Хатуу нийгмийн золиос болсон "Шимэгч"

ХҮМҮҮС

Хатуу нийгмийн золиос болсон "Шимэгч"

Хатуу нийгмийн золиос болсон "Шимэгч"

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа харамсалтайгаар таалал төгссөн Солонгосын нэрт жүжигчин И Сүн Гюныг онцолж байна. Түүний хувьд хар тамхины хэрэгт холбогдон, шалгагдаж байсан ч Сөүл хотод автомашин дотроо нас барсан олджээ. Хар тамхитай нэр холбогдсоны дараа И Сүн Гюны нэр хүнд унаж, олны хэл амны бай болж, сураггүй алга болоод байсан юм. Ийнхүү "Parasite", "My Mister", "A Hard Day", "Bad Police" зэрэг олон уран бүтээлээрээ Ази төдийгүй дэлхийд танигдсан түүнтэй танилцъя.


ХОЖУУ ТОДОРСОН ОД

И Сүн Гюн 1975 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сөүл хотод мэндэлжээ. Түүний аав Солонгосын театр, урлагийн салбарт танигдсан И Ха Вү гэх хүн байсан бөгөөд аавыгаа даган урлагийн хүн болохоор шийдсэн аж. Тэрээр Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн драмын сургуулийн анхны төгсөгч байв. Шинэхэн төгсөгчийн ажлын анхны гараа нь "The Rocky Horror Show" гэх тайзны мюзиклийн Брэд Мэйжорын дүр аж. Үүний дараа "Lovers" гэх телевизийн ситкомд дүр бүтээсэн.

Хэдий түүний жүжиглэх авьяас, чадвар сайн байсан ч үзэгчдийн анхаарлыг татах царайлаг дүр төрхгүй байсан учир найруулагчдын хараанд төдийлөн өртөөгүй гэнэ. Ийнхүү  “Thousand Years of Love,” “Lover,” “Make It Big” зэрэг уран бүтээлүүдэд туслах дүр бүтээжээ. Олон жил туслах дүр бүтээсэн И Сүн Гюн 2007 онд 32 насандаа тодорлоо. Эмч нарын талаар өгүүлэх "White Tower" болон романтик цуврал "Coffee Prince" гэх хоёр уран бүтээлд гол дүр бүтээж, олны анхааралд оров.

"White Tower" киноныхоо ачаар олонд танигдсан И 2007 онд Солонгосын эрүүл мэндийн хяналтын агентлагийн элч төлөөлөгчөөр томилогджээ. Тэрээр сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байсан гэжээ.

ДЭЛХИЙ ТҮҮНИЙГ ҮНЭЛЭВ

Анхны гол дүрээ авч, олонд танигдаж эхэлсэн И 2009 онд "Paju" киноны гол дүрээрээ Лас Палмас де Гран Канариа олон улсын кино фестивалын шилдэг жүжигчний шагналыг хүртэж, том амжилтын эзэн болов. Эхнэрийнхээ төрсөн дүүд сэтгэл алдарсан эрийн талаарх өгүүлэх уг уран бүтээл кино шүүмжлэгчдээс үнэхээр өндөр үнэлгээ авч, сайшаал хүртсэн түүхтэй. Харин 2010 онд "Pasta" телевизийн драмд гол дүр бүтээж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг олж авчээ. Тус цувралд бүтээсэн дүрийнхээ ачаар И 2010 оны Азийн топ арван оддын нэгээр шалгарсан билээ.

Ажил, уран бүтээлийн хажуугаар түүний хувийн амьдрал ч гайхалтай байлаа. 2009 оны тавдугаар сарын 23-ны өдөр И долоон жил үерхсэн найз охин болох жүжигчин Жён Хе-Жинтэй хуримаа хийв. Тэдний агентлагийн мэдээлснээр хосууд 2009 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр анхны хүүгээ өлгийдөн авсан бол 2011 онд отгон хүү нь мэндэлжээ.

БЭКСАНЫ ЭЗЭН

2012-2017 он бол И Сүн Гюны жүжигчний замналын оргил жилүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тоглосон, дүр бүтээсэн кино, уран бүтээл бүр нь үзэгчдийг татаж, фэнүүдийн хүрээлэл нь ч тэр хэрээр томорч байлаа. 2012 онд "Helpless" нууцлаг триллер төрлийн кино болон "All About My Wife" романтик, комеди төрлийн кинонд дүр бүтээж, дараа жил нь "A Hard Day" кинонд дүрээ мөнхлөв. "A Hard Day" уран бүтээл нь алдарт Каннын кино фестивалд оролцож, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

"A Hard Day" кинонд бүтээсэн дүрээрээ И 2015 онд Солонгосын Оскар гэгддэг Бэксан шагнал гардуулах ёслолын шилдэг жүжигчний шагналыг хүртэж, зүүд шиг л өдрүүдийг өнгөрүүлж байсан гэдэг.  Улмаар найруулагч Бон Жүн-Хогийн хараанд өртөж, Оскарын шагнал хүртсэн "Шимэгч"-ийн нэг хэсэг болсон билээ. "Parasite" буюу "Шимэгч" дэлхий даяар тэсрэлт хийн "Палме д’Ор" болон Оскарын шагналыг хүртэхэд И Сүн Гюны дүр, жүжиглэлт онцгой үүрэг гүйцэтгэсэн.

ХАР ТАМХИ БА ГУНИГТ СҮҮЛИЙН ӨДРҮҮД

Оскар хүртэж, түүх бүтээсэн И Сүн Гюн 2019 оноос хойш телевизийн цувралдаа эргэн ирсэн. Тэрээр "Apple TV+"-ийн анхны Солонгос цуврал болох "Dr.Brain"-д тоглож, 50 дахь удаагийн олон улсын Эммигийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшив. Үүний дараа "Kingmaker" гэх улс төрийн драм төрлийн кинонд бүтээсэн дүрээрээ 58 дахь удаагийн Бэксаны шилдэг жүжигчний шагналд нэр дэвшжээ. Сүүлд л гэхэд "Killing Romance" гэх романтик, инээдмийн кинонд И Ха-Нигийн хамтаар дүр бүтээж, тус уран бүтээл Солонгостоо багагүй алдаршив. Бүр Нью-Йоркийн Азийн кино фестивалд оролцож, Хойд Америкийн зах зээлд хүч үзсэн гэнэ.

Харамсалтай нь 2023 оны аравдугаар сард И Сүн Гюныг хар тамхи хэрэглэж, шалгагдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарав. Үүний улмаас жүжигчин залуу "No Way Out" гэх ирэх онд нээлтээ хийх киноны зураг авалт эхлэхээс өмнө сайн дураараа тус төслийг орхиж буйгаа зарласан. Удалгүй аравдугаар сарын 24-ний өдөр түүнийг каннибас болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн гэж Инчон хотын цагдаагийн газраас сэжиглэн байцаалтад дууджээ. И Ганнам дүүрэгт байрлах нэгэн барны эзэн эмэгтэйн гэрт мариухан, кетамин гэх сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн гэж цагдаа нар сэжиглэсэн бөгөөд жүжигчин залуу өөрөө мэдүүлэхдээ тэр эмэгтэйн өгсөн зүйл юу болохыг мэдээгүй гэжээ.

Түүний хар тамхины шинжилгээ сөрөг гарч, гурван ч удаа цагдаад байцаалт өгчээ. Үнэн худал илрүүлдэг тестд хамрагдахад И Сүн Гюн үнэнээ хэлж, буруугүй гэдгээ нотолсон гэх боловчиг түүний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйн тестийн хариу мөн үнэн гарчээ. Ийнхүү цагдаа нар хэн нь худал, хэн нь үнэн хэлж байгааг тогтоож чадаагүй гэнэ.

Мөрдөн байцаалтын дараа И Сүн Гюн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Иймэрхүү таагүй явдалд оролцож олон хүний ​​урмыг хугалсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Энэ мөчид ийм хүнд зовлон, зүдгүүрийг тэвчиж байгаа гэр бүлээ өрөвдөж байна" гэж ярьж байв.

Солонгосчууд оддоо хэрхэн сайшаан магтаж, басхүү хэрхэн "үгүй" хийхээ мэддэг ард түмэн. Олон нийтийн цахим сүлжээнд түүний болон түүний гэр бүлийн талаарх халдлага, олон худал хуурмаг мэдээ түгж, тайлбар хийх боломж өгөлгүй "балбаж" байсан. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, буруутай гэж тогтоогоогүй байхад цахим орчинд шүүн, шийтгэж эцэст нь өчигдөр/2023.12.27/ машин дотроо амиа хорлосон байдалтай байхад нь олжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.108.3

😥😓😣

Avatar

zochin 2023-12-28 59.153.113.217

монголд ирж шинэ киноны зураг авалтанд орсон гэж уншиж байсан

Avatar

Нэргүй 2023-12-28 202.179.24.197

3 жилийн өмнө И Сон Гюний талаар мэргэлсэн хүний бичлэгийг үзэхэд сая болсон үйл явдалтай нь яг таарч байна лээ

Avatar

Зоч 2023-12-28 43.242.243.141

пихлу минь өөр сараачих юм олдку байвал наад муу түнжгэрээ маажаачээ хар м а лаа

Avatar

Нэргүй 2023-12-28 76.67.107.193

Зайлуул жил дээрээ явчиж, монголчууд 49 -ий жил эр xүнд xатуу ордог гэж ярьдаг, оросуудийг маажвал монгол гарна гэж иx зоxиолч Толстой xэлсэн байдаг, со-нууд ялгаа юу аж.

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.112.201

Хаа хамаагүй Оросыг хутгаад шаачих юмаа ха ха. Оросууд бол Монголчуудыг оюуны хомсдолтой жартгарууд л гэж хардаг.

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.112.214

Харамсалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж