Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Хуучирсан мэдээ: 2023.12.30-нд нийтлэгдсэн

Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Тойм: Давдаггүй даваагаа давсан "Амаргүй" начны дэндүү ганган түрүү

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.29/ боллоо. Наадмаас хойш сүүлийн саруудад тохиогоогүй үзэх юм ихтэй, ярих зүйлс олонтой өрсөлдөөнтэй, сайхан барилдаан болж өнгөрлөө. Тасалбар нь зарагдаж эхэлснээсээ хойш төд удалгүй дуусч, өчигдөр бөхийн өргөөнд суух сандал бүү хэл, бөгс тавьчих сул шат ч олдсонгүй.

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумъяабат, аймгйин арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй өнөө цагийн олон дэмжигчтэй бөхчүүд зодоглоогүй ч улсын заан Н.Жаргалбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Т.Баасанхүү тэргүүтэй ойрд заал танхимын барилдаанд харагдаагүй бөхчүүд эргэн ирсэн юм.

Нэгийн даваанаас л сонирхолтой барилдаанууд болсон. Р.Пүрэвдагва арсланг сумын заан А.Амархүү удаан, хүч шавхсан барилдааны эцэст буулган авч, цомын барилдааныг шуугиантай эхлүүлэв. Мөн улсын цолонд ойрхон гэгдэж буй цэргийн заан Ө.Батсуурь өнөө цагийн хүчит начин Д.Хүдэрбулгыг давж, өргөөнд чуулсан олныг шуугиулсан. Д.Хүдэрбулга начин ч олны хайрыг татаж, барилдааны үед саад учирсан ч асуудалгүй тахимаа өгсөн.

Гурвын даваанд Б.Бат-Өлзий заан Ж.Ням-Эрдэнэ начныг амласан нь анхаарал татсан. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон барилдаанд Б.Бат-Өлзий заан начныг амлан авсан ч өвдөг шороодсон юм. Харин энэ удаад даагаа нэхэн даваагаа авчээ. Харин улсын харцага Б.Цэдэнсодном чанга ам авч, улсын начин Д.Амарсайханд тахим буулгав.

Энэ өдөр Б.Серик заан олны анхаарлыг татсан. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасныхаа төлөө нэг жилийн хугацаатай барилдах эрхээ хасуулсан тэрбээр хөлийн цэцэд туслах ажил хийж байгаа бөгөөд нийт зургаан барилдаанд туслахаар ажиллаж, эрх нь сэргэнэ гэх мэдээлэл байна.

Дөрвийн давааны оноолт том цолтнуудад харшилсан. П.Бүрэнтөгс аварга улсын начин Б.Түмэндэмбэрэлд, О.Хангай аварга Д.Амарсайхан начинд, Ц.Бямба-Отгон гарьд Г.Ганхуяг харцагад тус тус унасан юм. Ийнхүү түрүү бөхийн тоонд явсан дээгүүр цолтнууд унаж, хурдан шаламгай барилдаантай бөхчүүд таавар эвдэв.

Ер нь үндэсний бөхийн холбоо барилдааны дүрмэндээ өөрчлөлт хийснээс хойш барьц сонгож, шуудагнаас барилддаг жин ихтэй бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр жин багатай, хурдан шаламгай барилдаантай бөхчүүд амжилт гаргах нь олширч, үзэгчид ч уран тансаг мэхний гүйцэтгэлтэй барилдаан их үзэх болсон билээ.

Тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан эхэлж ам авахдаа Н.Жаргалбаяр зааныг сонгосон нь сонирхолтой байлаа. Учир нь Н.Жаргалбаяр заан өмнөх даваандаа өнгөрсөн жилийн цомын үзүүр бөх Г.Бадрах харцагыг даваад байсан юм. Сэлэнгийн манлай зааныг ч бөхийн өргөөндөө эргэн ирж, барилдаанд идэвхтэй оролцож байгаад фэнүүд нь тунчиг ам сайтай байв. Хүч тэнцүүхэн хоёр манлай зааны барилдааны эцэст Б.Пүрэвсайхан давсан.

Нөгөө талд Б.Бат-Өлзий заан Б.Түмэндэмбэрэл начныг, Д.Амарсайхан начин М.Лхагвагэрэл зааныг, Г.Ганхуяг харцага У.Золбоо харцагыг тус тус давж, зургаагийн даваанд босох дөрвөн бөх тодров. Ингэхдээ бүр Ховдоос гурван бөх үлдсэнд "Цомын барилдаан Ховдын наадам боллоо" гэх яриа хүртэл яриа гарчээ.

Б.Пүрэвсайхан заан Д.Амарсайхан начныг амлаж, өргөө шуугив. Угтаа Б.Пүрэвсайхан заан нэгэн цагт үеийн найз Д.Амарсайхан начинд хандан "Би дахиж чамайг амлахгүй" гэсэн гэдэг. Гэтэл цомын барилдаан дээр Булганы ганц начинг амлаж, нутгийн хоёр дүүгээ үлдээв. Д.Амарсайхан начин ч "Гүндүүгүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заан, Б.Бат-Өлзий заан гэсэн гурван бөхийг яаж ч барилдаад дийлдэггүй" гэж ярьсан түүхтэй. Харин энэ өдөр "Амаргүй" начин давдаггүй гэсэн даваагаа давав.  Хажууханд нь Г.Ганхуяг харцага үнэхээр дийлсэнгүй. Б.Бат-Өлзий заан ч хэзээний барилдаж сурсан барилдаандаа дахин үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа.

Ийнхүү заан, начин хоёр баруун, зүүн талын засуулуудаа ханаруулан дэвэн дэвсээр гарч ирсэн. Барилдаан удаан ч үргэлжилсэнгүй. Сэнжиг, элэг бүс, шуудаг гээд хуруу орж байгаа барьц бүрээс л зайлж дунгуйлдаад эргүүлчих чадалтай Д.Амарсайхан начин зүүн талдаа нааж хавираад бөхийн өргөөний анхны түрүүгээ хүртжээ. Түрүүлэхдээ бүр өнөө цагийн Ховдын шилдэг гурван хүчтнийг дараалан хаяж, өнөөх давдаггүй гурван даваагаа нэгэн зэрэг гаталж, Ерөнхийлөгчийн цомын эзэн болов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж