Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Арванхоёрдугаар сарын эхээр нийт нутаг олон жилийн дунджаас хүйтэн байсан бол ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч байгаа билээ. Энэ талаар УЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн хүйтрэлтээр Увс аймгийн Зүүнговь суманд -50 хэм хүртэл хүйтэрсэн. Их хүйтрэлтийн араас дулаарах нь хэвийн үзэгдэл. Ойрын өдрүүдэд Алтайн уулархаг нутгаар +3 хэм хүртэл дулаарч байгаа. Ихэнх нутгаар арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл энэ дулаан хадгалагдах төлөвтэй байна” гэлээ.

Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, 27-нд ихэнх нутгаар цас орохгүй, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар цас орно.

2023 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

Нийт нутгийн өвөлжилт, зудын байдлын талаар Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг:

-Арав хоног тутамд хийсэн цасны зургаар арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна. Зудын үнэлгээ хийхэд 15 аймгийн 89 сум цагаан зудын байдалтай, 14 аймгийн 63 сум цагаанаар зудархуу буюу улсын хэмжээнд нийтдээ 150 гаруй сум цас их орсон, нягтарч хатуурсан зудын байдалтай байгаа. Үүний хажуугаар бас огт цасгүй мөртлөө өвөлжилт хүндэрч байгаа сумд нэлээн байна. Тэрийг бид хар зудын нөхцөл үүссэн гэж үздэг. Түүнээс гадна зарим нутгуудад арваннэгдүгээр сарын эхээр цас орсны дараа дулаараад хайлмагтаж, өнгөн хэсэг нь мөстсөнөөс болж бидний нэрлэдгээр  шилэн зуд нүүрлэсэн байгаа.

Бид өнгөрсөн зуны ган зуншлагын байдал, орсон цасны хэмжээ, цаг агаарын урьдчилсан мэдээн дээр үндэслэж байгаад зудын эрсдлийн зураг гэж гаргадаг. Энэ зургаа мөн арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар шинэчлээд үзэхэд нийт нутгийн 90 гаруй хувьд нь зуд болох өндөр эрсдэлтэй, цаашдаа өвөлжилт хүндрэх магадлалтай байна.

Цасан бүрхүүл нь өдрийн цагаар нарны туяанд гэсээд шөнөдөө буцаж хөлдөөд байгаа нь Засгийн газрын ангилснаар төмөр буюу шилэн зуд гэсэн ангилалд орчхоод байгаа юм. Энэ нь малын бэлчээрийг улам бүр хүндрүүлж мал бэлчээртээ эцэж, хөлдөж дагтаршсан цасны дороос юм олж идэх ч боломжгүй хүнд нөхцөлд оруулдаг. Малчид маань өвс тэжээлээ чадлынхаа хэрээр бэлтгэж, өвлийн бэлтгэлээ базааж байгаа. Гэхдээ одоо дөнгөж өвлийн эхэн сар болж байна. Цаашлаад хамгийн хүйтэн нэгдүгээр сар хүлээж байна. Тавдугаар сар гартал ногоо үзэхгүй, урт хавар хүлээж байгаа учир зөвхөн мал сүрэг гэлтгүй өөрсдийн бие, эрүүл мэнддээ анхаараарай" гэлээ.

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж