Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Уг төслийг Польшийн “Learnetic” компанийн дэмжлэгтэйгээр хийж буй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд есөн төрлийн 33 сурах бичгийг цахим хувилбартай болгох аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 77 хувьтай явж байна. Ингэснээр бага ангийн сурагчид цаасан болон цахим хосолсон хувилбарт номтой болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болж, сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.
Цахим сурах бичгийг ирэх оны хоёрдугаар сард туршиж үзэх ба туршилтад үндэслэн нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд нэвтэрнэ. Мөн дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглаж, дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд багш арга барилаа өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм.
Холбоотой мэдээ