ТОЙМ 2023: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

ТОЙМ 2023: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

ТОЙМ 2023: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

“NEWS” агентлаг улиран одож буй 2023 онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.


САГСАН БӨМБӨГЧДИЙН ЯЛГУУСАН АМЖИЛТ

Монголын сагсан бөмбөг 2023 оныг амжилт дүүрэн үдэж байна. Эвлэлдэн нэгдсэн сагсан бөмбөгийнхний сэргэлтийн он жилүүд үргэлжилж байна гэж хэлэхэд хэтийдэхгүй. 2025 оны Азийн аваргад оролцох эрхийн төлөөх эхний ялалтаа авсан Монголын шигшээгийнхэн энэ онд хоёрдугаар шатаа мөн амжилттай давсан. Улаанбаатарт нийт гурван тоглолт хийхдээ Хонгконг, Сингапурын тамирчдыг хожиж, сүүлийн өдөр Гуамын тамирчдад харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Гэхдээ гол зорилгодоо хүрч, дараагийн шатанд шалгарсан. Одоо Монголын шигшээ ирэх онд Япон, Хятад, Гуамын багтай хийх тоглолтууд хүлээж байна.

Үүнээс гадна залуучуудын шигшээ Чэндүгийн универсиадад оролцож, тун давгүй тоглолтыг үзүүлсэн. Ямартай ч залуучуудаараа нэг баг болон олон улсын тэмцээнд оролцоод амжсан. Үүний дараа Ханжоугийн Азийн наадамд өрсөлдөж, том сургамж авсан. Одоо л ирэх тэмцээнд хэргээ гаргана. Эмэгтэйчүүдийн шигшээ баг ч удаан хугацааны дараа олон улсын тэмцээнд өрсөлдөж, цангаагаа тайлав.

3х3 сагсан бөмбөгийн хувьд ялалт, амжилтын буухиагаа тасалсангүй. Оны эхэнд болсон Азийн аваргадаа түрүүлж, Австралийн ноёрхлыг зогсоон ахин алтан медаль, аваргын цомоо гардсан.

А.Анандын финалын тоглолтод хийсэн хожлын шидэлтийг одоог хүртэл фэнүүд нь мартаагүй биз. Азийн аваргын дараа 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал албан ёсоор эхэлж, Монголын мэргэжлийн багууд сайн өрсөлдсөн ч явцын дунд бэртэл гэмтэл тохиож амжилт саарсан. Гэхдээ Шанхайн мастерст Улаанбаатар ММС Энержи баг түрүүлж, түүхэн түрүүгээ хүртсэн.

Үүнээс өмнө Ханжоугийн Азийн наадамд оролцсон залуучуудын эрэгтэй, эмэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртсэн нь Азийн наадмын түүхэнд монголчууд сагсан бөмбөгийн төрлөөс медаль хүртсэн анхны тохиолдол болсон билээ. Ирэх жил олимпийн эрхээ авч, ард түмнээ баярлуулна гэж олон хүн итгэж байна.

ДОПИНГТОЙ МОНГОЛ

2023 онд ч допингийн дуулиан намжсангүй. Эсрэгээрээ дэлхийн “сонорт” хүрэв. Баяр наадмын тухай хуулиа цэгцэлж, допингийн үндэсний дүрмээ баталсан ч амьдрал дээр хэрэгжээгүй нь бодит үнэн.

Төрийн наадмын түрүү бөх М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн ч тэрбээр Б сорьцоо шинжлүүлж эцэст нь спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан.

Шинжилгээ авахаасаа эхлээд шинжлэх, зарлах, хариуцлага тооцох гээд бүхий л явцдаа Засгийн газар, МОНАДА алдаа гаргасан учир М.Бадарч спортын арбитрын шүүх дээр ялах боломж бий.

Хууль, дүрэм журам баталчихаад түүнийгээ мөрдөөгүй нь эрх мэдэлтнүүдийн алдаа гэлтэй.

Үүний хажуугаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-ын салан задгай, хаалттай үйл ажиллагааны улмаас Монгол Улс WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жавтий хүртэж, ирэх Парисын олимпод тамирчид нь цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсэв. Засгийн газар ч үүссэн өр төлбөрийг нь барагдуулж, ажлын хэсэг гарган асуудлуудаа эхнээс нь залруулахад анхаарч эхэлсэн. Допингийн байгууллагын "босс" Ж.Хатанбаатарыг албан тушаалаас нь буулган Ц.Уугангэрэлд тус байгууллагыг хариуцуулсан.

Ийнхүү М.Бадарч, МОНАДА-тай зууралдаж байх хойгуур Азийн наадамд оролцсон боксын Б.Чинзориг, хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзул нараас хориотой бодис илэрч, асуудлыг улам даамжруулсан.

МОНАДА нь ажлаа зохих ёсоор хийдэггүйн дээр их спортын тамирчид нь ээлж дараалан допингт бүдэрсэн. Үндсэндээ Монголын спортын салбар бүхэлдээ допингт "живсэн" нь баримт, үйл явдлуудаар нотлогдож, арга ядсан эрх мэдэлтнүүд нь үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг ард түмнээсээ асууна гэв. Угаасаа наадмаар гэлтгүй заал танхимын явцын шинжилгээнд бөхчүүд бүдэрч байна.

БӨХЧҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА

Монгол бөхийн орон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бүхий л бөхийн төрлийн шилдгүүд талын Монголоос төрж байна. Оны дундуур Катарт болсон жүдогийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Харин Унгарт болсон мастерсаас Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртэв. Азийн наадам, Их дуулга, Гран при тэмцээнүүдээс нижгээд медаль хүртсэн.

Тэгвэл чөлөөт бөхийнхөн ч дутахааргүй амжилтыг үзүүлсэн.

Сербид болсон ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар мөнгөн медаль хүртэж, Парисыг зорих тийзээ захиалсан.

Мөн Азийн аваргаас М.Лхагвагэрэл алтан медаль, Т.Тулга, Т.Түвшинтулга, О.Сүлдхүү, Б.Болортуяа, Ч.Отгонтуяа, П.Орхон Э.Даваанасан нар мөнгө, хүрэл медаль авсан билээ.

Сүүлийн жилүүдэд жюү жицү Монгол Улсад хурдацтай хөгжиж буй. Дэлхийн аварга, тивийн тэргүүтэй олон улсын тэмцээнүүдээс медалийн хур буулгаж буй тэд энэ онд эх орондоо дэлхийн аваргыг өндөр түвшинд зохион байгуулж, спортоо сурталчлан таниулах том ажлыг хийсэн. Энэ ч утгаараа жиү жицүгийн холбоо болон баг тамирчдыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Сүмод монголчуудын ноёрхол үргэлжилсээр. Хакүхо зодог тайлж, Тэрүнофүжи бэртэлтэй байгаа хэдий ч залуучууд хүчтэй байна.

Киришима Б.Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн нар энэ онд дээд зиндааны анхны түрүүнүүдээ хүртэж, хоёулаа озэки цолтой болов.

Одоо Киришима Б.Лхагвасүрэн дараагийн ёкозүнад яригдаж эхэллээ. Ирэх башёд түрүүлвэл баараггүй ёкозүна гэж ярьж байна. Хошорюү ч ахынхаа амжилтыг давж, аварга болох хүсэл бий. Дашрамд дурдахад, монголын сүмочид дээд зиндаанд нийт 100 түрүү хүртжээ.

ХАНЖОУ-2022

Шар тивийн спортын шилдгүүд эртний Өмнөд Сүн улсын нийслэл, өнөөгийн Хятадын цахим худалдаа, технологийн албан бус нийслэл Ханжоуд хуран чуулж, шилдгүүдээ тодруулсан юм. Парисын олимпийн өмнө болж буйгаараа онцлогтой энэ удаагийн наадмыг бүх цаг үеийн хамгийн шилдэг наадмуудын нэг гэж тодорхойлох болов.

Монгол Улсын тухайд багийн дүнгээр гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль гээд нийт 21 медальтай 22 дугаар байрт бичигджээ.

Байт харваа, бокс, чөлөөт бөх зэрэг гурван спортоор алтан медаль хүртсэн бол жүдогоор хамгийн их буюу зургаан медаль, багийн спорт болох сагсан бөмбөг, "dota 2"-ийн төрөлд мөнгө, хүрэл медаль мөн кураш, жиү жицү, буудлага, дугуй зэрэг спортуудаар медаль хүртлээ.

Тэгвэл оргил амжилтаа монголчууд 2018 оны Жакартад үзүүлсэн. Нийт 25 медаль хүртсэнээс тав нь алт байсан түүхтэй. Гэхдээ Ханжоуд медалийн тоо, чанар буурсан хэдий ч саалийн үнээгээ нэмэх шиг бусад төрлүүдээс медаль авсан нь гайхалтай. Чөлөөт бөх, жүдо, боксоор зогсохгүй медаль горьдох төрлүүд нэмэгдсээр байгаа нь талархууштай.

Азийн наадмын эхэнд медалийн тоогоо арав давуулах төлөвлөгөөтэй байсан Монголын баг сүүлийн өдөр гэхэд 21 медальтай, гурван аваргатай зогслоо. Тэр ч утгаараа ирэх жил Сена мөрний хэсэг газар руу ногт ганзаглаж очно.

Тэгвэл Ханжоугийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл гээд нийт найман медаль хүртсэн амжилттай.

ШИНЭ ЭРИНИЙ ЦАХИМ ТАМИРЧИД

Цахим спортын хөгжлөөрөө Монгол Улс ахицтай явна. Ханжоугийн Азийн наадмаар Монголын "Dota 2"-ийн баг Хятадын хүчирхэг багийг буулган авч, алтан медаль хүртэх дөхсөн. Харамсалтай нь, туршлага дутаж, шийдвэрлэх тоглолтод тахим өгсөн. Гэхдээ тэдний ачаар монголчууд цахим спортыг арай өөрөөр, гэгээлгээр харж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Сүүлд "CS2”-ийн “The Mongolz” баг Азидаа түрүүлсэн бол “PUBG Mobile”-ийн “IHC Esports” баг дэлхийн аварга болов.

"CS2"-ийн "The Mongolz" баг энэ оныг гайхалтай үдэж байна. Тэд Ази, Номхон далайн бүс нутгаа төлөөлж, дэлхийн бүхий л томоохон тэмцээнд оролцсон. Бүрэлдэхүүн нь одоо ч жигдэрч, ирэх оны эхний тэмцээнээсээ цахиур хагалах шинжтэй. Олон жил нэг түвшин дээрээ гацаад байсан Монголын "CS"-д дэвшилт гарлаа.

Тэгвэл “PUBG Mobile”-ийн 2023 оны дэлхийн аваргад монгол багууд амжилт арвин оролцлоо. Куала Лампур, Истанбул хотуудад сар үргэлжисэн тус тэмцээнд Монголоос дөрвөн баг оролцсон. Нийт гурван сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын гранд финалд нийт гурван баг шалгарснаас Монголын “IHC Esports” 142 оноотой түрүүлсэн бол нутаг нэгт “Stalwart Esports” баг 138 оноотой дэд байр, мөн монгол залуусын нэгдэл “4Merical Vibes” баг 127 оноотой дөрөвдүгээр байр байрт оржээ.

“IHC Esports” хэсгийн шатнаас мултрах дөхөж хасагдах бүсээс ердөө тавхан онооны илүүтэйгээр дараагийн шатанд шалгарсан. Улмаар амьд гарах хэсгээс долдугаар байраар сүүлийн боломж олгох хэсэг рүү дэвшиж, эцэст нь гранд финалд үлдсэн билээ. Уулын бэлээс эхэлсэн аялал эцэст нь оргил дээрээ өндөрлөлөө.

“IHC Esports” баг анх удаагаа дэлхийн аварга болж, эцэст нь зорилгодоо хүрлээ.

Тэд 2021 оны дэлхийн аваргад гуравдугаар байр, 2022 оны дэлхийн аваргад тавдугаар байр тус тус эзэлсэн бол өнөө жил дутуугаа гүйцээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.225

odoo mongold bagiin sportiin ue ehelj baina. 1 aarchilsan turluud yavahaa baisan

Avatar

зочин 2023-12-25 66.181.166.196

Бөхчүүддээ баярлалаа ч гэх шиг, бөхчүүд энэ жил гавьтай амжилт гаргасан юм уу, ДАШТ, азийн наадмуудаас гуяа ганзгалаад л ирсэн биз дээ, үндэснийхэн нь допингийн бөөн хэрүүл

Avatar

Нэргүй 2023-12-25 122.201.25.83

CS2, PUBG 2 gants togloomuud ni bish shdee, DPC deer IHC bas sain amjilt uzuulsen, Lilgun M5d orson shdee hahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж