуулгавартай хүүхэд шиг сайхан л харагдаж байлаа, Заан Жаргалбаяр гарьд магнай киноны жигмэд арслан шиг л бөх хүний жудаггүй нүүр ам нь шазав татав хийгээд л, учраа бөхөө дээр өргөж чанга чулуудах зэргээр муухай харагдаж байлаа, Пүрэвсайхан заан маань хэлсэн амандаа хүрсэн бол барилдаан огт өөрөөр эргэж болох л байлаа. Амараа начин үнэхээр гайхалтай сайхан байсан шүү.

Avatar

Нэргүй 2023-12-30 139.5.218.36

эрх нь сэргээвэл сайхан л байна их юм боддог байлгүй дээ ид барилдаж байгаа үедээ ингээд суухаар хэцүү байдаг байх даа

Avatar

зочин 2023-12-30 103.57.92.215

Ид барилдаж хүч бяр тэгширсэн өрсөлдөгч бөхөө янз бүрийн аргаар гоочлон ад үзэж бэртээж гэмтээж сэтгэл санааны дарамт шахалтанд оруулж намнан зайлуулчихаад өөрсдийгөө цагийг эзэлсэн ухааны юм ярихаас ичээч

Avatar

ЗОЧИН 2023-12-30 43.242.243.225

ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ. ЦЭДЭНСОДНОМ, ЛХАГВАГЭРЭЛ, ХАНГАЙ, ПҮРЭВСАЙХАН, БАТ-ӨЛЗИЙГ ДАВЖ ТҮРҮҮЛНЭ ГЭДЭГ БАРАГ ЗҮҮДЭНД ОРОМГҮЙ ЯВДАЛ. ОД НЬ ГҮЙСЭН БӨХ НЭВТ ЯВДАГ ГЭДЭГ БОЛЛЛОО.

Avatar

Нэргүй 2023-12-30 66.181.178.38

наадмаар ч ийм хүнд барилдаан хийдэг бөх ховор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж