Украинд энхтайвныг тогтоохыг уриалж буй Оросын улстөрч Екатерина Дунцова ирэх 2024 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргажээ. Тэрбээр ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд төрийн тэргүүн Владимир Путинтай өрсөлдөхөөр өчигдөр нэр дэвшигчийн бичиг баримтаа Сонгуулийн төв комисст өгсөн байна. Бүс нутгийн хууль тогтоогч Екатерина Дунцова хэлэхдээ, "Путинтай тэмцэж, энхтайванч, найрсаг, хүн бүртэй хүндэтгэх зарчмаар хамтран ажиллахад бэлэн "Хүмүүнлэг Орос" гэсэн үзэл санааг сурталчилна" гэв.
Түүний нэр дэвших хүсэлтийг бүртгэвэл бие даан сонгуульд өрсөлдөх гэнэ. Өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан Екатерина Дунцова сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд ОХУ-ын багадаа 40 бүс нутгаас 300 мянган хүний гарын үсгийг цуглуулах ёстой.
Энэ сарын эхээр ОХУ-ын парламент 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн товыг гуравдугаар сарын 17-нд товлосон нь Путиныг тав дахь удаагаа бүрэн эрхээ сунгахад нэг алхам ойртуулсан. Путин өнгөрсөн 24 жилийн турш засгийн эрх барьж байх хугацаандаа Оросын улс төрийн тогтолцоонд хатуу хяналт тавьж байгаа нь ирэх гуравдугаар сард дахин сонгогдохыг баталгаатай болгож байна. Түүнийг эсэргүүцэж чадах, нэр хүндтэй шүүмжлэгчид шоронд эсвэл гадаадад "цөлөгдсөн". Мөн ихэнх бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож, амыг нь барьсан.
Харин Екатерина Дунцова сонгогдвол ерөнхийлөгчийн анхны зарлигаар Оросын "улс төрийн хоригдлуудыг" суллахыг үүрэг болгоно гэжээ. Өмнөх мэдэгдэлдээ тэрбээр Путины гол дайсан, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальныйг суллахад бэлэн байгаагаа хэлж байв.
ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS
Холбоотой мэдээ