Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд Яармагийн дэнжид “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” 5000 айлын цогцолбор хорооллыг ашиглалтад оруулж, бага, дунд орлоготой иргэдээ байртай болгосон бол МАН найм дахь жилдээ Засгийн эрхийг барьж буй ч иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууцыг барьж, ашиглалтад оруулж чадаагүй юм.
Харин сүүлийн 7 жил орчим ярьсны эцэст Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газрын харьяанд шилжүүлэн авахын тулд Үндэсний орон сууцны корпораци байгуулах шийдвэрийг өчигдөр /2023.12.27/ гаргалаа. Уг корпарцийг 2024 онд багтаан байгуулж, Ерөнхий сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд хариуцаж, ажиллах нь.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол Үндэсний орон сууцны корпорац захиалгаар хамгийн хямд зардлаар орон сууц бариулна. Тэрхүү байранд иргэдийг зөвхөн түрээсээр суулгахаар төлөвлөжээ.
Энэхүү бүлэгт сарын орлого нь 500 мянган төгрөг дотор эргэлддэг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж буй аж. Судалгаагаар сарын 2 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж буй бол сарын 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн зээлийн шаардлага хангадаггүй байна.
Гэвч сарынх нь орлого 500 мянган төгрөг дотор эргэлдэж байгаа иргэдийг түрээсийн байранд оруулна гэдэг үнэндээ бүтэл муутай ажил болж хувирах эрсдэлтэйг сануулах хүн олон байна.
Учир нь, Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа үндэсний компаниудаа ашиглан хямд өртгөөр 5000 гаруй айлын орон сууц барьж ашиглалтад оруулж чадсан. “Буянт-Ухаа-1” орон сууцны хороолол 1м2 нь 950 мянган төгрөгийн өртгөөр босч байсан бол “Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол 1м2 нь 1 сая 50 мянган төгрөгийн өртгөөр баригдсан. Ингэхдээ 33.47 м2, 39.47 м2, 42.32 м2 нэг өрөө, 49.72 м2, 51.78 м2 хоёр өрөө, 66.88 м2 гурван өрөө байрыг ашиглалтад оруулсан байдаг.
Ингэхдээ төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ уг байранд хамруулсан. Урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг төлсөн, сар бүр тогтмол төлбөрөө төлж ирсэн иргэд байраа өөрийн өмчлөл болгож авсан. Харин түрээс төлж байгаа иргэдийн хувьд одоо сар тутамд 150,000- 375,000 төгрөг төлж буй юм.
Тухайн үед нэг доллар 1400 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Харин өнөөдөр нэг доллар 3475 төгрөгтэй тэнцэж буй. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн эрх барьсан найм орчим жилийн хугацаанд долларын төгрөгтэй харьцах ханш тогтмол өссөн нь байр өндөр өртгөөр баригдахад хүргэжээ.
Зах зээлд борлуулагдаж байгаа хамгийн хямд үнэтэй байр 1м2 нь 3,6 сая төгрөг байгаа бол дээд тал нь 10 мянган ам.долларт хүрсэн нь ч бий. Байршлаар нь авч үзвэл Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр өртөгтэй орон сууцууд босож байна. Гэхдээ энд нэг сул тал үүссэн нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэг баригдах газаргүй болсон. Хаа очиж, Ардчилсан нам “Буянт-Ухаа-1, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг барихдаа сургууль, цэцэрлэгтэй төлөвлөсөн нь нэлээн нэмэр болсон. Гэхдээ эрх баригч хүчин өндөр, өндөр орон сууцуудыг дагуулан, төрийн өмчит сургууль, цэцэрлэг барих бодлогыг хэрэгжүүлж чадаагүй нь төлөвлөлтийн том алдаа болж хувирч байна.
Хотын төвд байршилтай орон сууцнуудын үнэ мөн өндөр хэвээр байна. Хамгийн хямд үнэтэй хуучин орон сууцны үнэ 3.8 сая орчим бол шинэ орон сууцны үнэ 5,5 сая төгрөгөөс эхэлж буй.
Аливаа бараа бүтээгдэхүүний үнийг зах зээл тогтоодог. Тэр дундаа долларын ханш өндөр байгаа үед хямд өртөгтэй орон сууц барих боломжгүй. Орон сууц барихад шаардагддаг түүхий эдийн 70 хувь нь импортын хамааралтай. Түүнийг дагаад өнгөрсөн хугацаанд орон сууцны үнэ тогтмол өссөөр иржээ.
Иймээс төр яаж ч чардайгаад хямд өртгөөр орон сууц барих боломжгүй, тэр дундаа 500 мянган төгрөгөөс дотогш орлоготой иргэдийг түрээсийн байраар хангах боломж бага аж.
Харин түүний оронд сарын орлого нь 2 сая төгрөгөөс дотогш орлоготой иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрт хамруулбал байгаа онож, утааг бууруулахад ч давхар нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, долларын ханш тогтвортой байж, барилгын материалын түүхий эдийн үнэ өсөхгүй байх нь зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөөгөө үзүүлэх нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ