Тойм: Шинээр төрсөн иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.24-нд нийтлэгдсэн

Тойм: Шинээр төрсөн иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлнэ

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 


"ШИНЭЭР ТӨРСӨН ИРГЭДДЭЭ 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ, НОГДОЛ АШИГ ОЛГОНО"

УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.

Энэхүү тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа.

Нэгдэх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын  харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч болгодог байх асуудал шийдэгдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"MOON DANCE" ХАМТЛАГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

"Moon Dance" хамтлаг 2023 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Хамтлагаараа багийн спортоор ДАШТ-нд хоёр жил дараалан оролцож, медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүллээ.
"Moon Dance" бүжгийн клубийг 2009 онд үүсгэн байгуулж, клубийн дэргэд 2013 онд энэ хамтлагаа байгуулж байжээ.

Хамтлагийн уран бүтээлчид ДАШТ-нд есөн удаа оролцохдоо тэмцээнээс тэмцээний хооронд илүү туршлага хуримтлуулж, амжилтыг үзүүлээд байна. Энэ жилийн ДАШТ-ийг Хонгконгт зохион байгуулсан бол өнгөрсөн жилийн тэмцээнийг Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрсөн. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” зэрэг хамтлагууд оролцож байв.

Үүнээс стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болсон. Харин “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт удаалсан юм.


БАЯРЫН ШИРЭЭ ЗАСАХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 53.8 ХУВЬ ӨСЧЭЭ

Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны жилийн дундаж үетэй харьцуулахад 53.8 хувиар өсчээ. Улаанбаатар хотод 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг ҮСХ-ноос өнгөрсөн долоо хоногт /2023.12.15/ танилцуулсан. Энэ үеэр Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар статистик мэдээлэл танилцуулахдаа "Энэ оны арваннэгдүгээр сард инфляци 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурсан байна. Өмнөх жилийн эцсээс 7.5 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин дэх нөлөөллийг авч үзвэл 8.6 хувь гарсны 3.6 нэгж хувь нь ундаа, усны бараа, 0.9 нэгж нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.5 хувь нь эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний өсөлт голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний сагсанд 410 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судалдаг. Үүнээс 221 нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд нийт жингийн 46 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


УДШ-ЭЭР Б.МАХБАЛЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ТОВЛОЖЭЭ

Улсын дээд шүүхээр Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг ирэх Лхагва гаригт /2023.12.27/ хянан хэлэлцэхээр болжээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцсэн байдаг. Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтсон юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.12.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.  Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлох юм.

Шүүх хурлыг өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сарын 21 хийхээр товлосон боловч зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрийг гаргасан.

Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Намайг "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж,  дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж