Шри Ланка даяар долоо хоногийн турш хар тамхины наймаачдын эсрэг хөдөлгөөн өрнөлөө. Энэ үеэр тус улсын цагдаа нар бараг 15 мянган хүнийг баривчлав. Мөн ажиллагааны үр дүнд героин зэрэг янз бүрийн төрлийн 440 кг хар тамхи хураан авчээ. Үүнээс өмнө 2016 онд 800 кг кокаин хурааж авсан нь тус улсын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн их хэмжээ юм.
Цагдаа нар үнэрч нохой ашиглан нэгжлэг хийсэн. Эрэн хайх, нэгжих ажиллагааг зөвшөөрөлгүй, хууль бус ажиллагаа гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдээлжээ. Тэр дундаа ядуусын хорооллыг л онилж нэгжлэг, дайралт хийсэн гэв. Гэвч мансууруулах бодис байгаа эсэхийг шалгахын тулд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж цагдаагийн төлөөлөгч хэллээ. Эрэн хайх ажиллагааг зул сарын баярыг тохиолдуулан түр зогсоосон ч ирэх долоо хоногт дахин үргэлжлүүлэх аж.
Баривчилсан 15 мянган хүний 13666 нь сэжигтэнд тооцогдож буй бол донтсон 1097-г нь цэргийн эрүүлжүүлэх төвд шилжүүлээд байна. Мөн тэдний машин, эд хөрөнгийг хураан авсан байна.
Дэлхий даяарх хар тамхины наймаачид Шри Ланкыг бизнесийнхээ гол төв болгон ашиглаж байна. Героин, гашиш, каннабис зэрэг хар тамхийг Шри Ланкаар дамжуулан тээвэрлэж байгаа нь ноцтой асуудал үүсгэж буйг шинжээчид онцоллоо.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ