Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай холбоо тасарснаас хойш бараг гурван долоо хоногийн дараа Хойд туйлын тойрог дахь хорих ангид байгааг нь мэдээллээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэлэхдээ, Навальный Москвагаас зүүн хойд зүгт 1900 км-ийн зайд орших Ямало-Ненецк мужийн Харп хотын хорих ангид байна гэж мэдэгджээ. Энэ бүс нутаг нь урт, ширүүн өвлөөрөө алдартай бөгөөд Зөвлөлтийн Гулаг шоронгийн тогтолцооны хамгийн хатуу дэглэмтэй нүүрсний уурхайнуудын нэг байсан Воркутагийн ойролцоо байрладаг.
Навальный хэт даврагч үзлийн хэргээр 19 жилийн ял эдэлж байна. Тэрбээр Москвагаас зүүн тийш 230 км-ийн зайд орших Владимир мужид хоригдож байсан ч өмгөөлөгчид нь арванхоёрдугаар сарын 6-наас хойш түүнтэй холбогдож чадаагүй гэж хэлсэн.
“Энэ хорих анги руу орох бараг боломжгүй. Захидал илгээх ч бараг боломжгүй. Энэ бол дэлхийгээс тусгаарлагдах хамгийн дээд түвшин юм" гэж Навальныйгийн ахлах стратегич Леонид Волков хэлэв.
ОХУ-ын шоронгийн системд хоригдлыг шилжүүлэх үйл ажиллагаа нь маш нууцлагдмал бөгөөд хоригдлуудтай хэдэн долоо хоногийн турш холбоо тасдаг. Навальный өмнөх хорих ангид хоол ундгүй, агааржуулалтгүй өрөөнд хоригдож байсан тул бие нь өвдсөн байсан учраас өмгөөлөгчид нь түүнтэй холбоо тасраад сандарсан.
Навальный 2021 оны нэгдүгээр сард Москвад буцаж ирснээс хойш ОХУ-д торны цаана хоригдож байна. Үүнээс хойш гурван удаагийн шүүх хурлаар тус бүр тодорхой хугацааны хорих ял авсан. Тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг улс төрийн зорилготой хэмээн няцаасан юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ