Тойрог томссоноор жагсаалт руу орох зодоон өрнөх болов

Хуучирсан мэдээ: 2023.12.25-нд нийтлэгдсэн

Тойрог томссоноор жагсаалт руу орох зодоон өрнөх болов

Тойрог томссоноор жагсаалт руу орох зодоон өрнөх болов

УИХ-ын 2024 оны сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдах болсноор нэр дэвшигчдийн дунд намын жагсаалт руу орох зодоон өрнөх нь тодорхой болж байна. Учир нь, гурваас дөрвөн аймгийг нэгтгэсэн тойрогт өрсөлдөнө гэдэг бол олонд танигдсан том мөнгөтэй хүний үзэх талбар гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ирэх оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад 126 гишүүн сонгохоор хуульчлагдсан. Ингэхдээ 48 гишүүн нь намд өгсөн саналаар сонгогдох бол 78 гишүүн нь тойргоо төлөөлж сонгогдоно. Харин тойргуудыг бүсчлэн томсгосноор өмнөх 26 тойрог 13 болж хоёр дахин буураад байна. Тодруулбал,

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгон батлаад байна.

Ийм том тойргууд дээр парламентад суудалгүй намууд, бие даагчид, залуучууд, эмэгтэйчүүд яаж ч тамираа тасартал үзээд дийлэхгүй гэж үзэх гишүүд байгаа юм. Хэдийгээр том тойрогт дээрх сөрөг талууд байгаа ч улс орны хөгжлийг том зургаар нь харж, авч явахад хамгийн тохиромжтой хувилбар гэж судлаачид үздэг. Энэ ч агуулгаар парламентад суудалтай улс төрийн намууд саналаа нэгтгэснээр ирэх оны УИХ-ын сонгууль бүсчлэн зохион байгуулагдах болж буй.

Гэхдээ нэр дэвшигчдийн хувьд хамгийн их эмээж ирсэн нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг тулаан эл тойрогт жинхэнэ гал дуудах болж байна.

Нөгөөтэйгүүр, хэн намын дарга, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргатай ойр шадарлаж чадсан нь жагсаалт руу дээгүүрт бичигдэх "шаанс"-тай. Олон нийтийн зүгээс нэр цэвэр улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ёстой гэдэг асуудлыг хөндөж ирсэн ч өнгөрсөн хугацаанд биелэсэн нь үгүй. Хамгийн ойрын жишээ гэвэл МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа УИХ-д сонгогдсон гишүүддээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн жилийн 3 хувийн хүүтэй зээлийг тэрбум, тэрбумаар нь олгосон дуулиан дэгдэж, олон нийт "Хариуцлага тооцох ёстой" гэдэг шаардлага тавьсан. Гэвч зээлээ буцаан төлсөн үндэслэлээр 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж, зарим нь УИХ-д эргэн сонгогдсон. Зарим нэг нь 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжсөн ч ирэх 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ ханган, ажлаа ч өгөх болж буй. Тиймээс сонгогчдын хувьд нэр дэвшигчдэд цензуртэй хандаж, асуудалтай нэр дэвшигчдэд шүүлтүүртэй хандахгүй бол том тойргоор далимдуулж, хэн мөнгөтэй, хэн попорч чадсан нь гарч ирэх магадлал хамгийн өндөр байгаа юм.

УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-н буюу Баасан гаригт товлосон бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд тогтоогоод буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж