“Номын санд тайван орчин бүрддэг”

Хуучирсан мэдээ: 2023.12.23-нд нийтлэгдсэн

“Номын санд тайван орчин бүрддэг”

“Номын санд тайван орчин бүрддэг”

Оройн 21.00 цагт Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн номын сангийн үүдэнд дугаарлах оюутнуудын дунд Б.Мөнгөнсудар, М.Үүрцайх нар ээлжээ хүлээцгэнэ.  Улирлын төгсгөлд шалгалт эхлэх үеэр МУИС-ийн номын сан оюутнуудыг хичээлээ хийж, шалгалтанд бэлдэх боломж нээж 24 цагаар ажилладаг. Дугаарлан зогссон оюутнууд үүдний ажилтанд бүртгүүлчхээд, ном, дэвтрээ гарган ширээнд сууцгаав.

Номын сан жиндүүхэн агаад хонох оюутнууд нэлээдгүй байлаа. Заалны буйдан, ширээ сандал оюутнуудад хүрэлцэхгүй байсанд хариуцагч ажилтан хажуугийн уншлагын тэнхимийн түлхүүр барьсаар ирэв. Ингээд хэсэг оюутнууд уншлагын тэнхимд орж хонож, хичээлээ хийхээр бэлдэцгээнэ.

НОМЫН САН ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ТУРШ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ, ОЮУТНУУДАА ХОНУУЛДАГ БОЛЧИХВОЛ ЯМАР ВЭ?

Энэ талаар оюутан Б. Мөнгөнсудар “Байнга хонуулаад байвал номын сангийн ажилчдын ачаалал илүү нэмэгдэхийн хажуугаар тог, усны мөнгөний зардал гээд сөрөг үр дагавартай. Тэрний оронд зөвхөн улирлын шалгалтын үеэр оюутнуудаа хонож хичээл хийх нөхцөл бүрдүүлж байгаа нь илүү оновчтой” гэсэн байр суурьтай байлаа.

МУИС-ийн номын сан 2023.12.20 21:04 минут
МУИС-ийн номын сан 2023.12.20 21:25 минут

21.30 минутын үеэр хариуцагч ажилтан захиалгат номуудыг тараалаа. Оюутнуудын ихэнх нь хичээлээ хийцгээн, зарим нь буйдан дээр сууцгаана. Хариуцагч эмэгтэй тогны ачаалал ихэдвэл тог тасарчхаад байгаа учраас болгоомжтой хандахыг анхааруулаад гадагшаа гарах хэрэг байвал 24 цагаас өмнө гарчхаад ирэх ёстойг санууллаа.

ОЮУТНУУД НОМЫН САНД ХОНОХООР ХИЧЭЭЛ ХИЙХЭД АНХААРАЛ САРНИХГҮЙ, ТУХТАЙ ОРЧИН

Шөнийн 12 цагийн үеэр номын сангийн харуул хаалгаа барилаа. Найзуудаараа хонож хичээлээ хийх байгаа оюутнуудын хувьд нойроо сэргээхийн тулд хөзөр тоглох, хоорондоо юм ярих зэргээр цагийг өнгөрүүлэх ч чанга дуу чимээ гаргахгүйг хичээх аж. Номын санд чимээ багатай. Оюутан М.Үүрцайхын хувьд “Үеийнхэнтэйгээ хамт хичээллэж, адилхан суралцаж байгаа учраас хэн хэндээ саад болохгүйгээр тайван орчин бүрддэг. Энэ нь суралцахад эерэгээр нөлөөлдөг” гэдгийг хэлж байв.

МУИС-ийн номын сан 2023.12.21 03:03 минут

 Шөнийн 3 цаг болоход ихэнх оюутнууд унтацгаажээ. Номын сангаас иогийн дасгалын гудсыг хонож буй оюутнуудад зориулан бэлдсэн байдаг нь тухтай унтахад тусалдаг.Харин энэ үеэр хоёр оюутан кофе ууцгаан зогсох бөгөөд тэдний нэг нь маргаашийн шалгалтандаа бэлдэж, нөгөө нь найзтайгаа хань болж байгаа аж. Найздаа хань болж байгаа оюутан шөнөжин кино үзэхээр төлөвлөсөн гэнэ.

СУРГУУЛИАС ХОЛ ГЭРТЭЙ ОЮУТНУУД ХОЦРОХГҮЙН ТУЛД НОМЫН САНД ХОНОХ ТОХИОЛДОЛ БИЙ 

Ширээн дээр ном дэвтэр, үзгийн сав, утас, компьютер, цэнэглэгч гээд идэх зүйлс хүртэл хөглөрнө. Зарим нэг нь ширээгээ дэрлээд унтчихжээ. Хариуцагч ажилтан үе үе “шалгалт” хийнэ. Харин номын санд "бага зэрэг хүйтэн байгаа нь хүндрэлтэй байна" гэдгийг хэсэг оюутан хэлж байлаа. Мөн шалгалтын үеэр хонох оюутан их учраас буйдан, ширээ сандлын хүрэлцээ дутмаг байдаг гэнэ. Өглөөний 07.00 цагт оюутнуудын ихэнх нь сэрчихсэн, хичээлээ хийх нь хийж, зарим нь кофе ууж, хэсэг охид нүүрээ будацгааж харагдана.

МУИС-ийн номын сан 2023.12.21 өглөөний 08 цаг

08.00 цаг болжээ. Номын сангийн ажилтнууд ирж, хичээлтэй оюутнууд гарч байлаа. Хариуцагч ажилтан захиалгын номуудыг хураан авах үед гаднаас ганц хоёр оюутан номын санд суухаар орж ирэв. Ингээд удалгүй номын сангийн үйл ажиллагаа өдрийн горимдоо шилжсэн юм. МУИС-ийн номын сангийн уншлагын танхим арванхоёрдугаар сарын 29 хүртэл 24 цагаар ажиллах юм байна.

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж