УИХ-ын өнөөдрийн/2023.12.22/ чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Бусад: Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
"Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр мөнгө тараах гэж байна"
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Энэ үнэхээр Үндсэн хуулийг зөрчсөн олон зохицуулалттай байна. Үндсэн хуульд заахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ноогдох эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн. Тэгэхээр ямар харилцаа энд орж ирээд байгаа юм бэ? Мөн хувьцааг эзэмшүүлнэ гэж ямар ойлголт вэ? Хувьцааг буцаагаад авчих юм уу? Өмчлөх биш юм үү? Өмч биш юм үү? Сонгуулийн өмнө дансан дээр бичилт хийдэг, мөнгө хийдэг завхралаас бид сургамж аваагүй байна ш дээ. Хэтрүүлэхэд залилан. Хуулиараа зохицуулна гээд байхад л ингээд байх юм. Энэ тогтоол дээр ямар ч зүйлт заалт алга. Улс төрийн шинжтэй л юм байна. Удахгүй хаврын чуулганаар ногдол ашиг өгнө гэнэ. 12 жилийн өмнөх түүхийг л давтана. Баялгийн сангийн тухай хууль орж ирэх ёстой. Баялгийн сан гэдэг зүгээр данс биш. Баялгийн сан бол менежмент хийх ёстой, ирээдүйд өвөө ашиглаж, иргэд өгөөжөө авах ёстой. Энэ бүх харилцаа алга. Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр мөнгө тараах гэж байна. Энэ компани үнэндээ ногдол ашиг олгох хэмжээний ч биш. Өртэй, алдагдалтай байна л гэж байна. Урьдчилгаа авч л мөнгө тараана. Ямарваа нэгэн үзэл санаагүй тогтоолын төсөл орж ирж байна.
Ажлын хэсэг:
-Эзэмшил нь өмчлөлөөс ялгаатай. Эзэмшилтэй байлгаж үр ашгийг нь хүртэх замаар эзэмшлийг хэрэгжүүлдэг. Өмчлөл нь захиран зарцуулах эрхтэй байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-"Эрдэнэс Тавантолгой"-н асуудал чухал. Экспортын орлогын 60-70 хувийг эзэлж байна. Манай валютын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв бид 2015, 16 онд "Эрдэнэс Тавантолгой"-н 49 хувийг Шэнхуад хувьчилсан бол тал нь байхгүй болно гэсэн үг. Эргэж энэ түүхээ харах хэрэгтэй. Эхнийх дээр З.Энхболд аварч үлдсэн. Дараагийнх нь манай намын бүлэг хоёр хүний саналын илүүтэйгээр харьд очоогүй. Бид нар тухайн үед хувьчилсан бол төсвөө хоёр дахин нэмж, цалин тэтгэвэр нэмэх боломжгүй л байлаа. Үүнийг хувьчилж болохгүй. Харин иргэддээ хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Хаалттай, арилждаггүй, зөвхөн ногдол ашиг өгдөг байх л хэрэгтэй. Орлого багатай иргэд явцдаа хувьцаагаа зараад байвал энэ стратегийн орд хэнд ч очиж болно. Манайд бизнесийн орчин муу. Зах зээл муу байгааг харуулж байна. Иймд төрийн зохицуулалт ордог.
"Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 27 гэрээг 1 гэрээ болгон бууруулсан"
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Энэ компанийн түүхийг сайн нягталж, яримаар байна. Ард түмэнд чихэр долоолгосоор байгаад өдий хүрлээ. 1072 хувьцаатай иргэд энэ компанийн асуудалд оролцдоггүй. Энэ компани төрийн өмч дээр ямар их хулгай байдгийг үлгэр жишээ харуулсан. Яаж нууцаар гэрээ байгуулж, хулгай хийдгийг харуулсан. Харамсалтай нь сонсгол нь арай өөр тийш явж байна. Ард түмэндээ үнэнийг хэлье. "Эрдэнэс Тавантолгой" нийтдээ хэдэн их наядын оффтэйк гэрээ байгуулсан бэ? Хэдээс хэдэн онд хийгдсэн бэ? Өнөөдрийн Засгийн газар хийсэн үү? Энэ компани хэдэн төгрөгний өртэй юм бэ? Үүнийг тодорхой болгъё. Ард иргэд хувьцаа авч байна гэж баярлаад байвч цаанаа өр авчих вий дээ. 34 хувь гэдэг бол ард түмэнд хангалтгүй. Дор хаяж 49 хувь авмаар байна. Иргэдийг төлөөлж ТУЗ-д хэн байна вэ? Тэд ямар шийдвэр гаргасан бэ? Энэ жил ашигтай гарсан ухааны юм ярих гээд байна. Үнэхээр ашигтай ажиллаж чадсан уу? Сонгуулийн өмнөх шоуны хэсэг болгомооргүй байна шүү. Иргэдийн мэдээлэл, санхүү дутмаг байгааг ашиглаж хэдэн төгрөг тараагаад санал худалдаж авдаг компани болгомооргүй байна.
Ажлын хэсэг:
-"Эрдэнэс Тавантолгой" компани дээр оффтэйк гэрээ Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 27 гэрээ байсан, Богдхан төмөр замтай холбоотой 9 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газар тосны үйлдвэртэй холбоотой 1 гэрээ гээд нийт дөрвөн төсөлтэй холбоотой 38 гэрээ байсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 27 гэрээг 1 гэрээ болгон бууруулсан. Одоо нийтдээ гурван гэрээ л үлдсэн. Богдхаан төмөр замтай холбоотой гэрээг бүрэн зогсоосон. Гашуунсухайтын төмөр замын үлдсэн нэг гэрээний хугацаа 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусна. Шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй. Компанийн ашгийн санхүүгийн үзүүлэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.3 их наядын ашигтай ажиллажээ. 2023 оны гуравдугаар улирал 2.7 их наядын ашигтай байжээ. Ирэх оны хоёрдугаар сард аудит ороод энэ тоо эцэслэгдэнэ. Өр төлбөрийн хувьд нийтдээ 4.3 их наядын өр байснаас 1 гаруй их наяд төгрөгөөр бууруулсан. Урьдчилж мөнгийг нь аваад дараа нь нүүрсийг нь ачуулдаг байсан 603 сая ам.долларын төлбөрийг 2023 оны есдүгээр сард бүрэн дуусгасан.
"Ногдол ашгийн асуудал 2024 онд шийдэгдэж, олгогдоно гэж ойлгох хэрэгтэй"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн нэг чухал заалт амилах гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уул уурхайн үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш хүртээнэ гэсэн. Тиймээс бидэнд Баялгийн сангийн тухай хууль зайлшгүй шаардлагатай. Энэ сангаараа иргэддээ үр шим хүртээж, ирээдүй хойчдоо өвлүүлэх, улс орны томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн хуулийг хэзээ оруулж ирэх вэ?
Хоёрдугаарт, тогтоол батлагдвал 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшинэ. Мөн өмнө нь хувьцаагаа зарсан хүмүүс нэрлэсэн үнээр хувьцаа авах боломжтой болно. Гуравдугаарт, хувьцааны ногдол ашгийг авдаг болно. Ногдол ашигт нэг хүнд хичнээн төгрөг ногдох вэ?
Ажлын хэсэг:
-Баялгийн сангийн хуулийн төсөл ер нь эцэслэгдсэн. Засгийн газраас ажлын хэсэг гаргасан. Холбогдох яамд, байгууллагууд, хууль, гадны экспертүүд орсон. Ойрын хугацаанд кабинетын түвшинд санал нэгдээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барина гэсэн хүлээлттэй байна. Энэ хуульд нийт иргэдэд тэгш шударга хуваарилах агуулга нь Үндсэн хуулинд зааснаар орж байгаа. Гэхдээ аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалыг дэмжих, үндсэн хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулах боломжийг хангана. Ногдол ашгийн хувьд Компанийн тухай хуульд тодорхой заасан. Компанийн удирдлагууд жилийн эцэст аудитын тайлан балансын дараа хичнээн төгрөг хуваарилахыг шийднэ. Энэ оны УИХ-ын наймдугаар тогтоол дээр 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон хувьцаагаа зарсан хүмүүс буцаж хувьцаагаа авах хүсэлт гаргаж байгаа. Үүн дээр гол агуулга нь байгаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Тогтоолын төслийг дэмжиж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ер нь сүүлийн үед сайн ажиллаж, ашиг орлого нь нэмэгдэж байгаа. Үйл ажиллагаа нь ч ил тод болж байгаа. Иргэдэд хувьцаа өгөх нь хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэж байна. Хоёрдугаарт, хяналт тавих ёстой. 27 хүртэлх хувийг иргэдэд эзэмшлүүлж байгаа. Тэр хэмжээгээрээ иргэдийн төлөөлөл ТУЗ-д байх ёстой. Одоо ТУЗ-д иргэдийн төлөөлөл гэж хэдэн хүн байна вэ?Хоёрдугаарт, хишиг хүртэе гэж иргэд байнга ярьж байна. Тэгвэл хэзээ олгох юм бэ? Гуравдугаарт, 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг ерөнхий сайд иргэдэд хувьцаа олгосон. Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хувьцаа хэвээрээ байна уу эсвэл хувьцаагаа зараад хувьцаагүй байна уу?
Шадар сайд С.Амарсайхан:
-Нүүрсний экспорт, тайлан, тээвэрлэлттэй холбоотой авах зарим арга хэмжээг Засгийн газарт даалгасан. Үүний хүрээнд 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж танилцуулах, 1072 хувьцаатай холбоотой тайлан танилцуулах ажлыг даалгасан. Өнөөдөр 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн хувьцаа эзэмшиж байна. Гэтэл 1 орчим сая хүн хувьцаа эзэмшээгүй байна. Эдгээр иргэдэд болон цаашид төрөх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тухай асуудлыг шийдвэрлэж байна. Ногдол ашгийн асуудал 2023 онд үндсэндээ бэлтгэл ажил нь хангагдаж, 2024 онд шийдэгдэж, олгогдоно гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, "Тавантолгой" компанийн 34 хувийг цаашид Монгол Улсын иргэн бүр эзэмших боломж, нөхцлийг олгох чиглэлд ажиллахаар тогтоол орж байна. Баялгийн сангийн тухай хууль удаан судлагдсан. Удахгүй УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлнэ.
"Томсгосон тойрог дээр хүч, мөнгөө нэгтгээд шударга бус юм хийв"
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Өнөөдөр хамгийн урт шөнө тохионо. Өчигдөр та хэд ярьж байгаад сонгуулийн тойргоо томсгоод баталчих шиг боллоо. Бүс нутгаа бодож байна уу, ялахаа бодсон уу. Би тэр тухай ярихгүй. Гурван зүйлийг л хэлье. Нэгдүгээрт, шударга явуулмаар байна. Хар машинаар тоолмооргүй байна. Гэхдээ техник ашигламаар байна. Тэр нь камер ашиглаад гадна байгаа хүмүүс давхар тоолохоор хоншоортой юм хийж болох уу? Намууд сонгуулиа шударга явуулмаар байна. Хоёрдугаарт мөнгө. Та нарын мөнгө томсгосон тойрог дээр нийлвэл дийлдэхгүй дээ. Тиймээс 200 хүн хүртэлх нэг ухуулагч ажилдаг байдлыг хасаад өгөөч. Маш их мөнгө гардаг. 200 хүртэлх сонгогчид нэг ухуулга гаргахаар сая доллар гардаг. Энийг хасаад өгөөч. Мөнгөтэй хүний эсрэг мөнгөгүй хүн үзнэ гэдэг тогтворгүй тулаан. Нүүрсний мөнгө гээд та нар нуугаад л байгаа. Сурталчилгааны материал хэвлүүлэхээс эхлээд хязгаарлалт тавимаар байна. Сумын төвд нэг самбар тавихад л хангалттай. Сонгуулиар зардал гаргахаар сонгогдоод хусдаг л систем яваад байна. Гуравдугаарт, залууст боломж олгомоор байна. Атамандаад, төрөөс мөнгө хусмааргүй байна. Төгсгөлд нь хэлэхэд Монголын нийгэмд үг хэлдэг хүмүүсийг хавчиж, шоронжуулж, дээрэлхэхээ болимоор байна. Үг хэлэх эрх чөлөөний төлөө би үхэн үхтлээ тэмцэнэ гэж гарч ирсэн. Мөнх-Эрдэнийг гаргаач. Магадлангийн хугацаа дуусахаас нь өмнө зөрчил гаргасан болгоод байна. Та нар 65-уулаа байгаа ш дээ. Шударга юм хэлсэн хүнийг шоронд хийхээ боль. Өнөрцэцэгийг гаргаач. Та нар удахгүй бүгд шоронд орно. Хүн байвал хэрэг нь олдоно гэдэг. Би өөрөө 5-6 жил шалгагдаж байсан. Ямар ч хэргийг тохдог. Үүнийгээ боль. Би ийм нийгмийн төлөө яваагүй. Томсгосон тойрог дээр хүч, мөнгөө нэгтгээд шударга бус юм хийв.
Холбоотой мэдээ