2024 оны УИХ-ын сонгуулийн жил гарахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай.
Сонгуулийн тухай хууль:
29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
- 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
- 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
- 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал
Энэ зохицуулалтын дагуу зарим албан тушаалтнууд ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол зарим нь ажлаа өгөх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЦЭРЭНБАТ АЖЛАА ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон Н.Цэрэнбат өдгөө “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдож байсан. Санхүүгийн менежмент чиглэлээр сургууль төгссөн тэрбээр 30 гаруйхан насандаа 26 компанитай болж чадсан туршлагатай бизнесмен.
Н.Цэрэнбатын хувьд Увс аймгийн Хяргас сумын харьяат, МАН-ын залуучуудын байгууллагын орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Н.Цэрэнбат 2022 оноос эхлэн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүний нэг юм.
Тэрбээр мөн ажлаа хүлээлгэн өгч, ирэх 2024 оны сонгуульд Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийг багтаасан 2-р тойргоос нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орж байна.
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.НАРАНБААТАР АЖЛАА ӨГӨВ
Тухайлбал, Цемент Шохой ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудастаа “ Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. ТУЗ хуралдаж өнөөдөр баталгаажуулав. Ажлын сүүлийн өдрийн шуурхай, захирлын зөвлөлийн хурал, мөн ТУЗ-аар 2024 оны эдийн засгийн зорилтод түвшний төлөвлөгөөгөө батлууллаа. Ажилчдынхаа цалин урамшууллыг цагт нь олгож, түлш, цахилгаан, усны төлбөр, НДШ татварт нийт 2.7 тэрбум төлбөр барагдуулав. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр компани 93 тэрбум.₮ орлоготой, 6.2 тэрбум.₮ цэвэр ашигтай ажилласныг тайлагналаа. Халуун дотноор хүлээн авч, амжилт, сорилт, жаргал зовлон бүрийг минь хуваалцсан Хөтөл хотын ард түмэн, үйлдвэрийн ажилчид, удирдлагын баг, ТУЗ, Эрдэнэс Монгол нэгдэлд баярлалаа.
Хөтөлийг луйвардсан нөхдүүдээс бид 375 тэрбум төгрөг буюу нийт ажилчдын 200 сарын цалинтай тэнцэх хохирлыг хууль, шүүхээр нэхэмжилж байгаа. Олж авах ёстой! Шүүх нь дийлэхгүй бол энэ луйварчидтай ард түмэн, үйлдвэрийн хамт олон, үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж тэмцэнэ. Мөн зөвхөн цемент шохойн ч биш бүх төрийн өмчит компаниудыг биржид бүртгэлтэй, нээлттэй ХК болгохын төлөө тэмцэж баялагтаа жинхэнэ эзэн Монголчууд болгохын төлөө тэмцэлээ үргэлжлүүлнэ. Баяртай Хөтөл, би та бүгдээсээ бүр яваагүй ээ эргээд эдгээр асуудлуудыг шийдэх зорилгоор улам нягтарч ажиллах болно” гэжээ. Түүнийг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн 5-р тойргоос нэр дэвшихээр ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ДАШПҮРЭВ АЖЛАА ӨГӨВ
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Буриадын Дашпүрэв өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр, 2024 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутаг Увс аймагтаа нэр дэвших магадлалтай залуусын тэргүүнд яригдаж буй. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээр бүсчилбэл Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг нь сонгуулийн хоёрдугаар тойрогт багтана. Б.Дашпүрэв тус тойрогт нэр дэвшихээр горилж байгаа аж. Сонгуулийн тухай хуулийн 29.4-д зааснаар ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ зохицуулалтын дагуу ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Б.Дашпүрэв ийнхүү үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ Х.АЛТАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Тэрбээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллах хугацаандаа үнэт цаасны давхар бүртгэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалах, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд “МХБ” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй компани болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Түүнчлэн, дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд албан ёсоор багтаахад идэвх зүтгэл гарган ажилласан бөгөөд 2022-2023 онд Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний биржийн суурийг амжилттай бий болгож, МХБ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, улмаар МХБ нь үнэт цааснаас гадна нүүрс, төмөр, хайлуур жонш, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих боллоо.
Дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэх, цаашдын тогтвортой өсөлт хөгжлийн үндсийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан Х.Алтай захирлынхаа цаашдын ажил үйлсэд нь нийт хамт олны зүгээс амжилт хүсье гэжээ. Х.Алтай нь МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхайн чиглэлээр Швейцарьт нэг хэсэг ажиллаж байгаад “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажиллаж байсан нэгэн. Улс төрийн замналыг нь харвал Ерөнхий сайд асан С.Баярын шадар туслахаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн хүрээнд түүний хүн гэж тодорхойлох нь бий. Х.Алтайг нийслэлээс нэр дэвших таамаг дэвшүүлээд байгаа юм.