Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх оныхоос 9 хувиар, өмнөх долоо хоногоос 4.3 хувиар өсөлттэй гарсан байна. Уг өвчний вирус 15 хүртэлх насныхан дунд хамгийн өндөр хувь эзэлж буй ажээ. Иймд хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг, эхчүүд юуг анхаарах шаардлагатай талаарх зөвлөмжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч А.Оюунчимэг өглөө.
-Хүүхэд томуу, томуу төст өвчнийг жилдээ 4-6 удаа тусаж болно. Хэр зэрэг их давж гарч чадах вэ гэдэг нь биеийн эсэргүүцлээс шалтгаална. Хүүхдүүд их халуурч байгаа. Эцэг, эхчүүд хоёр зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, халуураагүй байхдаа орчны сонирхол буурах, халуураагүй байхдаа хоолоо идэхгүй бол өвчтэй хүүхдийн шинж.
Унтаараад байвал хүндэрч байгаагийн шинж. Халуурч байгаа үед хүүхэд хоол иддэггүй учраас халууныг нь буурахаар хоол өгөх ёстой.
Улаан халууралт гэж ярьдаг. Хүүхдийнхээ гарыг нь бариад үз, халуун. Хөл нь мөлүүхэн. Царайг нь харахаар хацар нь улаарчихсан. Улаан халууралтын үед шулуун гэдсээр нь халуун бууруулах лаа/фарацетомол/ хийнэ. Хэрвээ хүүхэд гар нь хүйтэн, хөл нь хүйтэн, цонхийгоод, эрээнтэж халуураад байвал эмчид хандах шаардлагатай. Заавал хүн ихтэй эмнэлэг рүү явах шаардлагагүй. Өрхийн эмчид хандаж болно. Өрхийн эмнэлэг 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа.
Хүүхдээ халуураагүй үед зургаан сар хүртэлх хүүхдийг сайн ажигла. Амьсгалах бүртээ яраглаад л байвал яаралтай эмчид ханд. Энэ ханиад туссан хүүхэд маш их суулгаж байгаа. Суулгахын өмнө эхлээд бөөлжиж байгаа. Халууралтай, цустай суулгаж байгаа бол яаралтай эмчид ханд.
Бөөлжсөний маргааш суулгаж байгаа бол уулгана. Хэдэн миллитр суулгаж байна, суулгасны хэмжээгээр шингэн өг.
Дөнгөж өнгө нь хувирсан баахуу уулгаж болно, буцалсан ус уулгаж болно. Өтгөн юм уулгаж болохгүй.
Суулгаж байгаа хүүхдэд иддэг хоолыг нь 24.00 цагт нь багтаан өгнө. Хэрвээ хүүхэд нэг аяга бантан иддэг бол араас нь хөөгөөд л өгөөд байа. Суулгаж байгаа хүүхдийн хоол нь багадаад ирэхээр турдаг. Хүүхдийн жин хэвэндээ байвал үе шатаараа намдана. Энэ хооронд усгүйжүүлж болохгүй, турааж болохгүй. Эмч нарт үзүүлсэн бол хүүхдэд шаардлагатай зөвлөгөөг өгнө. Гэхдээ эмнэлэгт ирж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Халуурсан ч нэг их амьсгаадахгүй бол утсаар зөвлөгөө аваад, өрхийн эмчид хандаж болно. Харин өндөр халуурч, амьсгаадаж байгаа бол яаралтай эмчид хандах шаардлагатай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ