“Идсэн, уусан бүхнээ бөөлжиж гаргаад байвал эмнэлэгт хандах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2023.12.26-нд нийтлэгдсэн

“Идсэн, уусан бүхнээ бөөлжиж гаргаад байвал эмнэлэгт хандах хэрэгтэй”

“Идсэн, уусан бүхнээ бөөлжиж гаргаад байвал эмнэлэгт хандах хэрэгтэй”

Олноор өргөн тэмдэглэдэг баярын өдрүүдэд хоолноос хордлого авах тохиолдол нэмэгддэг. Иймээс хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасгийн эмч Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Баярын өдрүүдэд хордлогод орсон хүмүүс олширдог. Ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүнээс хордлого авсан байдаг вэ?

-Хүмүүсийн олноороо, өргөн тэмдэглэдэг баяруудын үеэр амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг. Тэр нь юутай холбоотой байдаг вэ гэхээр баярын өдрүүдэд хоолны дэглэм алдагдах, архи согтууруулах ундааны хэрэглээ ихсэх, өөх тос ихтэй, эрсдэлтэй хоол хүнс хэрэглэх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй. Мөн айхтар түгээмэл шинж тэмдэг илрэхгүй явж байгаад архаг хууч өвчин сэдрэх, нойр булчирхай, ходоод үрэвсэх нь зэрэг тохиолдлууд ч байна.

-Ялангуяа өндөг, хиамны хордлогод орсон хүмүүс их байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний хордлогын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Хоол боловсруулалт, шингээлт алдагдлын зовиурууд нь бараг бүх өвчний үед илэрдэг түгээмэл зовиурууд байдаг. Хоолонд дургүй болох, бөөлжих, гүйлгэх, дотор муухай оргих, ядарч сульдах, тамирдах, хоол шингэхгүй байх, цанхайх, гүйлгэлтийн давтамж ихсэх, төлөв байдал нь усархаг байх зэрэг хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ.

Тухайлсан зовиур гэвэл халуурах, бие сульдах, цусархаг зүйлээр эсвэл шар ногоон зүйлээр бөөлжих зэрэг байж болно.

-Тэгвэл дээрх шинж тэмдэгүүд илэрснээс хойш хэр хугацааны дараа эмнэлэгт хандах вэ. Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Сая хэлсэн шиг ерөнхий зовиурууд илрээд эхэлбэл хамгийн түрүүнд шингэн юмаа сайн уух хэрэгтэй. Бөөлжиж гүйлгэлээ гээд хоол идэхгүй байж болохгүй. Гүйлгэж, бөөлжиж байгаа хүн шингэн алдалтад ордог учраас шөл устай, шингэц сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үнэхээр хоолны дуршилгүй болоод идсэн уусан зүйлээрээ бөөлжөөд байвал энэ аюултай шинж тэмдэг.

Ялангуяа хүүхдүүд шингэн алдалтад хурдан ордог учраас маш аюултай. Уусан, идсэн зүйлээ бөөлжиж гаргаад, өдөрт арваас дээш удаа гүйлгээд байвал эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд бол шингэн зүйлээ сайн уух, тайван унтаж амрах, хоолоо бага багаар ч болтугай идэх л хэрэгтэй.

-Хоолны хордлогоос хэрхэн урьдчилж сэргийлэх вэ?

-Хоолны хордлогод орохоос сэргийлэхийн тулд нэгдүгээрт хүний амьдралын дадал хэвшил зөв байх ёстой. Өглөө цай уухгүй гараад өлсөж явж байгаад өдөр гэнэт хоол идэх зэрэг буруу дадал хэвшилтэй яваад байж болохгүй. Хоёрдугаарт, ойр ойрхон, бага багаар шингэц сайтай хоол хүнсийг хэрэглэх ёстой. Тухайн хүн өөрөө юу идмээр байна, түүнийгээ цаг тухайд нь идээд явахад болно.

Идэх хоолонд нь хориглоод байх зүйл байхгүй. Мөн тодорхой хугацааны давтамжтайгаар эмнэлэгт хандан шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Наснаас нь хамааруулаад эмнэлгийн үзлэгт хамрагдах хугацааг нь ч заасан байдаг. Хоолны хордлого бол цочмог өвчин. Богинохон хугацаанд үүсдэг. Тиймээс хоол идсэний дараагаар заавал шингэн зүйл уух, хэт хүйтэн эсвэл час халуун хоол идэхгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн байнга идээд байдаггүй хоолыг идсэн үедээ жоргүй олгодог хоол боловсруулалтыг дэмжих, ходоод хамгаалах эмүүдийг уух хэрэгтэй. Жишээ нь, тригель, алмагель зэрэг эмүүдийг ууж болно.

-Баярын өдрүүдээр ихэвчлэн ямар хүнснээс хордлого авдаг вэ?

-Хадгалалтын хугацаа урттай бүтээгдэхүүн, мөн хадгалалтын нөхцөл өөрчлөгдсөн хүнснээс хордлого авах эрсдэлтэй. Хөргүүрт 2-8 хэмд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг тасалгааны 15-20 хэмд хадгалбал хадгалалтын горим алдагдаж чанарт өөрчлөлт ордог. Мөн өндөг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, нян бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлсэн хүнсүүдээс хордлого авах магадлалтай өндөр байдаг.

Дараагийн асуудал нь архи согтууруулах ундааг олон хоног дараалан хэрэглэх нь  бие махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, хордлого авах шалтгаан болж байдаг.

-Хоолны хордлого хүндэрснээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Хүн болгоны биеийн байдал, зовиур харилцан адилгүй байдаг. Хамгийн түрүүнд хордлого авсан шалтгааныг нь тодорхойлно. Хүнснээс хордсон уу, аль нэг эрхтэн тогтолцоо, ходоодонд үрэвсэл байна уу зэргээр урьдчилсан байдлаар оношийг нь тодорхой болгох ёстой.

Үүний дараагаар бөөлжиж, гүйлгэж байгаа хүмүүсийн шингэн алдалтыг түргэн хугацаанд нөхөх ёстой. Алдагдаж буй эрдэс, шим тэжээлийг нөхөн шинж тэмдэгийн эмчилгээ буюу бөөлжилт гүйлгэлтийг зогсоох арга хэмжээ авдаг.

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж