Г.Занданшатарын улс төрийн өрөг-өв

Г.Занданшатарын улс төрийн өрөг-өв

Г.Занданшатарын улс төрийн өрөг-өв

Улс төрийн эрэмбээрээ Монголын номер хоёр гэгддэг хэдий ч ҮАБЗ-дөө Х.Баттулга-У.Хүрэлсүх хоёрын дунд, У.Хүрэлсүх-Л.Оюун-Эрдэнийн хооронд гол төлөв төвийг сахигчийн дүр бүтээж ирсэн. Магадгүй З.Энхболд шиг хагалан бутаргагч хатуу самар байсан аваас МАН засгаа хэдэнтээ нурааж, гэрээ хэдэнтээ шатаахыг хэлж мэдэхгүй.  Ямар ч байсан Ч.Сайханбилэгийн бодлогыг З.Энхболд бойкотолдог шиг гүйцэтгэх засаглалынхаа эсрэг үг-үйлдэл үзүүлж байсан тохиолдол Г.Занданшатарын хувьд нэн цөөн, бараг байхгүй болов уу. Харин ч Л.Оюун-Эрдэнийн авлигатай  хийх тэмцэл, таван “Ш” ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогыг хувиараа, хуулиар ч дэмжиж ирсэн. Үүний  нэг нотолгоо нь өнгөрсөн хаврын чуулганаар баталсан авлигатай тэмцэх багц хуулиуд юм.

1.

Тогтолцооны хувьд Монгол нь хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Үүнээс болоод ҮАБЗ-ийн гурван гишүүн хүссэн ч эс хүссэн ч “нэгийн эсрэг хоёр” тоглолтод ордог, энэ нь улс төрд тогтворгүй байдал үүсгэдэг. Улс төрийн тогтворгүй байдал нь наанадаж намуудад хэрүүл, цаанадаж  засаглалын хямрал дагуулсаар ирсэн. Ямартаа л гучин жилийн хугацаанд монголчууд 15 Засгийн газар, 32 Ерөнхий сайдын нүүрийг үзэх билээ.

Түүний өнгөрсөн хаврын чуулганы нээлтээр хэлсэн “Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм” гэх  үг нь үнэний талтай.

Тиймээс тогтолцооны гажгийг засч, институци хоорондын эрх мэдлийг зөрчилдөөнийг арилгах нь түүний олон жилийн амбиц нь байсан л байх.  УИХ-ын дарга болсны үүрэг даалгаварт нь “өгөгдсөн” ч байх.

Иймээс Үндсэн хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь мэдээж МАН-д, тэр тусмаа Г.Занданшатарт наалдаж үлдэнэ. Үнэндээ хойдох цорготой Царь, урдах мөнгөтэй Хуанди хоёрын дунд орших Монголын хувьд парламентын засаглалыг хөгжүүлж, бэхжүүлж байж л ардчиллаа авч үлдэнэ, аюулгүй байдлаа хамгаална. Үүнээс өөр арга зам үгүй.

Сонгуулийн тогтолцоог өөрчилж, /пропорциональ/ гишүүдийн тоог 128 болгож нэмэгдүүлж,УИХ дахь нэг кнопны эрх мэдлийг бууруулсан нь ийм л учир шалтгаантай.

Хувь хүн талаасаа Г.Занданшатарыг зөөлөн боорцог гэж боддог, УИХ-ын даргаар анх сонгогдох үед У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” гэж харж, хардаж асан хүмүүс парламент дотор, басцагаан байранд нь ч байсан. Гээд өнгөрсөн зургаан жил тэрбээр улс төрийн хувьд, УИХ-ын даргын хувиар ч У.Хүрэлсүхээс учиргүй зүүгдэж ирсэн нь юу бол.

Нэг намын тогтолцоог халан ардчилсан чөлөөт сонгуулийг явуулж, анхны спикерээр нь Р.Гончигдоржийг сонгож аснаас хойш тоолбол УИХ-ын даргаар ажилласан 12 улстөрч дотроо, бусад спикерүүдтэй нь харьцуулахад тэрбээр хоёр парламентыг даргалсан гэдгээрээ түүхэнд, Үндсэн хуульд чухал гол өөрчлөлтүүдийг хийснийхээ хувиар улс төрд  тодорхой дүрийг ч, мөрийг үлдээж чаджээ.

2.

“Алх барьсан хүнд бүх зүйл хадаас мэт” харагддаг гэх нь бий. Спикер асан З.Энхболдоос ийм араншин ил тод гардаг, илэрдэг байлаа. Аа, харин Г.Занданшатар “алх барьсан дарга” гэхээсээ хурал даргалагчийн имиж бүрдүүлж ирсэн нь хувь хүнийх нь характер хийгээд олж эзэмшсэн боловсролтой нь холбоотой байх. Тэр тусмаа гүйцэтгэх засаглалынхаа бодлогыг хамгийн сайн дэмжиж ирсэн спикер гэвэл үнэнд илүү нийцэх ч биз.

Монголын төрд нүүрлэсэн авлига хулгайтай тэрбээр эрх мэдлийнхээ хүрээнд ил тод дайн зарлах субьект биш. Хууль батлах замаар хулгай, луйвартай тэмцэх үндсэн ажилтай. Үндсэн хуулиар олгогдсон эрх үүрэг нь ийм. Энэ хүрээнд Засгийн газрын таван “Ш” ажиллагаа болон Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг дэмжсэн цөөнгүй хууль, тогтоомжийг УИХ өнгөрсөн хугацаанд баталсан. Жишээ нь: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бий.

Үүнээс гадна УИХ дээр хулгай, луйврын асуудлаар нэг бус нээлттэй сонсголыг зохион байгуулсанд түүний оруулсан хувь нэмэр ч бий.

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зохион байгуулсан, улс орон даяар шууд цацагдсан Хөгжлийн банк болон нүүрсний хулгайн хэргээс улстөрчид, бизнесменүүдээ хэн нь хэн болохыг бид баримт нотолгоотой нь нүдээрээ харсан, чихээрээ сонссон. Үнэндээ, Монголд төрийн өмчийг тонолцоогүй, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдоогүй улстөрчийг нэрлэ гэвэл бараг улсын шалгалтад унах асуулт болно. УИХ дээр дуудагдсан гэрч, дурдагдсан нэрс дотор УИХ-ын дарга Г.Занданшатар байгаагүй нь нэг талаасаа нээлттэй сонсгол явуулах хөшүүрэг нь болсон биз. Өөрөө хулгайч байсан бол өрөөлийг хулгайг нээлтэй сонсох эр зориг нь эс хүрэх байсан байх. Ийнхүү нийгэмд өгөх үүргээ гүйцэтгэсэн нээлттэй сонсголоор дэлгэгдсэн баримтын хойноос мөрдөн шалгах, улсын гэм хохирлыг тов тодорхой тооцох, учруулсан хохирлыг барагдуулах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх нь хууль, шүүхийн ажил болжээ.

3.

Г.Занданшатарын парламентаас нэг бус гишүүн “хөөгдсөн” нь нэг талаар авлига, хулгайтай хийх тэмцлийн нэгээхэн хэсэг гэж хэлж болно. Хуулийн засаглал бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ёс зүй нэгд тавигдах учиртай. Энэ үүднээс харахад авлига, хулгайтай холбогдсон “ангийнхан”-тайгаа ёс зүйн хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Парламентын нэр төрөөс илүү улсын эрх ашиг нэгд тавигдах учиртай. Ийм л шалтгаанаар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг Төрийн ордноос төрхөмд нь буцаасан байлгүй.

Түүнчлэн тэрбээр бас чиг зөөлөн боорцог биш болохоо харуулж, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохын төлөө Сангийн сайдтайгаа муудалцах дээрээ тулж байв. НӨАТ-ын буцаан олголтын таван хувь болгох түүний санаалчилга “D өргөдөл” дээр 100 гаруй мянган хүний дэмжлэг авсан юм. Хууль тогтоох үйл явцад иргэдийн санал санаачилгыг тусгах зорилготой уг цахим системд “Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх” санал санаачилга нэлээд дэмжлэг аваад явж байна. Гэх мэтчилэн бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг ардаа үлдсэн Г.Занданшатарын парламент ҮХНӨ-өөс эхлээд эдийн засаг, улс төрийг өөрчлөх олон  реформыг хийжээ, хийхээр хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад багтаажээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.182.83

Зандка яван чангарч байгаа, амжилт.

Avatar

ХУУЛЬЧ 2023-12-26 202.9.47.3

ЭНЭ ИХ ХУРАЛ УЛС ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН ГЭЖ БОДНО .,,,ХАРИН ЦААШИД ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ИРЭХ СОНГУУЛИЙАР БАЙГУУЛАГДАХ, УЛСЫН ИХ ХУРАЛ ,,ЗАСГИЙН ГАЗАР ,,,ПОПРОХГҮЙ ,,,,ТОГТВОРТОЙ ,ПРАКМАТИК, ТУУШТАЙ БАЙЖ ЭНЭ БОДЛОГО БОДИТООР АМЬДРАЛД ХЭРЭГЖНЭ ДЭЭ.

Avatar

Хотын унаган иргэн 2023-12-26 139.5.219.197

Жүжигчин багаа, 2024 оны Сонгуулиар дахиж гарч ирнэ, баттай хэлье. Ард түмэн хуурдагдана, бүгдийг нулмина хараарай.

Avatar

Нэргүй 2023-12-26 139.5.216.22

Өөрөө өөрийнхөө тухай бичээд байгаа юм уу да

Avatar

Нэргүй 2023-12-26 202.21.104.2

news AN-nii taliih bizdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж