Орос, Украины дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор 20 мянган хүн хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж баривчлагджээ. Тодруулбал, дайныг эсэргүүцэн жагссан, үг хэлсэн 19847 хүн баривчлагдсаныг хүний эрхийн байгууллагаас мэдээлж байна.
Тэдний нэг бол Оросын яруу найрагч Артём Камардин юм. Тэрбээр 2022 оны есдүгээр сард Москвагийн гудамжинд болсон арга хэмжээний үеэр дайныг эсэргүүцэн шүлэглэсэн тул долоон жилийн ял авчээ. Энэ өдөр нь Путин 300 мянган цэргийг хэсэгчилсэн дайчилгаанд татах тухай зарласны маргааш юм. Москвагийн Тверской дүүргийн шүүх түүнийг үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, үзэн ядалтыг өдөөсөн гэх үндэслэлээр ялласан байна.
Камардины шүлгийг давтан уншиж, арга хэмжээнд оролцсон Егор Штовба мөн таван жил зургаан сарын ял авчээ.
Шүүх хуралдааны үеэр Камардин өөрийнх нь үйлдэл хууль зөрчиж байгааг мэдээгүй хэмээн өчөөд, өршөөл эрсэн байна. "Би баатар биш. Итгэл үнэмшлийнхээ төлөө шоронд орно гэдэг зүйл миний төлөвлөгөөнд хэзээ ч байгаагүй" гэж Камардин хэлэв.
Тухайн үед цугласан олныг цагдаа нар шуурхайлан тарааж, Камардин нарын хэд хэдэн хүнийг баривчилсан.
Пүрэв гаригт болсон сонсголын үеэр Камардины эхнэр Александра Попова "Ичээч" гэж шүүхийн байрны гадаа орилжээ. Гэвч Попова болон өөр бусад хэдэн хүнийг шүүхийн гадаа жагсахыг оролдсон хэргээр мөн баривчилсан байна.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ