"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад өнөөдөр /2023.12.25/ 06.38 цагт гал гарч, галыг 11:00 цагийн үед бүрэн унтраасан. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бид "Улаанбаатар гурил" ХХК-тай холбогдож тодруулахад, "Манай үйлдвэр Монголын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангадаг. Өнөөдөр үйлдвэрт гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Үйлдвэрийнхэн болон алба хаагчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Бид мэдээлэл өгөх боломжгүй. Галаас шалтгаалж гурилын үнэ өснө зэрэг ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Галд өртсөн агуулахад байсан бүтээгдэхүүний хэмжээг мөн шууд хэлэх боломжгүй" гэлээ.
Цаг агаартай холбоотойгоор энэ жил ургац төдийлөн арвин байгаагүй. Түүнийг дагаад энэ жил гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ ч өсч байгаа. Тухайлбал, буудайн гурилын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаан буудай тариалалт энэ жил бага байсан учир гарц багасч, дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрсэн талаар бид өмнө нь сурвалжилсан билээ.
Холбоотой мэдээ