Энэ долоо хоногт хамгийн их борлуулагдсан уран зохиолын болон баримтат номуудаас хүргэж байна.
- Кофе хөрөхөөс өмнө
Зохиолч: Кавагүчи Тошиказү
Орчуулсан: Ц.Энх-Амгалан
Номын тухай: Жижигхэн кафе, цөөн тооны дүр гэдэг яг л театрын жүжиг шиг. Дүрүүдийн үйлдэл, нүүрний хувирал бүхнийг нүдэнд үзэгдэм нарийн дэлгэрэнгүй харуулахын сацуу кафед өрнөж буй үйл явдал, орж гарч буйг хүртэл хонхны жингэнээнээр мэдэгдэн үзэгдэл солигдох мэт илүү бодитой, илүү ойлгомжтой болгон өгчээ.
- Аянгат цагийн тууж
Зохиолч: Чинагийн Галсан
Номын тухай: Өвгөн тэмээчин Жанибекийн туулж өнгөрүүлсэн эгэл бус, амьдралын ээдрээтэй бөгөөд баяр гуниг хосолсон дүрээр хүний дотоод ертөнцийг маш тод томруун нээж харуулсан, хүний ой ухаанд хоногшихуйц зохиол юм.
- Алхимич
Зохиолч: Пауло Коэльо
Номын тухай: Андалузийн хоньчин хүү Сантъяго ам дамжин яригдсан нууцлаг эрдэнэсийг олох аялалд мордож буй тухай энэхүү зохиолд өгүүлдэг. Мөрөөдөл хүсэл нь түүнийг төсөөллөөс нь ч илүү баян болгоно гэдэгт тэр итгэж байлаа. Энэ аялал залуу хүүд зүрх сэтгэлээ сонсох, зөн совингоо дагахын үнэ цэнийг мэдрүүлж, өөрийгөө нээх, хамгийн чухал нь хүсэл мөрөөдлөө олоход нь тусалдаг.
- Сэтгүүлч ба алуурчин
Зохиолч: Жанет Малколм
Орчуулсан: Б.Шижир
Номын тухай: Хүн амины гэмт хэргээс сэдэвлэсэн зохиол хэдий ч харгис хэрцгий өрнөлтэй, айдас хүйдэст автуулам үйл явдлуудаар баяжуулаагүй юм. Зохиолч мэдээллийг тэнцвэртэй цуглуулж, үнэн мөнийг хайх явцдаа тулгарсан саад бэрхшээлийг сонирхолтой, егөөтэй өгүүлснээс гадна агуулгын хувьд шүүх ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, хүний мөн чанар, нийгмийн хандлага зэрэг өргөн цар хүрээг хамарчээ.
- Амьтны ферм
Зохиолч: Жорж Оруэлл
Орчуулсан: О.Тогоохүү
Номын тухай: Зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр аргацаан, хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзэн хүний эсрэг бослого гаргаж буй тухай ёгтлон өгүүлнэ.
- Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь
Зохиолч: Suwdaa Sherwood
Номын тухай: Өөрөө өөртөө туслах хувийн хөгжил дэвшлийн ном. Өнөөдөр өчигдрөөс илүү хүн байхын төлөө өдөр бүр хичээж, өөртөө зөв хөрөнгө оруулалтыг хийж чадвал өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж чадна гэдэг санааг өөрийн амьдралын бодит түүх, туршлага зэрэг дээр үндэслэн уншигчдадаа хүргэсэн.
- Гэдэс: Хүний биеийн хамгийн “шоовдор” эрхтний тухай өгүүлэхүй
Зохиолч: Жулиа Эндэрс
Орчуулсан: Т.Ариунсанаа
Номын тухай: “Гэдэс” ном хэвлэгдэж, олон улсын бестселлер болсноос хойш дэлхийд гэдэс, тархитай холбоотой маш олон судалгаа хийгдэж, сонирхолтой үр дүн гарч, шинэ шинэ нээлт ч хөвөрсөөр байна. Сэтгэл зүйд нөлөөлдөг, тэр бүү хэл сэтгэл гутрал гэх мэт өвчний эсрэг үйлчилж мэдэх гэдэсний бактериудыг судалдаг “психобиотик” гэх ойлголт цоо шинээр бий болжээ.
- Хүүхдээ ойлгох ном
Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл
Номын тухай: Хүмүүжил гэдэг үг номыг уншиж дуустал маш цөөхөн тааралдах болно. Энэ үгийг дангаар нь ашиглавал эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ захирч өөрчлөх гэж ойлгогдож мэдэхээр үг. Харин "ойлгох" гэдэг үгтэй нийлбэл хүүхдэд тэгш эрх нээгдэж байгаа юм.
- Ад үзэгдэх зориг
Зохиолч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ
Номын тухай: Өрнө дахинд үлэмж олон дагагчтай Адлерын сэтгэл судлал нь “Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ?” гэх асуултад туйлаас энгийн хэр нь маш тодорхой хариултыг дэлгэн үзүүлдэг.
- Хоол ба хэвшмэл төөрөгдлийн тайлал
Зохиолч: Цэдэвдамбын Наранчимэг
Номын тухай: Эрүүл хоолыг ялгаж танихад амаргүй болсон цаг үед бид амьдарч байна. Нэг хүн мах идэх нь муу гэж ярьж байхад нөгөө нь сайн гэх жишээтэй. Бүхэл үрийн гурил сайн л гэнэ, гэтэл бас муу л гэнэ. Энэ талаарх эргэлзээг та энэхүү номоос тайлах боломжтой.
Б.Нарангэрэл
Нэргүй 2023-12-22 43.242.242.59
Ч.Галсан юун казах хүний тухай ном бичсэн юм бол. Казахууд бас тэмээ малладаг болжээ. Казахууд Монголчуудад морь маллахыг зааж бас айраг хийхийг сургасан гэж ярьдаг гэсэн. Тийм юм болов уу.
Нэргүй 2023-12-22 66.181.182.124
Ч.Галсан мончоого буюу тува хүн,хэл нь бараг 50% монгол,50% хасаг үгнээс бүрддэг Жанибек тува нэр бөлгөө