"Францын жуулчинд хонь бэлэглэхэд магнайгаа хагартал баярласан"

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

"Францын жуулчинд хонь бэлэглэхэд магнайгаа хагартал баярласан"

"Францын жуулчинд хонь бэлэглэхэд магнайгаа хагартал баярласан"
Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас хот газрыг зорин ирсэн малчин бол М.Бат-Эрдэнэ. Эднийд өнгөрсөн намар Францийн илбэчин Жулиус Деин гэх алдартай уран бүтээлч нисдэг тэргээр зочлон иржээ. Тэрбээр гадаадын нэр хүндтэй зочиндоо монгол хүний ёсоор, хундан цагаан хонь бэлэглэж, урьд өмнө нь амьд хонь бэлгэнд авч байгаагүй алдартан хониндоо "Princess" гэж нэр өгөөд буцсан байна. Ингэж анх "Нэг хонь-нэг жуулчин" төслийн санаа төрсөн тухай ярьсан юм. Тэрбээр энэ төслийг малчин бүр дэмжиж, улсдаа болон өрхдөө орлого олох боломжтой гэдгийг хэлж байв.

-Сайхан өвөлжиж байна уу. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд өвөлжилт хэр байна. Сайн явж ирэв үү?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн малчин. Бага наснаасаа мал малласан. Сүүлд 2007 онд айл гэр болж, 17 жил өөрийнхөө малыг маллаж байна. Хөвсгөлөөс Булган аймагт дайраад, тэнд 2-3 хонолоо. Тэгээд наашаа Улаанбаатар руу ирлээ. Манай нутаг руу өвөлжилт сайхан байна. Хөвсгөлийнхөө цаад сумуудаар цас ихтэй байгаа дуулдаж байна.

-Танайд Францийн илбэчин Жулиус Деин зочилсон тухай ярихгүй юу?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоотой хамтран “Нэг хонь-нэг жуулчин” төслийг  хэрэгжүүлж байна. Энэ төслийг анх миний хөгтэй ч гэдэг юм уу явдлаас санаа авсан.

Өнгөрсөн наймдугаар сард л даа. Манай эхнэр сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Би чинь дөрвөн хүүхэдтэйгээ хөдөө малаа маллана. Тэгсэн нэг өдөр нисдэг тэрэг дуугараад, нижигнэхээр нь гараад харлаа. Манайхыг чиглээд газардаж байхаар нь монгол хүн байна даа тосч аваад, мэндэллээ. Тэгсэн намхан нуруутай, нүдний шилтэй нэг нөхөр бууж ирээд надтай танилцсан чинь нэр нь бас Б.Бат-Эрдэнэ гэж байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байж?

-Тийм ээ. Бид хоёр чинь амидаа юм байна. Хамтдаа зургаа даруулчихаад “Ямар ажил хийдэг хүн бэ” гэсэн чинь сайд хүн байсан байна лээ. Ойр зуур яриа өрнүүлтэл “Гадаадын жуулчидтай явж байна. Энэ гол дагуу нисч яваад гэнэтхэн энэ айлд бууна” гээд буулаа гэсэн.

Нөгөө жуулчин маань манай гэрт орж ирээд монгол ахуйг маш их сонирхсон. Хуучны авдар сав, эргэнэг тавиур гээд их гайхаж, сонирхсон.

-Гэнэтийн зочин нь Франц улсын алдартай уран бүтээлч байсан гэдгийг огт мэдээгүй юу?

-Зочноо хэн гэдгийг нь ч мэдээгүй. Дараа нь жуулчнаа судласан чинь их алдартай инфлүүзер хүн гэдгийг сайд хэлсэн. Инфлүүзер гэдэг нь их алдартай хүн гэсэн үг гэнэ. Монгол гэрийг гайхаж байгаад хонь сааж үзэхээр боллоо. Манай хонь ойр бэлчиж байсан болохоор хүүхдүүд гуядаад л аваад ирсэн. Тэр улсууд хонь, ямаа саачихаад маш их баярлаж, хөөрсөн.

Монгол хүн ирсэн зочдоо гар хоосон буцаадаггүй шүү дээ. Тэгээд зочиндоо хундан цагаан хонь өгсөн хэрэг.

Амьд хонь бэлэглэж байна гэсэн чинь нөгөө жуулчин маань гайхаж, итгэж өгөөгүй. Орчуулагч нь “Танд хонь бэлэглэж байна” гэсэн чинь ёстой магнайгаа хагартал баярласан даа.

-Хундан цагаан хониндоо бүр нэр өгсөн гэл үү?

-Тэгсэн. Эм зусаг хониндоо “Princess” гэж нэр өгсөн. Хүмүүсээс асуусан чинь англиар Гүнж гэсэн үг гэнэ.

-Гадаадын жуулчин хүлээж авахад хэлний мэдлэг бас шаардах нь ээ?

-Тэгнэ. Ойр зуурын гадаад хэл сурах шаардлагатай болно. Би одоохондоо англиар "Thank you" гэж талархлаа илэрхийлчихнэ. Том хүү маань англи хэлийг сонирхдог болсон.

-“Нэг хонь-Нэг жуулчин” хөтөлбөр анх ингэж хэрэгжихээр болсон юм байна.

-Тэгсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Чиний энэ санаа их зөв байна. Малчинд ч, улсад ч орлоготой болох боломжтой” гэдгийг хэлсэн юм.

-Мал маллахын сайхан, малчин хүний жаргал гэвэл?

-Мал маллахын сайхан нь өвөлдөө өнөтэй, хаврын хатуу цагт мал идээ нь энх тунх сайхан төллөж, төлийн дуу цангинах сайхан. Хурга, ишигнийхээ хашлагыг авч, нийлэх нь нийлж, майлах чимээ яг л хөгжим шиг. Тэрийг сонсох бол малчин хүнд ямар ч симфони, найрал хөгжим гүйцэхгүй. Энэ бүхэн л малчин хүний жаргал, бахархал юм даа.

Малынхаа бусад цагаар хүүхдүүдтэйгээ волейбол, хөл бөмбөг өшиглөж тоглоно.

-Нэг талдаа орчин цагийн малчид уламжлалаа мартаж, малынхаа чанарт бус тоонд их анхаарч байна гэж шүүмжлэх юм?

-Зөв л дөө. Гэхдээ малын тоо цөөн байна гэдэг орлоготой шууд холбоотой. Амьдрал ахуйд хүрэлцэхгүй, хэцүү байдаг. юм Малчид жилийн дөрвөн улирлын хавар, намрын цагт нэг орлого олдог. Тодорхой хэмжээний олон малтай болж байж, овоо хэдэн төгрөг олдог. Тэгэхээр заавал малаа өсгөхгүй бол болохгүй.

Хэрвээ “Нэг хонь-Нэг жуулчин” гэдэг төслийг хэрэгжүүлбэл малчин өрх жилийн дөрвөн улирал орлоготой болох боломжтой.

Гадаадын нэг жуулчин юм уу гэр бүлээрээ ирж, малчны ахуй амьдралтай танилцана. Ингэхдээ, хонь хариулж, морь унаж, ахуйн ажилд тусалж болно. Хүүхэд багачууд нь эрүүл агаарт тоглож, голын усанд өдөржин шумбаж тоглож ч болно.

-Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжсөн аймаг гэж хэлж болно. Аялал жуулчлалыг малчидтай холбох нь хэр үр дүнтэй гэж бодож байна?

-Манайд өмнө нь гадаад жуулчин ирж байгаагүй. Гадаадын жуулчид малчид гэхээсээ илүү аялал жуулчлалын компанид хандаж, байгалийн үзэсгэлэнт газар хараад л явчихдаг. Монгол малчны амьдралыг ерөөсөө мэддэггүй.

Зуны улиралдаа хэдэн жуулчны баазууд л тодорхой хэмжээний орлоготой байдаг. Гэтэл тэр жуулчныг малчин татах ёстой. Тэгээд жуулчны баазтайгаа хамтран ажиллах хэрэгтэй.

Малчид “Нэг жуулчин- Нэг хонь” төслийг дэмжих байх. Дэмжихээс ч өөр аргагүй төсөл юм. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Булган аймаг нэгдсэн. Аймгийн Засаг дарга нь энэ хөтөлбөрт 100 мянган хониор оролцож байна. Би сая Булган аймгийн сумдуудаар явахад малчид төслийг маш их дэмжиж байна.

-Энэ хөтөлбөр зөвхөн өвлийн улиралд хэрэгжих үү?

-Тийм ээ. Монгол Улсад нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд ирсэн жуулчинд нэг хонь бэлэглэх юм. Гадаад жуулчдад зориулсан гар утасны апплейкшн гаргаж, Монголын хилээр орж, нисэх онгоцны буудал дээр буухад гар утсан дээр нь мэдээлэл ирнэ.

Жишээлбэл, “Та Монгол Улсад тавтай морил. Танд нэг хонь бэлэглэж байна. Таны хонь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн малчин Бат-Эрдэнийнд байна. Та хонио авах бол ОК дарна уу” гэх юм билээ.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж