Л.Оюун-Эрдэнийн дурдсан ТООНУУД ба хулгайн хар мөр-өр!

Хуучирсан мэдээ: 2023.12.26-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн дурдсан ТООНУУД ба хулгайн хар мөр-өр!

Л.Оюун-Эрдэнийн дурдсан ТООНУУД ба хулгайн хар мөр-өр!

Юуны өмнө олон нийтэд өгсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тоон мэдээнүүдийг товчхоныг хүргэе.

  • -Сүүлийн хоёр жилийн хугацаанд  Монгол Улс нийт 13.3 их наяд төгрөгийн гадаад өрийг хугацаанд нь амжилттай төлж барагдуулжээ.
  • -Валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  • -Цаашид эдийн засгийг нээлттэй ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.
  • -Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байсан бол 2023 оны урьдчилсан биелэлтээр 6.8 хувиар өссөн байна.
  • -ДНБ 36.7 их наядаас 63.3 их наяд болжээ. Нэг хүнд ногдох ДНБ  5220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
  • -“Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарчээ.

Энэ мэдээллээс жил гаруйн өмнө, 2022 оны тавдугаар сард  Сангийн сайд Б.Жавхлан нэгэн таагүй мэдээ дуулгахдаа “Монгол Улс Хөгжлийн банкны  450 тэрбум төгрөгийг 2022 оны зургадугаар сарын 1 гэхэд , 800 тэрбум төгрөгийг арванхоёрдугаар сарын 31-ний дотор төвлөрүүлэхгүй бол тус банк дампуурах, олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын нэр хүнд унах эрсдэл нүүрлэсэн” болохыг тодотгож байлаа. Харин жилийн дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард тэрбээр  “Засгийн газар 2018-2021 он болон 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулж, энэ хүрээнд гадаад өрийн зохицуулалтыг хийж байна. Эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх шийдвэртэй арга хэмжээ авсан үр дүнд энэ оны эхний улирлын байдлаар Засгийн газрын өрийн зохицуулалтуудад эерэг үзүүлэлт гарч, Монгол Улс дефольт болох эрсдэлээс бүрэн ангижирсан” талаар зарлаж байсан удаатай.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарын өчигдрийн /2023.12.25/өгсөн мэдээллээр ирэх жилүүдэд бондын хугацаат өр төлбөрүүд байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нөхцөл бий болсон гэнэ.

Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг ч Засгийн газраас нуугаагүй, задаргааг нь олон нийтэд танилцуулна лээ. Уг задаргаагаар:

  • Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар
  • Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар
  • Арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар
  • Аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар аж.

Арилжааны банкууд болон аж ахуйн нэгжүүдийн хувьд авсан зээлээ өөрсдөө хариуцаад явчих биз. "Оюутолгой”, “Энержи Ресурс”, “ММС”, “МИК”, ХХБ гээд хувийн хэвшил гадаадаас бонд босгох нь эдийн засгийн хувьд эрүүл үзэгдэл. Олон улсад бонд, үнэт цаас гаргаж мөнгө босгож байна гэдэг нь Монголын компаниуд дэлхийн хэмжээнд хүрч байна гэсэн үг.

Үүнээс голчон харах нь Засгийн газрын өр агаад үүнийг дотор нь хоёр ангилж болно.

  • 1.Хөнгөлөлттэй зээл  /1990-2012 он хүртэл 326 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэрээний хугацаанд жигд хуваарилагдаж, бага дүнгээр төлөгддөг./
  • 2.Гадаад бонд /Монгол Улс анх удаа 2012 онд олон улсын зах зээлд нэрийн бондоо арилжаалсан агаад нийтдээ 12 бонд гаргажээ./

Засгийн газрын тэргүүний зүгээс Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрлэсэн хулгай, луйвар, авлигын эсрэг багц арга хэмжээ авсны үр дүнд эдийн засаг шинээр сэргэж эхэлснийг мөн  “…Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байгаа”-г онцолсон.  Жирийн иргэдийн хувьд энэ бол сайн мэдээ. Эдийн засаг "хонгил"-оос гарч эхэллээ гэсэн үг юм.

Монгол Улс өнгөрсөн дөрвөн жил “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулжээ.

Мэдээж сөрөг хүчний зүгээс Засгийн газрын  мэдээллийг үгүйсгэж, харлуулах оролдлого ч хийж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд  цахим хуудсаараа дамжуулан "Сүүлийн 7 жилд нэг монгол хүнд оногдох гадаад өр 2 дахин нэмэгдэж, 36 сая төгрөг болсон. 2016 оны сонгуулийн өдөр 15 сая байсан. Зээлийг зээлээр хаах нь зээл төлөх биш. Төлсөн бол нийт зээл буурах ёстой. Зээл төлөгдсөн гэж рекламдах нь зүгээр л залилан" гэх байр суурийг илэрхийлсэн байх. Үнэндээ, нүүрснээс өөрөөр зарах юмгүй, уул уурхай, банк санхүүг нь улстөрчид хуу тоносон улсад өрийг өрөөр дарахаас өөр гарц өнөөдөртөө алга. З.Энхболд Монголын гадаад өр 34 тэрбум ам.доллар хүрэх шалтаг, шалтгааныг бий болгосон улстөрчдийн нэг мөн үү мөн. Түүний улс төрийг даалгүй унасан Тавантолгой ордоос өдгөө 40 их наядын нүүрс хулгайд алдагдсан байна.

Хэрэвзээ, тооцоо судалгаа, тоогоо андуураагүй бол ийм хэмжээний их мөнгө хулгай эдийн засагт шингэсэн бол өнөөдөр Монголын, монголчуудын амьдрал өөр байх байсан нь гарцаагүй. Бас нэг гарцаагүй үнэн нь хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс банкийг нь тонож, уурхайг нь ухаж, төмөр зам, төсөл хөтөлбөрүүдийг нь луйвардаагүй бол өрийг өрөөр биш өөрөөр дарах боломжтой байсан. Өнөөдрийн гадаад өр өнгөрсөн хугацаанд Монголд нүүрлэсэн авлига, хулгайн үр дагавар. Хулгай хар мөртэй гэж энийг хэлдэг. Хөгжлийн банкийг гэхэд хэдэн гэр бүл, хэдхэн улстөрчид хуваагаад хулгайлчихаа шахсан биз дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж