Улсын дээд шүүхээр Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг ирэх Лхагва гаригт /2023.12.27/ хянан хэлэлцэхээр болжээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцсэн байдаг. Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтсон юм.
Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР НЬ ТОЙМЛОВОЛ:
- 2018.8.09 Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд 21:00 цагийн орчимд ирсэн байдаг. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. Улмаар сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай гэрчүүд мэдээлсэн байдаг.
- 2018.11.15 ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул хэргийг прокурорт шилжүүлэв.
- 2019.01.18 Б.Махбалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдож, шүүх хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулав.
- 2019.01.25 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ.
- 2019.02.08 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон ч хойшилсныг шүүхээс мэдэгдсэн.
- 2019.02.27 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул хойшлогдов. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10:00 цагт товлогдсон билээ.
- 2019.03.18 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох шүүх хурал 10:00 цагт эхэлсэн ч гэрч дутуу шалтгаанаар дахин хойшлов. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч гурван хүн оролцсон тул шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлосон билээ.
- 2019.04.05 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч дахин хойшилсон. Шүүх хурал хойшлох шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ны 09:30 цагт товлосон билээ.
- 2019.04.29 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн ч дахин хойшлов. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгч нараасаа татгалзсан байдаг. Иймд шүүх хурлыг тавдугаар сарын 1-ны 11:00 цагт товлосон.
- 2019.05.17 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснээр дахин хойшилсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон билээ.
- 2019.12.06 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал найм дахь удаагаа хойшлов. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт товлогдсон байсан ч хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
- 2019.12.13 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 14:00 цагт эхэлсэн ч хэргийг прокурорт буцаасан билээ. Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
- 2020.04.01 Есөн удаа хойшилсон шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэлсэн ч дахин сунжирсан юм. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлосон.
- Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус, тус гаргасныг шүүх хурал хүлээн авсан юм.
- 2020.04.20 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
- 2020.05.08 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч 11 дэх удаагаа хойшилсныг шүүхээс мэдээлэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг энэ сарын 15 өдрийн 08:30 цагт товлоод байна.
Холбоотой мэдээ