“ОНЫ ХҮН”: НОМЫН ДАЛАЙ

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

“ОНЫ ХҮН”: НОМЫН ДАЛАЙ

“ОНЫ ХҮН”: НОМЫН ДАЛАЙ

Монголчууд түүнийг Чой хамба гэж авгайлдаг. Нутгийн нэгэн номтой ламын “хайрласан” Чойжамц гэх нэр нь Номын далай гэсэн утгатай болохыг тэрбээр дурссан байдаг.

 “NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр ОНЫ ХҮНийг тодруулж ирсэн билээ. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээлээрээ олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог.  Үзэсгэлэн болгогч харагчин туулай жилийн буюу 2023 оны “ОНЫ ХҮН”-ээр “Гандантэгчэнлин” хийдийн 29 дэх Хамба номун хан, хансүр гавж ДЭМБЭРЭЛИЙН ЧОЙЖАМЦ-ыг нэрлэж байна.


…“Зарим хэрэгт өвс мэт доош дарагдваас зохих

Зарим хэрэгт гал мэт дээш бадарваас зохих

Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбаас зохих

Зарим хэрэгт уул мэт батад сууваас зохих”…

Эртний их сэтгэгч, номч мэргэн Нагаржунайн энэ айлдвар яг түүнд зориулагдсан мэт, түүний явсан зам, туулсан замнал, намтар түүхийг нь уншихад тэрбээр олон олон хэрэгт уул мэт бат сууж иржээ.  1970 онд Бурханы шашны дээд сургуулийн анхны суралцагчдын нэг болж элссэн цагаас нь тоолбол амьдралынхаа нэгэн жарныг Монголын бурханы шашны хөгжилд гүн бат зориулсан байна.

Монголын бурхан шашны төв “Гандантэгчэнлин” хийдийн Цогчэн хурлын гол уншаач ламаас 29 дэх Хамба номун хан болтлоо туулсан замналаа тэрбээр сэнтийгээсээ буух мөчдөө товч тодорхойлсон нь “Миний замнал хүнд хэцүү үеийг туулсан”. Үнэхээр ч хатуу хяналттай социализмын үеэс эхлээд ардчилсан хувьсгал ялж, ард иргэд нь Үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрхтэй болсон өнөөдрийг хүртэл Монголд бурханы шашныг сэргээж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд жинтэй хувь нэмэр оруулсан нь үгүйсгэх аргагүй үнэн түүх билээ.

Хансүр Д.Чойжамцын Монголын бурханы шашинд оруулсан олон үнэт зүйлс дундаа их үйлс бүтээсэн нь IX Богдоо Монголдоо урин залж, X Богд тодруулж, суудалд нь залсан явдал юм.

Наймдугаар Богд Жавзандамба хутагт 1924 онд жанч халснаас 87 жилийн дараа Чой хамбын өндөр үүрэг оролцоотойгоор монголчууд 2011 оны цагаагчин төмөр туулай жилд IX Богд Жавзандамба буюу Жамбалнамдолчойжижанцан гэх төвөд хүнийг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн байдаг.

“Тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ зална аа” гэж дуунд гардагчлан 2023 оны Үзэсгэлэн бологч хэмээгч харагчин туулай жил Х богдыг албан ёсоор дэлхий даяар Далай ламаар зарлуулж, Монголын оюун санааны удирдагчаа суудалд нь залсан түүний арга заль, тактик нь байв. Энэ тухайд тэрбээр "X Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн" болохыг тодотгосшон байдаг.

Тэрбээр  өнгөрөгч есдүгээр сард Монголд анх удаа албан ёсоор айлчилсан Гэгээн Ширээт Улсын Пап Францистай уулзах үеэрээ "…Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд Гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна…" гэж хэлсэн үгэндээ тодотгосон нь давхар, давхар бодлынх нь ҮГ- ҮЙЛДЭЛ байв.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “ Би 1970 онд лам болсон. Тухайн үед олон сайхан өвөгчүүлээс их зүйл сонсч, тэднээс үнэн бодит мэдээлэл авч байсан. Тиймээс нэгд, энэ хүмүүсийн ачийг санах үүднээс, хоёрт, шашны явж ирсэн түүхийг үзэл сурталжсан, ангич намч шинж чанараар харахгүй, үнэн бодит кино хийх юмсан гэж боддог” тухайгаа хуучилсан байсан.

Монголын бурханы шашны үйл хэрэг болон "Гандантэгчэнлин" хийдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн өдгөө 72 нас сүүдрийг зоглоод байгаа өвгөн хамбын зүгээс лхаарамба Д.Жавзандоржид хандан хэлсэн захиас нь "Лам нарын мэдлэг, боловсрол, сахил санваар лугаа төгөлдөр, эрдэм ном лугаа төгөлдөр болсон учраас Гандантэгчэнлин хийдээ удирдаж чадна гэж нэрийг нь тодруулсан юм. Шинэ хамба шашин номын үйлсдээ сайхан зүтгээрэй. Үнэн сүсэг бишрэлтэй байгаарай. Лам нараа хэнийг нь ч ялгалгүй хамтарч, тэгш үзэж  Бурхны шашнаа өргөөрэй гэж ерөөе" гэх үг.

Хорвоогийн жамаар залуустаа суудлаа залгамжлуулж, номын цагаан мөрөө хөөн яваа эрхэм хансүр, гавж Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсье. “Ном дор мөргөмү. Багш дор мөргөмү. Бурхан дор мөргөмү”.

NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”

  • 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
  • 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
  • 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
  • 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
  • 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
  • 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ
  • 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
  • 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
  • 2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА
  • 2017 он: Халтмаагийн БАТТУЛГА
  • 2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
  • 2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК
  • 2020 он: Covid-19
  • 2021 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2022 он: Энхбатын АМАРТҮВШИН

"NEWS" агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж