Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж ирсэн, бригадын генерал Д.Загджав өнөөдрөөс /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдож, ажлаа хүлээн авчээ.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдсонд олон хүн гайхаж байна.

Хуулиараа Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторыг УИХ-ын даргаас санал болгож, парламентаар томилж, чөлөөлдөг бол орлогчийг ерөнхий аудитор томилдог байна. Иймээс Д.Занданбат албан тушаалаасаа буухын өмнө дээрх томилгоог хийсэн болж таарч буй юм.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Д.Загджав Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болсон. Дэд сайдын алба хашиж байх хугацаандаа гадаад оронд очиж, казино тоглосон дуулианд нэр холбогдож байв. Гэвч албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Хоёр жилийн дараа буюу 2022 оны долдугаар сарын 8-нд Д.Загджавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээсэн нь олны шүүмжлэлийг хүлээж, “Монголын төр Д.Загджавт ямар өртэй юм бэ” гэх асуудлыг ч хөндөж тавьж байсан удаатай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ажилласнаар эцэст нь тэрбээр чөлөөлөгдөж байв.

Хэсэг хугацаанд нам жим байсан генерал Д.Загджав энэ удаад Үндэсний аудитын газарт хоёр дахь том албан тушаал дээр “суусан” нь эрх баригчид ирэх онд болох УИХ-ын сонгуулиар суларч буй төрийн чухал албан тушаалыг “арилжаа наймаа”-ны хэрэгсэл болгон хувиргаж эхэллээ гэх шүүмжлэлийг дагуулах болов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Д.Занданбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн.  Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргаснаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч биет төлөөлөгчөөрөө Д.Загджавыг томилсон байж мэд:эхээр байна.

Гэхдээ УИХ-ын харьяанд байх ийм том газрын даргын томилгоог албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй хүн дангаараа шийдэх бололцоогүй. Ардын намаас чиглэл авсан гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

МАН Засгийн эрх авахаар заавал нэг албан тушаал авч салдаг гишүүд бий. Жишээ татвал, Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан бол хамгийн сүүлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж байв. Тэтгэврийн насанд хүрсэн атлаа төрийн чухал алба хашиж, тушаа болж ирсэн түүнийг намын гишүүд нь ч ад үзэж, нүд үзүүрлэсэн гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Багабанди "Оюутолгой" компанид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр удаа дараа томилогдон, ажилласнаар олны шүүмжлэл хүлээн, нэлээд хэл ам болсны эцэст энэ онд өөрийн хүсэлтээр буусан. Д.Загджавын хувьд эксүүдийнхээ түүхийг давтаж мэдэхээр байна. Гэхдээ тэрбээр энэ удаад чоно борооноор гэгчээр шинэ дөхөж, олны анхаарал сарнисан үеэр Үндэсний аудитын газарт алба хаших боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж