Энэ долоо хоногийн VS буландаа сонгуулийн тойргийн асуудлыг онцолж байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын томсгосон тойргийн хуваарилалт шог байна гэж шүүмжилсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ "Томсгосон тойрог руу орвол олон дэд болон хөгжлийн төвүүдийг бий болгох нөхцөл бүрдэнэ гэсэн юм.
Д.Тогтохсүрэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
-Бид 1990 оноос хойш хоёр тойргоор явсан. Эхнийх нь 76 тойрог 76 мандат бол дараагийнх нь аймаг дүүрэг нэг тойрог. Бид 2019 болон өнгөрч буй 2023 онд Үндсэн хуульд том өөрчлөлт хийсэн. Ер нь бид улс орноо бодох хэрэгтэй юм байна. Улсын бодлого ярьдаг парламент руу шилжинэ гэж ҮХНӨ-ийг хийсэн. Дээрх хоёр өөрчлөлтийг амилуулах нь чухал. Амилуулахад юу хэрэгтэй вэ гэхээр улсын хэмжээний асуудалд анхаардаг систем хэрэгтэй. Тиймээс 126 гишүүн сонгохдоо 48-ыг нь жагсаалтаар буюу улсын хэмжээнд нэг тойргоос сонгогдоно. Үлдсэн 78 гишүүнд гурван хувилбар бий. Нэгдүгээрт, 78 мандат 78 тойрог. Хоёрдугаарт, 26-30 тойрог 76 мандат бол гуравдугаарт, 10-12 тойрог 78 мандат байгаа юм. Манай намаас санаачлаад АН, ХҮН нам болон парламентад суудалгүй намуудтай ярьсан зүйл бий. Бидний тавьж буй санал бол эх орноо боддог том тойрог руу орох юм л даа. Ер нь бүсчилсэн тойрог нь өөрөө асар их давуу талтай. Нэгдүгээрт, УИХ бүрдлээ гэхэд зөвхөн улс, бүсийн асуудлыг ярьдаг парламент болно. Хоёрдугаарт, өмнө нь хэлсэнчлэн хоёр удаагийн ҮХНӨ-ийг амилуулах явдал яах аргагүй мөн. Гуравдугаарт, хот хөдөөгийн тэнцвэр хангагдана. Одоо нэг хотдоо 1.5 сая хүн шавсны улмаас ачааллаа дийлэхээ болиод, хүндрэлүүд нь гарч ирээд байна. Томсгосон тойрог руу орвол олон дэд болон хөгжлийн төвүүдийг бий болгох нөхцөл бүрдэнэ.
Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн
-2024 оны ээлжит сонгуулийн тойргийн хуваарилалт батлагдсан. Байнгын хороонд олон зүйлийг асууж мэдэж, олон санааг илэрхийлсэн. Шинэ Үндсэн хуулиар энэ үзэл санааг оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байна. Манай намын дарга бол тойрог томсгох саналд нэгдсэн болохоос биш тойрог дотор яаж дугуйлахыг бол тохироогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тойргийн хуваарилалтууд шог байгаа. Ингээд харахад бол энд наймаа явагдаж байна. Хан-Уул дүүргийг шууд ХҮН намын Доржхандад өгч байна. Багахангайг Шадар сайддаа өгч байна. 10 мандаттай тойрогт 10 хүн нэр дэвшээд 5, 5 минут үг хэлэхэд 50 минут болно. Хоёр мандаттай тойрог яах вэ? нэг нь 25 минут үг хэлэх нь байна шүү дээ. Энгийн логикоор тойргийг дураараа зарж байна. Тойрог томсоно гэдэг нь ЖДҮ, Хөгжлийн банкны бүх хулгай луйварт орчихсон олигархуудын том зодоон болох нь гэж харагдаж байна. Яагаад гэхээр нэг намаас 10 хүн дэвшье гэхэд 10 мандатад 10 намаас 100 хүн 14 хоногт багтааж намынхаа бодлого шийдвэр, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнээс юу гарах вэ гэхээр хор хохирол нь эрэгтэйчүүд бид нар тойроод тойроод бардаггүй юмыг энэ 4-5 аймгийг дамжаад бүсгүйчүүд явж дийлэх үү? Тэрийг дагасан санхүү гаргаж чадах уу? Нөгөө эрдэмтэн, докторууд маань тэгэж явж чадах уу? Би мэргэн хүн шиг хэлье. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад парламентад суудалгүй бүх нам орж ирнэ гээд шилний цаанаас чихэр долоолгосон. Одоо ийм том тойрогт парламентад суудалгүй намаас нэг ч хүн, бие даагчдаас хэн ч цухуйхгүй. Залуучууд, эмэгтэйчүүд яаж ч үзээд тамираа тасалсан ийм л сонгууль болно. Хувь хүний бие ч дийлэхгүй шүү дээ. 14 хоногт Монголын ийм том, улс орнуудыг нийлүүлсэн юм шиг нутаг дэвсгэрт 100 хүн тойрч тэр ард түмнийг залхаана гэж байх уу? Энийгээ засах боломж байна. Жишээ нь Улаанбаатар хотыг заавал ингэж 6 мандаттай болгож яах гэж байгаа юм? Хан-Уул, Багануур, Багахангайгаа нийлүүлээч дээ. Баянгол яахаараа дангаараа байх ёстой юм? Нийлүүлээч, ядаж 2 хувааж чаддаггүй юм аа гэхэд 3 хуваачих. 3 хувааж чаддаггүй юм бол 4 хуваачих. Тэгэхгүй бол хүнд зориулж тойрог зурж байсан түүх бий. Хуучин Увс аймагт зүүсэн хонины арьс шиг, хуучин Дорнод аймагт Базарсадын гутал гэж тойрог байдаг. Үүн шиг та нар тойрог зурж байна шүү дээ. Ер нь эрх баригч нар өнгөрсөн 8 удаагийн сонгуульд өөрсдөө дандаа ялах тойргоо зурж, ялж ирсэн. Тэгэхээр би асуулт асуухгүй. Асуулт болгоныг ард түмний толгойг угааж болж бүтэхгүй юмуудаар дүүргэж байна.
Холбоотой мэдээ