НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн монголчуудад хандаж Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Сайн байцгаана уу?
Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамт олон 2023 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. НҮБ-ын системийн байгууллагууд нэр хүндтэй үүргийнхээ дагуу Монгол Улсын хөгжил цэцэглэлт, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжиж, хүний эрхийг хамгаалахын төлөөх хамтдаа хичээн зүтгэлээ. 2023 онд тохиосон Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр, мөн Алсын Хараа 2050-д тодорхойлсон Монгол Улсын хөгжлийг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулахад онцгойлон анхаарсныг дурдахад таатай байна. Бид үр дүнтэй, сайн засаглалыг бэхжүүлэхэд төдийгүй бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хангасан, нийгмийн бүхий л бүлэг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй буюу ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хангасан хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг бүх талаар дэмжин ажиллалаа. Цахим хөгжлийг бид нэн тэргүүнд авч үзлээ. Учир нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд цахим шилжилтийг хүн бүрд, нэн ялангуяа цахим хуваагдлын хохирогч болох эрсдэл бүхий хүүхэд, хөгшдөд хүртээмжтэй болгоход онцгой анхаарал хандууллаа.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн үндэсний чуулганаар өргөнөөр хэлэлцүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн хурдасгууруудыг тодорхойлсон нь бидний хамтын ажиллагааны нэг үр дүн юм. Улмаар, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын удаах тайлангаа НҮБ-ын дээд хэмжээний чуулганд танилцуулж, уг зорилгуудыг хангахад чиглэсэн үүрэг амлалтаа шинэчлэн бататгав. Залуучуудын хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь бидний үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлоготой нягт уялдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 10 дугаар сард НҮБ-ын байранд зочилсон нь улс орны хөгжилд оруулж буй бидний хувь нэмрийг үнэлж, цаашид илүү үр дүнтэй ажиллах урам зориг өгсөн бахархалтай мөч байлаа.
НҮБ нь эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээг хамарсан мандатынхаа хүрээнд нийгмийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, олон улсын худалдааг хөгжүүлэх, эмх цэгцтэй шилжилт хөдөлгөөн, хүүхдийн болон хөдөлмөрийн эрх, боловсролын шинэчлэл, сайн засаглал, хүний эрх гэсэн чухал салбаруудад дэмжлэг үзүүлсээр байна. Бид тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегидаа хүний хөгжил, сайн сайхан байдал, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн өсөлт, хүн төвтэй засаглал зэргийг тэргүүлэх зорилтуудаараа тодорхойлсон бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө НҮБ-ын системийн 23 агентлаг нэгдэн ажиллаж байна. Эерэг өөрчлөлтийн төлөө бидэнтэй хамтран зүтгэсэн Монголын ард түмэнд гүн талархлаа илэрхийлж байна. Та бүхэндээ хуучин оноо аз жаргал дүүрэн үдэж, айлчлан ирж буй 2024 оноо амжилт бүтээлээр арвин угтахыг хүсэн ерөөе!
Нэргүй 2023-12-27 202.9.46.52
UN=Useless Nobodies