Тойм 2023: Дэлхийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Тойм 2023: Дэлхийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Ньюс агентлаг улиран одож буй 2023 онд дэлхий дахинд тохиолдсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.


59 МЯНГАН АМИЙГ АВЧ ОДСОН ГАЗАР ХӨДЛӨЛТ

Туркийн зүүн өмнө, Сирийн баруун хойд хэсгийн нутагт 2023 оны хоёрдугаар сарын 6-ны үүрээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн голомт нь Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 км зайд, 24.1 км гүнд байсныг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Гамшгийн хамрах хүрээ Германы газар нутагтай дүйцэхүйц буюу 350 мянган км2 талбайг хамарчээ. Хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолбол, Турк 148.8 тэрбум ам.доллар буюу улсын дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувь, Сири 14.8 тэрбум ам.долларын хохирол амсав.

Газар хөдлөлтөөр 520 хүн нас барлаа гэж урьдчилсан байдлаар тухайн өдөр мэдээ цацагдсан ч энэ тоо нэмэгдсээр 59259 хүрсэн юм. Нарийвчлан задалбал, Туркт 50783, Сирид 8476 хүн нас баржээ. Мөн 121 мянган хүн гэмтэж бэртэж, 297 хүн сураггүй болсон.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн 10 мужийг гамшгийн бүс гэж зарлаж, гурван сарын хугацаатай онц байдал зарлажээ. Энэ хугацаанд 30 мянга гаруй удаа газар хөдлөлтийн дараах чичиргээ бүртгэгдсэн байна.

Дэлхийн 94 улсаас 141 мянга гаруй хүн ирж эрэн хайх, аврах ажиллагаанд тусалжээ. Энэ дунд Монгол Улсын эрэн хайх, аврах багийнхан ч багтсан юм. Мөн аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч ноход багтсан байна.

ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ЭЗЭН ХААНЫ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын депутатууд гуравдугаар сарын 10-нд болсон санал хураалтаар Ши Жиньпинийг гурав дахь удаагаа Хятадын даргаар сонгов. Ийнхүү Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдсон Хятадын анхны ерөнхийлөгч болсон юм. Санал хураалтад 2952 депутат оролцжээ.

Мөн энэ хурлаар Хятадыг ирэх таван жилд удирдах Ши Жиньпиний багийг шинээр томиллоо. Энэ удаад Засгийн газрын танхимд таамаглаж байснаас цөөн шинэ нүүр царай гарч ирэв. Тодруулбал, нийт 26 албан тушаалтан томилогдсоны бараг тал нь 2021 буюу түүнээс өмнөх хугацаанд засгийн эрхэнд ажиллаж байсан хүмүүс ажээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд шинээр танилцуулсан хоёр том албан тушаалтан нь Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу, эдийн засгийн төлөвлөлтийн агентлагийн даргаар Жэн Шанжиэ нар байв.

Гэвч Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа сунгаснаасаа хойш их цэвэрлэгээ хийсээр байна. Тэр өөртөө үнэнч хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэх боловч жил хүрэхгүй хугацааны дараа Хятадын топ дипломатчид үүрээ эвдүүлсэн шоргоолж адил үймж эхэлжээ. Энэ үймээнд өртөж, албан тушаалаасаа огцорсон томоохон албан тушаалтнуудын тоонд Ли Шанфу багтсан.

Ши Жиньпин авлигатай тэмцэх өргөн хүрээний кампанит ажил эхлүүлсэн нь түүний их цэвэрлэгээний нэгээхэн хэсэг юм. Энэ хүрээнд Хятадын банк, санхүүгийн салбарын олон албан тушаалтан ял шийтгэл сонсоод байна.

ПУТИНЫГ СОРЬСОН 36 ЦАГ

Орос, Украины дайн 22 дахь сардаа үргэлжилж байна. Энэ хугацаанд Путины дэглэмийг сорьсон томоохон үйл явдал болсон нь “Вагнер”-ын бослого байлаа. Тодруулбал, Евгений Пригожин тэргүүтэй “Вагнер”-ын хөлсний цэргүүд зургадугаар сарын 24-нд нийслэл Москваг чиглэн зэвсэгт бослого гаргав.

Бүлгийн тэргүүн Пригожин энэ үйлдлээ төрийн эргэлт хийх оролдлого бус Оросын армийн эсрэг бослого гэж тайлбарлажээ. Тэрбээр видео мэдэгдэл хийхдээ “Замд саад болсон хэнийг ч устгана. Эцсээ хүртэл явна” гэсэн боловч зургадугаар сарын 25-ны өглөө байдал намжиж, цэргүүд Ростов-на-Донугаас ухарсан юм.

Бослого анх эхлэхэд Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ тэр “Бослогод оролцсон хүн бүрийг шийтгэнэ” гэж амласан юм.

Гэвч Лукашенкотой тохиролцсоны дараа Пригожин цэргүүдээ аван ухарч, Беларусьт хэсэг хугацаанд нам гүм байсан. Эцэст нь тэрээр наймдугаар сарын 23-нд Москвагаас Санкт-Петербург руу нисч яваад онгоцны ослоор нас барав.

Москвагийн эсрэг үймээн самууны өшөөг авахын тулд Пригожиний амийг хөнөөсөн гэх таамаглалыг Кремль няцаасаар ирсэн. Тодруулбал, "Пригожин болон түүнтэй хамт явсан хүмүүс согтуу эсвэл кокаин хэтрүүлсэн байсан. Энэ үед нь гар гранат санамсаргүй унасны улмаас онгоц сүйрсэн" гэж Кремль мэдэгдэж байв.

Тэгвэл Пригожиний онгоцны далавч дор тэсрэх бөмбөг суурилуулснаар осол гарсан байж болзошгүй болжээ. Тэсрэх бөмбөг суурилуулах ажиллагааг Путины эртний холбоотон Николай Патрушев хуйвалдаж, удирдан зохион байгуулсан гэж барууны тагнуулын эх сурвалж энэ сарын 24-нд мэдээллээ.

200 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ЗӨРЧИЛ

Өнгөрч буй 2023 он дэлхийн геополитикт их сорилтын жил боллоо. Украины дайн хоёр дахь жилдээ сунжрахтай зэрэгцээд 200 жил үргэлжилж буй Израиль-Палестины зөрчил шинэ дайны галыг өрдөв.

Газын зурваст хяналтаа тогтоосон Палестины зэвсэгт бүлэглэл "Хамас" сүүлийн 50 жилд Израилийн нутаг дэвсгэрт хийсэн хамгийн өргөн хүрээтэй довтолгооныг өнгөрсөн аравдугаар сарын 7-нд эхлүүллээ. Дайн эхэлсэн даруй Израиль болон Газад олон мянган хүн амь үрэгдээд байгаа талаар эрх баригчид мэдээлсэн бөгөөд амиа алдагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ялангуяа, Газын зурваст хүмүүнлэгийн хямрал нүүрлэж, үндсэндээ “хүүхдүүдийн оршуулгын газар” болоод байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерриш онцолсон юм.

Хамас дайн эхлүүлсэн шалтгаандаа 1967 оны Араб-Израилийн дайны үеэр Израилийн эзэлсэн Баруун эргийн асуудал, саяхан Израилийн цагдаа нарын Иерусалим дахь Акса сүмд хийсэн дайралт, олон мянган палестин иргэнийг Израилийн шоронд саатуулсан зэргийг дурджээ.

Гэхдээ Хамасын дайралтын хариуд Израиль улс зэвсэгт этгээдүүдийг онилох биш Газын зурвасыг хайр найргүй бөмбөгдөж, гэмгүй палестинчуудыг хохироож буйгаараа олон улсад нэр хүнд нь унах болов. Хамас бүлэглэл 2007 онд  эрэг орчмын бүсийг хяналтдаа авснаас хойш Газын зурвас Израилийн бүслэлтэд байна.

ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН САНСАРТ ГАРАВ

ЗХУ-аас 1957 оны аравдугаар сарын 4-нд “Спутник-1” хиймэл дагуулыг хөөргөснөөр сансрын эрин үе эхэлж байв. Үүний дараа 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд "Восток 1″ хөлгөөр сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон. Харин АНУ 1969 оны долдугаар сарын 20-нд “Аполло 11” хөлгөөр саран дээр газардсан нь 20-р зууны сансар судлалын хамгийн чухал үйл явдлуудын нэг болов. Үүнээс хойш сансар судлал тодорхой хэмжээгээр хөгжсөөр ирсэн ч өнгөрсөн оноос их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний гол талбар болоод байна. Ялангуяа, АНУ, Хятадын эрх баригчид сансар судлалыг батлан хамгаалахын нэг чухал салбар болгож, их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөн, боловсон хүчнийг бэлтгэж эхэллээ.

Тэгвэл өнгөрч буй 2023 оны наймдугаар сард Энэтхэг улс " Чандраяан-3″ сансрын хөлгөө саран дээр амжилттай газардуулж, түүх бүтээв.  Үүнийхээ дараа нарыг судлахаар "Адитяа-Л1" сансрын хөлгөө есдүгээр сард хөөргөсөн. Ийнхүү Энэтхэг улс нь нар, сар руу сансрын хөлгөө хөөргөсөн цөөн орны нэг боллоо. Тодруулбал, тус улс нь саран дээр амжилттай газардсан дэлхийн дөрөв дэх, 21-р зууны хоёр дахь орон болжээ. Энэтхэг улсын сансрын амбицыг хүчирхэг гүрний статусаа бэхжүүлэх оролдлого гэж ажиглагчид харж байна.

Харин олон улсын сансрын ажиглалтын байнгын хараа хяналтад байдаг Хойд Солонгос улс анх удаа тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, дэлхийг гайхашруулав. Хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн дараа өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгос “Маллигёнг-1” тагнуулын хиймэл дагуулыг хөөргөсөн. Тус хиймэл дагуул нь АНУ-ын Цагаан ордон болон Сувдан эрэг дэх цэргийн баазын зургийг авсан гэж Ким Жон Ун сайрхаад буй. Хөрш Өмнөд Солонгосын талаас Пёньяны тагнуулын хиймэл дагуулын хүчин чадалд эргэлзэж байгаа ч болгоомжилсон байр суурьтай байна. Хойд Солонгос сансрын тойрог замд хиймэл дагуулаа байрлуулах гэж сүүлийн 25 жилийн хугацаанд долоон удаа оролдсон. Үүний тав нь далайд осолдож, хоёр нь сансарт гарсан ч ажиллагаа нь эргэлзээтэй.

Гэтэл сансар судлалд тэргүүлэх байр суурийг эзэлж байсан ОХУ 47 жилийн дараа саран дээр газардах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж, шуугиан тарьлаа. “Луна-25” хөлөг наймдугаар сарын 10-ны өдөр хөөрсөн ч сарны гадарга дээр унаж осолдсон юм. Энэхүү хөлгийг Энэтхэгийн "Чандраяан-3" хөлгөөс урьтаж сарны өмнөд туйлд газардуулахаар төлөвлөж байв. Учир нь сарны өмнөд туйлд нар тусдаггүйгээс мөс болон бусад химийн нэгдлүүд байх боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн сарны өмнөд туйлд хүрч очсон удаагүй юм.

ОХУ нь Олон улсын сансрын станцтай байгуулсан гэрээ нь дуусахад буюу 2027 он гэхэд өөрсдийн гэсэн сансрын станцтай болохоор зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж