"Ахиад 30 минут сунгахгүй байгаа? Цаг сунгавал арай л оройтох нь
-Харин тийм ээ. Цаг эрт бол ахиад жаахан тоглох сон"" гэж дунд ангийн болов уу гэмээр хоёр охин ярилцана. Тэд ирээд хоёр цаг болж байгаа аж. Гэвч тоглож ханахгүй, сэтгэл хоргодсоор л байгаа нь цахим хичээл эхэлснээс хойш бараг гэрээс гаралгүй, мөсөн дээр гулгахыг л тэсэн ядан хүлээж байсных гэнэ.
Наагуур цаагуур хөтлөлцөн гулгах хос залуус, ар араасаа зууран галт тэрэг болон тоглоцгоох хүүхдүүдийн хацар улаа бутарч царайд нь инээмсэглэл тодорно. Хүүхдүүд цуваа болон гулгахдаа цуваанаас тасарсан орхин явсаар сүүлд үлдсэнгээ ялагчид өргөмжлөх аж. Харин нэгэн улаан малгай, ногоон куртиктэй хүү охидын малгайг шүүрч ийш тийш зугтан одоход охид ч араас нь хөөн талбайгаар нэг дуу шуу болно.
Мөсөн талбайг тойрон гэрэл анивчиж, шинэ оны дуунууд эгшиглэнэ. Энэ л орчинд хөгжилдөн тоглох хүүхдүүдийн дулаан амьсгаа, жаргалтай инээмсэглэл, жавартай өвлийн хүйтэн шөнийг дулаацуулна.
Хүмүүсийн хэлж заншсанаар 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах энэ каток нээгдээд удаагүй гэнэ. Гэхдээ эндэхийн үйлчлүүлэгчид нь зөвхөн хүүхэд багачууд биш томчууд ч цөөнгүй ирж гулгадаг аж. Үйлчлүүлэгчид өглөө 11.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд нэг цагийн 5000 төгрөгөөр мөсөн катокт гулгадаг байна.
Мөсөн гулгуурын талбайн ажилтан Ш.Баттулга “Хүүхдүүд ирж ганц хоёр цаг гулгачхаад, гэртээ харьж амарч дулаацаад дахин ирж тоглодог. Гэртээ уйддаг байх. Яг энийг л хүлээж байлаа гээд баяртай нь аргагүй тоглож байна. Хүүхэд баярлуулах сайхан байдаг учраас бид ч ажиллахад урамтай байна. Удахгүй мод, чимэглэл нэмээд улам гоё өнгөлөг, тохилог болгоно” гэв.
Агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг их хотын түмэн стрессээс түр ч болов холдож, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр уралдан гулгаж цагийг хөөр баяртай өнгөрөөх боломж олгосон энэ газарт хүмүүс ч ам сайтай байна. Долоон настай охиноо дагуулан ирсэн нэгэн ээж “Хичээл цахим болсноос хойш гэрээс гарахаа байсан охин маань энэ талбайг нээгдэхээр бэлдэж байх үеэс л догдлон хүлээсэн. Талбайг нээгдсэнээс хойш өдөр бүр ирж тоглодог боллоо. Гэртээ байнга байхаар нэг бол зурагт үзнэ, нэг бол утсаа оролдоно. Дэлгэцтэй л маш их цагийг өнгөрөөдөг хүүхдээ энд ирээд үеийнхэнтэй нь тоглуулж наадуулах сайхан байна” гэж ярина.
Тэрбээр охиноо үеэл эгчтэй нь хамт тоглуулангаа ажилчдын байрлах дулаан мухлаг дотор хүлээж сууна. Өвлийн улиралд хотын иргэд спортоор хичээллэх нь багасдаг. Тиймдээ ч мөсөн катокт хүүхдүүдээсээ ч дутахгүй хөгжилдөн тоглох аав ээжүүд, залуучууд их байлаа. Тэнцвэр алдан халтирч унахаас болгоомжилж хоорондоо сугадан зөөлөн гулгацгаах аав ээжүүдээ харж хүүхэд багачууд шоолон инээлдэнэ.
Тэшүүрээр чадварлаг гулгах нь нүдэнд тусах хөвгүүнийг Ц.Төмөрчимэг гэдэг. Тэрбээр саяхны эрс хүйтэрсэн өдрүүдийг эс тооцвол өвөл эхэлснээс хойш гулгаж байгаа гэнэ. Орой 17.00-18.00 цагийн үед гулгаж эхлэхэд харанхуй хэрнээ дулаахан, гудамжны гэрэл анивчиж, хүмүүс их цуглаад гулгахад яг тохиромжтой байдгийг хэлж байлаа.
Улаанбаатарын өвлийг иргэд бухимдал дүүрэн өнгөрөөж буй энэ үед гэр бүл, найз нөхөдтэйгөө стрессээ тайлж, дасгал хөдөлгөөн хийн, өвлийн мартагдашгүй дурсамж өнгөрөөх газрууд ар араасаа нээгдэж байна. Айл өрх бүрт амралтын өдрүүдэд агаар салхинд гарч гулгах боломж нөхцөл хомс. Харин гэрийнхээ ойр байрлах мөсөн талбайд очиж гулгах нь хүн бүрт цагийг зугаатай өнгөрөөх боломжийг олгодог аж.
Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Их хотын завгүй амьдралд өнгө нэмж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх мөсөн хотхонд таныг ч бас урья.
Баянгол дүүргээс сурагчдын амралтад зориулан гурван байршилд мөсөн каток ажиллуулж эхэлсэн юм байна.
Байршил 1 – БГД 13-р хороо И-март худалдааны төвийн ард 26-р байрны урд
Байршил 2 – БГД 18-р хороо 51-р байрны урд
Байршил 3 – БГД 18-р хороо 45-р байрны хойно, Элбэг дэлгүүрийн зүүн хойно
Б.Нарангэрэл
зочин 2023-12-26 66.181.179.97
Болжээ. Муусайн хүүхдүүд цагаа зугаатай өнгөрөөж байвал аштай юү.
Нэргүй 2023-12-26 202.21.100.210
Бусад дүүрэгт байхгүй юу
atwy 2023-12-26 216.38.195.74
OB
-ybo; 2023-12-26 216.38.195.74
transhaani
-ybelichit,+ ymenshit 2023-12-26 216.38.195.74
brnE
baaxan ys zarj ,yleejs;dampyyryylj 2023-12-26 216.38.195.74
Nazibaem nefrit,security gaynyydeers