"Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд нацист удирдагч Адольф Гитлерээс ялгарах юм алга" гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Лхагва гаригт хэллээ. Тэрбээр Газын зурвас дахь халдлагыг нацистууд еврейчүүдэд хэрхэн хандсантай зүйрлэжээ.
НАТО-ийн гишүүн Турк улс нь Газын зурваст агаар болон хуурай замаар довтолсон Израилийн ажиллагааг шүүмжилсэн байр суурьтай байна. Тус улсын эрх баригчид Израилийг террорист улсаар нэрлээд, удирдагчид нь Олон улсын эрүүгийн шүүхээр шүүгдэх ёстой гэжээ.
Түүнчлэн "Газын зурвасын мөргөлдөөний талаарх ялгаатай үзэл бодлоосоо болж хавчигдаж буй эрдэмтэн, шинжлэх ухаанчдыг Турк дуртайяа хүлээж авна" гэж Эрдоган хэлэв.
"Израилийг дэмжиж буй барууны орнууд дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдож байна. Тэд Гитлерийг муугаар хэлдэг байсан. Одоо өөрсдөө Гитлерээс юугаараа ялгарч байгаа юм бэ? Тэд бидэнд Гитлерийг эргэн сануулах гэж байна. Нетаньяхугийн хийж буй зүйл Гитлерийнхээс дутуу байна уу? Үгүй ээ. Нетаньяху бол Гитлерээс баян, барууны орнуудаас дэмжлэг авдаг. АНУ-аас ч янз бүрийн дэмжлэг ирдэг. Тэд энэ бүх дэмжлэгээр юу хийв? Газын 20 мянга гаруй иргэнийг л устгалаа" гэж Эрдоган хэллээ.
Нетаньяху хариуд нь Туркийн ерөнхийлөгчийг "Израильд хандаж лекц унших сүүлчийн хүн байг" гэж мэдэгджээ. "Курдуудын эсрэг геноцид үйлдэж, түүний засаглалыг эсэргүүцсэн сэтгүүлчдийг шоронд хорьсон Эрдоган бол бидэнд ёс суртахууныг сурталчлах сүүлчийн хүн" гэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ