УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэг нам, хувь хүнийхээс илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийн эхлэл болсон шийдвэр болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа яаралтай шинэчлэн хэлэлцэж, хөгжлийн том бодлого, төлөвлөлтөө шинэ шатанд гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдэд хандан уриалсан юм.
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж, хөгжлийн бодлогодоо тусгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бүсчлэл, бүсийн төвүүд, хөгжлийн голлох салбаруудын талаар гээд олон санаачилга, хувилбарууд яригдсан. Үе үеийн Засгийн газрууд уг асуудлыг хөндөж ирсэн ч, дийлэнх нь цаасан дээр л үлдсэн гэхэд хилсдэхгүй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол эдийн засгийн интеграцчилал, нутаг дэвсгэрийн хуваарилалт, тээвэр логистик гээд олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог эдийн засгийн цогц бодлого. Энэ ч утгаараа асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг судлаачид хэлсээр ирсэн.
Парламентад суудалтай улс төрийн намуудын дарга нар хэдхэн хоногийн өмнө УИХ-ын даргын өрөөнд зөвшилцөж, сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт үндэсний нийтлэг эрх, ашгийг дээдлэн парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, хөтөлбөрөөр өрсөлддөг намуудыг төлөвшүүлэх талаар туссан. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зэрэг эдийн засгийн агуулгууд багтжээ.
Эдгээрээс бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн төвүүдийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах асуудал нэн тэргүүнд яригдана. Дархан-Уул, Орхон, Хархорин зэрэг бүсийн 5 төвүүдийг улсын зэрэглэлтэй хотууд болгон хөгжүүлэх боломжтой. Ингэснээр олон асуудал, бухимдлын гол цэг болоод байгаа Улаанбаатар хотыг төвлөрөл, түгжрэл, бохирдлоос нь салгах ажилд бодитой нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Үндэсний аюулгүй байдлын үүднээсээ ч тэр орон нутгууд эзгүйрч нэг төвтэй “Улаанбаатар улс” болох эрсдэл бодитой нүүрлээд буйг УИХ-ын дарга хэлэх болсон. Иймд тэрбээр улс төрийн нам, хувь хүний явцуу эрх ашгаа хойш тавихыг УИХ-ын гишүүдэд хандан хатуу сануулав.
Б.БАТ
Холбоотой мэдээ